Дэлхийн хүүхдийн өдөр маргааш тохионо. Уг өдөрт зориулан НҮБ-ын Хүүхдийн сангаас хандивын гала арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Хүүхдийн хөгжлийн хамгийн чухал үе нь бага нас. Ялангуяа сургуулийн өмнөх боловсрол маш чухал гэдгийг шинжлэх ухаанаар хэдийн нотолсон байдаг. Тиймээс сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулах, ялангуяа багш нарыг шаардлагатай техник хэрэгслээр хангах нь хандивын арга хэмжээний зорилго юм байна. Тодруулбал, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих “Сургалтын ухаалаг багц” санаачилгын санхүүжилтийг хандиваар бүрдүүлэхээр төлөвлөжээ.
НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын яам хамтран сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад “Таблеттай багш” санаачилгыг сүүлийн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн. “Сургалтын ухаалаг багц” төсөл нь уг санаачилгын үргэлжлэл болох аж. Уг санаачилгад одоогоор 11 аймаг нэгдэж, алслагдсан бүс нутгийн 260 гаруй багш, 5000 гаруй хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч хамрагдаж буй гэнэ.
Ташрамд дурдахад, 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцыг баталжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-ныг Дэлхийн хүүхдийн өдөр болгох санаачилгыг дээрх байгууллагаас 2017 онд гаргасан байна. Одоогоор 130 гаруй улс тус конвенцод нэгдээд байгаа аж.