Дэлхийн гаалийн байгууллагаас “Уламжлалаас дэвшилтэт технологи руу” бүс нутгийн хоёр дахь удаагийн хурлаа Индонезийн Жакарта хотод зохион байгуулав. Ази, Номхон далайн бүсийн 20 гаруй улс орныг хамруулсан тус хуралд манай ГЕГ-ын Мэдээллийн технологийн газрынхан оролцож, “Монгол Улсын гаалийн үйл ажиллагаанд дата аналитик болон хиймэл оюун ухааныг ашиглах нь” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлжээ. Оролцогч улс орнууд гаалийн үйлчилгээнд хиймэл оюун ухаан (AI), их өгөгдөл, өгөгдлийн аналитик, зүйлсийн интернэт, блокчэйн зэрэг технологийн хэрэглээг өргөн нэвтрүүлж буйгаа танилцуулсан байна. Эдгээр дэвшилтэт технологитой холбоотой бизнесийн хүрээг тэлэх, зохицуулах хууль, эрх зүйн шаардлага ч улс орнуудад үүссэн талаар дурдав.
Манай мэргэжилтнүүд дээрх хуралд Монгол Улсын гаалийн байгууллага 1992 оноос үйл ажиллагаагаа автоматжуулж, ухаалаг гарц, цаасгүй бүрдүүлэлт, дата аналитик, өгөгдлийн сангийн дэд бүтцийн хэрэглээ зэргийг нэвтрүүлснээ онцолсон аж. Гэсэн ч бусад хөгжиж буй улс орны адил AI, үүлэн тооцоолол, блокчэйн зэрэг шинэ технологийг гаалийн үйлчилгээнд хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлээ хэлэлцүүлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлжээ.
О.ОРГИЛОХ