Flash, Мөнхийн реп, Noname, Татар, 4zug гэсэн таван хамтлаг энэ сарын 20, 21-нд "Big show" гэх тоглолт зохион байгуулах болсон талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хурлын үеэр тоглолтын маркетингийг хариуцаж буй компанийн захирал Я.Учрал хэлэхдээ “Есдүгээр сарын 20, 21-нд таван хамтлаг нийлж өвөрмөц тоглолт зохион байгуулахаар нэг жилийн өмнөөс төлөвлөсөн байгаа. Тэр үеэс л тоглолт болох газраа гэрээ хийсэн. Outlaw хамтлагийн 20 жилийн ойтой давхцана гэж бодоогүй. Outlaw хамтлагийн тоглолтын тов гараагүй байсан. Гэтэл өнгөрсөн тоглолтын үеэр энэ сарын 20-нд тоглолтоо зохион байгуулна гэж шууд зарласан.
Олон нийтийн сүлжээгээр яриад байгаа шиг хоорондоо эв түнжин хагарсан зүйл байхгүй, харин ч маргааш буюу есдүгээр сарын 14-нд БНСУ-д “All in hit” тоглолтоо хийхээр явах гэж байна. Яах ч аргагүйн үүднээс ингэж давхцсан шүү гэдгийг хэлмээр байна. Тоглолтын талаар дахиж хэлэхэд 20-нд хип хоп хамтлагууд “тэслэх”-ээр төлөвлөж байгаа бол 21-нд амьд хөгжмийн хамтлагуудтай хамтран “Big show 2”-г үргэлжлүүлнэ. Энэ тоглолтод A sound тэргүүтэй хамтлагууд оролцоно.
4zug хамтлагийн хувьд тайзан дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ концертын хэмжээнд гараагүй удсан. Энэ хамтлагийг хүлээж буй сонсогч нар нь байгаа байх. Мөн Татар хамтлаг манай шоуны бүрэлдэхүүнд нэмэгдсэн.
Зочин артистууд хоёр тоглолтод давхцсан асуудал гарсан. Тэрийг хоорондоо зөвшилцөөд явах байх. Гэхдээ нэг тоглолтоо хаяад нөгөө тоглолт руу явсан асуудал өмнө нь гарч байсан учраас яах нь тодорхой бус байгаа. Тоглолт давхцаагүй байсан бол мэдээж 20 жилийн ойн тоглолт дээр нь очиж дуулах байсан. Бид өөр компанитай гэрээ хийчихсэн учраас тоглолтод нь оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн.
Big show бол Super hit гэсэн үг. Монголчуудын 90 хувь нь тэднийг мэддэг, дууг нь сонсдог. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд дуулагдаагүй хамтлаг дуучдыг урьж авчирч байгаагаараа их онцлог. Маш олон гэнэтийн бэлэгтэй шоу байх болно. Тасалбарын хувьд 50 хувь хямдарч байгаа. Гэхдээ хугацаатай. Хямдрал есдүгээр сарын 15-ныг дуустал үргэлжилнэ. Битгий хоцроорой гэж хэлмээр байна.