Дэлхийн цагаан таягтны буюу Хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг өчигдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Манай улс эл өдрийн хүрээнд II, III шатлалын эмнэлгүүдэд хараа зүйн үзлэг, оношилгоо хийж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг иргэдэд өгсөн юм. Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажиллаж, амьдрах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, барилга, байгууламж, зам талбайн хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллаж буйгаа илэрхийлэв. Үүний хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байгаа аж.
Улсын хэмжээнд 111.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 12 053 нь харааны бэршээлтэй гэж салбарын яамнаас мэдээлсэн. Тэдний 30 орчим хувь нь Улаанбаатар хотын харьяалалтай, 2048 нь ажил хөдөлмөр эрхэлдэг гэв. Тиймээс цаашид орчны болон нийгмийн хандлагыг сайжруулж, оролцоог нэмэгдүүлэх, сурч боловсрох, хөдөлмөрлөх эрхийг нь хангана гэж албаныхан хэллээ.
О.ОРГИЛОХ