УИХ-ын гишүүнээр 2004-2008 онд ажиллаж байсан, “Симба” хэмээх нэрээр нь зарим хүн мэдэх Ц.Батааг өнгөрсөн оны наймдугаар сард барьцаалж, машиныг нь хулгайлан, их хэмжээний мөнгийг нь дээрэмдсэн хэрэг гарсан. Эл хэргийг “Сэлэнгийн” хэмээх нэрээр нь зарим хүн мэддэг, өмнө нь нэг бус удаа эрүүгийн хэрэгт холбогдон, ял шийтгүүлж байсан У.Баатаржав зохион байгуулж, Н.Наранбаатар, М.Отгонсүх нарын хамт гэрт нь орж, биед нь халдан барьцаалж, “Ланд круйзер” машинд нь суулган авч явж Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Хүннү палас” зочид буудлын нэгэн өрөөнд цөөнгүй хоног хорьсон байдаг. Улмаар 98.5 сая төгрөг дээрэмдсэн нь цагдаагийн байгууллагаас явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон. ЭЦА-нд шалгасан эл хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 2, 3-нд хэлэлцэн шийдвэрлэлээ. НПГ-аас У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нарт Эрүүгийн хуулийн 13.2-2.3, 13.4-4.1, 13.6-2, 17.2-3.3 дахь хэсгийн хүн хулгайлах, хүчээр алга болгох, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон өнгөрсөн өвөл шүүхэд шилжүүлээд байсан юм. Мөн У.Баатаржавт дээрх зүйл заалтаас гадна их хэмжээний хуурамч ам.доллар хадгалж байсан үйлдэлд нь эл хуулийн 18.7-гийн “Мөнгөн тэмдэгт үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэж ашигласан”, 20.4-ийн “Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмшсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Шүүх тэдний хэргийг хэлэлцэхээр удаа дараа зарласан боловч шүүгдэгчдийн өмгөөлөгч нар элдэв аргаар хойшлуулсаар ирсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уржигдар 09.30 цагт У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр товлоод байсан боловч тэдний өмгөөлөгч нар шүүгч, шүүхээс татгалзсанаар цагтаа эхлээгүй. Тус шүүхийн нийт шүүгч нар зөвлөлдөөд шүүгдэгчдийн өмгөөлөгч нарыг хүсэлтийг хангахаас татгалзсанаар хурал 13.30 цагийн үед эхэлсэн юм. Ингээд өчигдөр үдээс өмнө шүүх хурлыг үргэлжлүүлж, шүүгч М.Очбадрах үдийн үед шийдвэрээ танилцуулсан. Шүүхээс шүүгдэгч У.Баатаржав нарын хэргийг хянан хэлэлцээд түүний гэртээ хадгалж байсан хуурамч ам.доллартой холбоотой үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Харин У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нарыг хүн хулгайлсан, бусдын орон байрт хууль бусаар нэвтэрсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, эд хөрөнгө дээрэмдсэн, галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн гэм буруутайд тооцжээ. Улмаар У.Баатаржавд дөрвөн жил долоон сарын хугацаагаар хорих, 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Шүүгдэгч Н.Наранбаатарт дөрвөн жил нэг сар, М.Отгонсүхэд дөрвөн жил хоёр сар хорих ял шийтгэж, тус бүрийг нь дээрх хэмжээний төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ.