УДЭТ-ийн тайзнаа 2011 онд анх амилуулж байсан “Тэнгэрийн хүү” жүжгийг шинэ жүжигчдийн бүрэлдэхүүн, шинэтгэсэн найруулгаар маргаашаас дахин үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
Тус театрын уран бүтээлчид жүжгийн талаар өчигдөр мэдээлэл өглөө. Монгол язгуурын төрт улс болох “Хүннү” гүрний хаан Модун шаньюйгийн түүхийг Б.Цогнэмэхийн зохиол, Н.Наранбаатарын найруулгаар үзүүлэх юм. Жүжгийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар мэдээллийн эхэнд “Эх орон, газар шорооны тухай бүтээл болох “Тэнгэрийн хүү” жүжгээрээ нийгэмд дуугарах цаг нь болсон байна” хэмээн эл жүжгийг дахин хүргэх болсон шалтгаанаа тайлбарласан.
Энэхүү жүжгийг үзэгчдийн хүртээл болгож эхэлснээс хойш Монгол төрийн ёсолгооноос эхлээд үндэсний хувцасны соёлд нөлөөлж, үзэгчдийн үндэсний ухамсар сэргэхэд онцгой хувь нэмэр оруулсан гэж үздэг. Мөн "Тэнгэрийн хүү" жүжиг анх үзэгчдийн хүртээл болсноос хойш 13 жилийн хугацаанд Монголын анхны төрт улс болох Хүннүгийн түүх, археологийн судалгаанд олон чухал нээлт хийсэн юм. Үүнээс улбаалан Морин хуур хөгжмийн үүсэл хөгжил, Нүүдэлчдийн төрт улс хэрхэн үүссэн, Нүүдэлчдийн байгуулсан Эзэнт гүрний дотроос анхны бөгөөд хамгийн удаан хугацаанд оршин тогтносон гүрэн болох Хүннүгийн түүхийн талаарх үзэгч олон нийтийн мэдлэг, ойлголт сайжран, шинэ үеийн үзэгчдэд энэ цаг үеийн тухай түүхэн бүтээлийг үзэн сонордох хэрэгцээ нэмэгдсээр буй нь жүжгийг сэргээн тавих гол шалтгаан болж байна.
Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан бүтээж байсан энэхүү жүжиг тухайн ондоо “Гэгээн Муза” наадмын гранпри хүртэж, “Мөнгөн мод”-ны эзэн болж байв.
Жүжигт Модун шаньюйгийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр бүтээнэ. Түүнчлэн М.Түвшинхүү, Ж.Оюундарь, О.Гэрэлсүх, Ж.Пүрэвдорж, Т.Сэргэлэн, Т.Хулан, А.Номин-Эрдэнэ, И.Дашнамжил, Ц.Цэлмэг нар эл жүжгээр ирэх өдрүүдэд үзэгчидтэйгээ уулзах юм.
Жүжгийн талаар хэн юу хэлэв:
УГЗ, найруулагч На. Болд: Чи Монгол нутагтаа хайртай бол, Монголоороо омогшдог бол "Тэнгэрийн хүү" жүжгийг заавал үзээрэй.
Найруулагч Р.Батсайхан: Өвөг дээдсээс уламжилж ирсэн газар шороо ямар үнэ цэнтэй вэ гэдгийг дахин дахин мэдрүүлсэн, ойлгуулсан бүтээл болжээ