Улс орны удирдагчид огцорсныхоо дараа хэрхэн амьдарч, юунд цаг заваа зарцуулдаг бол?
Том улс төрийг бүтээж байсан тэдний зарим нь энгийн хүмүүсийн дунд ууссан бол зарим нь тансаг амьдралын хэв маягийг үргэлжлүүлж, зарим нь улс орны хувь заяаг хөшигний цаанаас удирдсан хэвээр бол зарим нэг нь шүүхийн ял сонсож, шоронд хоригдсон байдаг.
Хамгийн их сонирхол татсан төрийн тэргүүн асан бол Ираны ерөнхийлөгч байсан Махмуд Ахмадинежад.
Тэрбээр тус улсыг 2005-2013 онд удирдаж байв. Махмуд Ахмадинежад албанаасаа буусныхаа дараа хонь хариулж, гудамж талбай шүүрдэж байсан нь тогтоогджээ. Үүнийхээ хажуугаар тэрбээр их сургуульд лекц уншсан орлогоороо /сард 250$/ амьдардаг гэнэ.
Ахмадинежад засгийн эрх барьж байхдаа ч маш даруухан нэгэн байж. Ажилдаа нийтийн тээврээр явж, эхнэрийнхээ бэлдсэн өдрийн хоолыг иддэг, ерөнхийлөгчийн албанд анх орохдоо тэнд өлгөөтэй үнэтэй Перс хивснүүдийг Тегераны сүмүүдийн нэгэнд өгч, энгийн хямд хивсээр сольсон нь олныг гайхшруулсан байдаг.
Түүний өмчийн мэдүүлэгт Peugeot 504 маркийн автомашин, 1970 онд эцгээсээ өвлөн авсан Тегеран хотын хамгийн ядуу дүүрэгт орших нэгэн жижиг байшин хоёр л оржээ.
Тэрбээр албан тушаалаасаа буусныхаа дараа Ерөнхийлөгчийн тэтгэвэр авахаас татгалзсаныгаа тэтгэврийн төлөө бус, ард түмнийхээ сайн сайхны төлөө ажилласан гэж тайлбарлажээ.
Өдгөө Ахмадинежад шинжлэх ухааны ажил эрхэлж, их сургуульд лекц уншсан орлогоороо /сард 250$/ амьдардаг гэнэ.
АНУ-д ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа төрийн тэргүүн асан хүн яаж амьжиргаагаа залгуулах талаар толгойгоо гашилгах шаардлагагүй. Тэрээр төрийн нэгдүгээр зэрэглэлийн албан тушаалтны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэвэр авах эрхтэй. Мөн аюулгүй байдал, цэргийн эмнэлэгт үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэх, тэр байтугай нас барахад нь оршуулгын зардлыг улс нь даадаг. Улс мөн туслах ажилтнууд, тээвэр, шуудан болон бусад хэрэгцээ, тэр дундаа хоол хүнсээр хангадаг.
Ерөнхийлөгч байсан хүмүүс үе үе илтгэл тавьж, олон нийтийн өмнө гарч ирэх нь ердийн зүйл юм. Гэхдээ энэ нь зохион байгуулагчдад маш өндөр тусдаг. Тухайлбал, 2017 онд “Лos Angeles Times” сонины мэдээлснээр, Ерөнхийлөгч асан Барак Обамагийн арга хэмжээнд хэлэх үг 400 мянган ам.долларт хүрсэн бол Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жорж Буш нарын үг 200,000-700,000 хүртэл ам.долларт хүрчээ.
Ерөнхийлөгч асан хүмүүс ихэвчлэн ном бичдэг бөгөөд хэвлэлийн газрууд ерөнхийлөгчийн дурсамжийн эрхийн төлөө сайн мөнгө төлдөг. 2017 онд Барак, Мишель Обама нар Penguin Random House-тай 60 гаруй сая долларын үнэ бүхий номын гэрээ байгуулжээ. Энэ нь өмнөх төрийн тэргүүнүүдийн хувьд дээд амжилт юм.
2007-2012 онуудад Францын төрийн тэргүүн байсан Николя Саркози хуульчийн мэргэжлээрээ ажиллаж байна. Тэрбээр дахин улс төрийн амьдралд оролцохгүй гэдгээ хэлсэн хэдий ч 2016 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж байсан. Саркози мөн "Шуурганы цаг үе" дурсамж номоо хэвлүүлсэн байна.
Украины Ерөнхийлөгч асан Виктор Ющенко 2010 онд суудлаа орхисныхоо дараа Киевийн ойролцоох Новые Безрадичи тосгон дахь харшид суурьшжээ. Түүний эдлэн газарт зөгийн аж ахуй, тээрэм, ферм, жижиг музей байдаг аж. 2015 онд Ющенко Украины зөгийчдийн төлөөлөгчдийг тэргүүлж Польш руу зөгий сонирхогчдын чуулганд оролцжээ.
Тейн Сейн 2011-2016 онд Мьянмарын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бөгөөд ажлаа өгснөөс хэдхэн хоногийн дараа Буддын шашны лам болсон тухай “The Guardian” мэдээлсэн байдаг. Генерал, төрийн тэргүүн асан үсээ хусаж, буддын шашинтнуудын уламжлалт хувцас болох кашаяа өмсөн хийдэд тав хоног бясалгал хийснээр эхэлжээ.
Тейн Сейны ламын нэр нь Танди Дам гэдэг аж. Мьянмарт эрчүүд сүм хийдэд сууж, хэсэг хугацаанд оюун санааны бясалгалд өөрийгөө зориулдаг уламжлал түгээмэл байдаг. Тус улсын эрэгтэй хүн бүр
Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе Мухикаг "Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч" гэж нэрлэдэг байсан. Эртний партизан, цэргийн дарангуйллын эсрэг тэмцэгч Мухика Уругвай улсын төрийн тэргүүн байхдаа 2000 долларын үнэтэй 1987 оны “Volkswagen Beetle” машинаа унаж, цалингийнхаа ихэнхийг буяны үйлс зориулж, ерөнхийлөгчийн харшид амьдрахаас татгалзан хуучин нэг фермдээ гэрийн үйлчлэгчгүй, төрийн ажлаасаа чөлөөт цагаараа эхнэрийнхээ хамт цэцэг, ногоо тарьдаг байжээ. Төрийн албанаас буусны дараа Хосе Мухикагийн энэхүү даруу амьдрал огт өөрчлөгдөөгүй байна.
Шимон Пересийн улс төрийн карьер 70 гаруй жил үргэлжилсэн. Тэрээр 2007-2014 онд Израилийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2013 оны нэгдүгээр сараас эхлэн манай гарагийн хамгийн ахмад идэвхтэй төрийн тэргүүнээр тодорчээ. Перес нас барсныхаа дараа эрхтний донор болох хүсэлтэй байжээ. 2016 оны есдүгээр сард улстөрч цус харваж, хоёр долоо хоногийн дараа нас барсан бөгөөд өөрийнх нь гэрээслэлийн дагуу түүний нүдний эвэрлэгийг шаардлагатай өвчтөнүүдэд шилжүүлэн суулгажээ
Италийн Засгийн эрхийг алдсаныхаа дараа Сильвия Берлускони дахин Ерөнхий сайд болох оролдлогыг хийхийн зэрэгцээ шүүхийн хаалга тасралтгүй татсаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.
Түүний төрийн тэргүүний дараах амьдрал өмнөх шиг нь хэл ам, адал явдал хайр дурлалаар дүүрэн өнгөрсөн байна.
Тэрбээр Ерөнхий сайд болохоосоо өмнө хоёр удаа гэрлэсэн бөгөөд сүүлийнхээ эхнэрээс 2014 онд албан есоор салжээ. Тэр жилдээ 28 настай загвар өмсөгч бүсгүйтэй хуримаа хийхээр төлөвлөж байсан ч хурим болоогүй бөгөөд 2022 оны 3-р сарын 21-нд Ерөнхий сайд асан 86 насандаа Марта Фашина гэдэг бүсгүйтэй бэлгэдлийн хуримаа хийжээ.
Берлускони хөрөнгө шамшигдуулсан, татвараас зайлсхийсэн, хуурамч санхүүгийн тайлан гаргаж, шүүгчид авлига өгөхийг завдсан, насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд орсон зэрэг янз бүрийн хэрэгт 60-аас доошгүй удаа сэжигтнээр татагджээ
Зарим тохиолдолд хэрэг нь шүүхэд шилжсэн ч Берлускони буруугүй болж, эсвэл давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. Заримынх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шүүгчид шийдвэр гаргах боломжгүй байсан ч 2013 онд түүний аз нь харьж татвараас зайлсхийсэн гэм буруутай нь тогтоогдож, дөрвөн жил шоронд хорих шийдвэр гарч, Сенатаас хөөгджээ. Түүний насыг харгалзан хорих ялыг нэг жилийн хугацаанд олон нийтийн ажил хийлгэхээр сольсон байна.
Удалгүй Аркоре шилтгээнд болсон "бунга-бунга" нэртэй секс үдэшлэгийн талаарх хэрэг мандаж Меланы прокурор Берлусконигийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн юм.
Энэ хэргийн эцсийн дүгнэлт гарч амжаагүй бөгөөд учир нь 2023 оны 6-р сарын 12-нд Сильвио Берлускони Милан хотын Сан Раффаэлло эмнэлэгт цусны хорт хавдраар нас барсан юм.
Берлусконигийн адил Төрийн тэргүүний албанаасаа буугаад шүүхээс ял авсан цөөнгүй хүмүүс байдаг. Гуржийн Ерөнхийлөгс асан Саакашваили, Украины төрийн тэргүүн асан Янукович, Бразилийн экс удирдагч Луис де Сильва, Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак, Перугийн Альберто Фухимори,Египтын Ерөнхийлөгч асан Хосни Мубарак зэрэг олон экс удирдагчид бий.
Тэдгээрийн хамгийн эмгэнэлтэй жишээ бол Румынын удирдагч асан Николае Чаушеску юм.
1989 оны 12-р сард Румынд ардчилсан хөдөлгөөн гарсны дараа Чаушеску эхнэр Еленагийн Бухарест хотоос гарах гэсэн боловч баривчлагдсан юм. Тэдний шүүх хурал 1989 оны 12-р сарын 25-нд Тырговиште (Румын) цэргийн гарнизонд болсон бөгөөд төрийн тэргүүн болон тэргүүн хатагтайг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, хоморголон устгал явуулахыг завдсан хэргээр цаазаар авах ял оноожээ.
Николае, Елена Чаушеску нарын шүүх хурал хоёр цаг орчим үргэлжилжээ.
1989 оны 12-р сарын 28-нд Румыны телевизээр Николае Чаушеску болон түүний эхнэр Елена нарыг цаазаар авч буй бичлэг гарч удалгүй дэлхий даяар тархсан байдаг.
Хэдий ноцтой гэмт хэрэгт буруутгасан ч ямар нэгэн урьдчилсан мөрдөн шалгах ажлыг хийгээгүй байна. Тухайн үйл явдлын гэрчүүдийн ярьснаар, шүүх хурал дээр Чаушескугийн гэм буруутайг тодорхой нотлох ямар ч баримтыг дэлгээгүй, дурдаагүй, яллагчдад давж заалдах боломж олгоогүй, зах дээр гардаг хэрүүл шиг ердөө л хэдэн хүмүүсийн сэтгэл хөдлөлөөр шийдсэн аж.