“Усны ашиглалт хэрэглээг тоолууржуулах хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын зөвлөгөөн өчигдөр боллоо. Барилга, хот байгуулалтын яам, Монголын барилгачдын холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ зохицуулах зөвлөл, “Дэд бүтэц инженеринг” компани, ОХУ-ын “Арзамасский приборостроительный завод имени П.И.Пландина” тоолуурын үйлдвэр хамтран зохион байгуулсан хуралд усны салбарын 150 гаруй мэргэжилтэн оролцож, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв.
2020 он гэхэд дэлхийн хүн амын 47 хувь нь цэвэр усны хомсдолд орно гэсэн Олон улсын байгууллагуудын тооцоо бий. Тийм ч учраас ундны усны зүй зохистой хэрэглээ бий болгож, олон улсад ашиглаж буй шинэ технологи, ус хэмжигч хэрэгслүүдийг нэвтрүүлэн, гүний ус ашигладаг томоохон байгууллагуудын нөөц, хэрэглээнд хяналт шинжилгээ хийх зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2010 онд “Ус” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд цөөнгүй ажил хийсний нэг нь айл өрх, албан байгууллагуудыг тоолууржуулах байв.
Тэгвэл энэ хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагуудын 96.9, айл өрхийн 78.4 хувийг нь тоолууртай болгож, хөтөлбөрийн хэрэгжилтийг 67.4 хувь биелүүлжээ. Мэргэжилтнүүд хөтөлбөрийн хэрэгжилтэд онц дүн тавиад цаашид барилга, нийтийн аж ахуйн салбартай уялдаатай ажиллаж, ус ашиглалт, хэмжилтийн үйл ажиллагаанд анхаарах хэрэгтэйг онцолжээ. Мөн зөвлөгөөний үеэр ОХУ-ын АПЗ үйлдвэрийн ус хэмжигч шинэ технологийг танилцуулсан байна.