“Милтон” хар салхи АНУ-ын өмнөд хэсэгт орших Флорида мужийг өнгөрсөн пүрэв гарагт дайран өнгөрчээ. “Reuters” агентлагийнхны мэдээлснээр “Милтон” хар салхины нөлөөгөөр тус мужид амьдардаг 17 хүн амиа алдан, олон барилга байшин эвдэрч, гурван сая гаруй өрх цахилгаангүй болсон гэнэ.
Хар салхи орон нутгийн цагаар лхагва гаргийн орой Сарасота тойргийн Сиеста-Ки арлыг дайран өнгөрөхөд салхины хурд цагт 205 км-т хүрч ширүүссэн аж. Флоридагийн баруун эрэгт оршдог Сент-Питерсберг хотод 41 см хур тунадас унасан нь аравдугаар сарын дунджаас найм дахин их байсныг мэргэжилтнүүд онцолж байв. Онцгой байдлын албаныхны мэдээлснээр 125 байшин сүйдсэний ихэнх нь зөөврийн сууц байжээ. Түүнчлэн Флоридаг өнгөрсөн есдүгээр сарын 27-нд “Хелен” хар салхи дайрч, 230 гаруй хүн амиа алдсан тохиолдол гарч байв.
Флорида муж нь нам дор газар оршдог бөгөөд хар салхи, далайн түвшний өсөлтөд өртөмтгий гэнэ. АНУ-ын хамгийн эрсдэлтэй 80 бүсийн 78 нь Флоридад байдаг аж.
У.Сүрэн