“Саусгоби сэндс” буюу SGS гэх компани олон жилийн өмнөөс манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Өмнөговь аймгийн нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компанийн өмнөх удирдлага болох Жастин Капла тэргүүтэй хүмүүс Монгол Улсад төлөх ёстой 35.2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэм буруутай нь шүүхээс тогтоогдож, ял шийтгүүлж байсныг уншигчид санаж буй нь лавтай. Гэвч тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд тус компанийг удирдаж байсан Жастин Капла тэргүүтэй гадаадын иргэдэд уучлал үзүүлмэгц хилээр гарч явсан. Харин 35.2 тэрбум төгрөгийн хохирлыг төлсөн, эсэхийг хэн ч мэдэлгүй өнгөрсөн юм.
Түүний дараа “Саусгоби сэндс” ХХК хятад иргэний нэр дээр шилжиж, өдгөө үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж буй. Гэхдээ тухайн компанийн уурхайчдын хоол, хүнсний аюулгүй байдал алдагддаг, эрүүл мэндэд нь хор хохирол учирч байгаа талаар гомдол сүүлийн үед эрчимтэй гарах болж. Тухайлбал, нэгэн уурхайчин “Олон жил эх орныхоо эрдэс баялгийг ухаж боломжийнхоо хэрээр улсынхаа хөгжил дэвшилд хөрөнгө оруулж байгаа уурхайчин миний бие 30 гаруйхан насандаа ходооны архаг үрэвсэлтэй болчхоод байна. Гэр бүл, үр хүүхдээ тэжээж, хүний дайтай явуулъя гэсэн хүсэл, сурч эзэмшсэн мэргэжлээрээ улс эх орондоо тус нэмэр болъё гэсэн дэврүүн бодолтой SGS гэдэг их айлд ороод даруй 10 гаруй жил болж. Өмнө ньманай уурхай хамгийн тохилог, хангамж сайтай кэмпээрээ алдартай байлаа. Одоо харин өмхийрсөн мах идэж сууна. Хятад даргын шахааны компани нэртэй, гэр бүлийн аж ахуйн нэгжийнхэн хаанаас олж ирсэн нь мэдэгдэхгүй мах, ногоо, хүнсээр үйлчилдэг болсон. Монгол ажилчид, монгол дарга нар гэсэн хоёр тусдаа хоолны цэс гарган үйлчлээд нэг жил болж байна. Ашгүй нэг жил нь болоод солих болов уу гэтэл манай хэдэн даргыг мөнгөөрөө “угжсаар” байгаад гэрээгээ тендергүйгээр сунгачихсан. Миний ойлгосноор олон улсын биржид хувьцаагаа арилждаг, гадаадын хөрөнгө оруулалттай компани өмнөх шигээ тендерээ зарладаггүй юм уу. Ядаж байхад хятад даргын шахааны компанийн захирал нь манай нэг хурган даргын эхнэр юм гэсэн. Эцэст нь хэлэхэд, чанартай мах авдаггүй юм гэхэд шивтэртэй, өмхийрсөн махаар хоол хийхээ больчих л доо” хэмээн бичсэн байв. Энэ мэтээр SGS компанийн уурхайчдын хоол хүнстэй холбоотой гомдол өдөр бүр тасардаггүй аж.