Украинд хамгийн хүчтэй антибиотикт тэсвэртэй бактери хурдацтай тархаж байгааг Британийн эмч нар тогтоожээ
Тэсрэх бөмбөгний хэлтэрхийнээс хүнд шарх авсан Украины цэрэг Лондонгийн Гэгээн Жоржийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.
Эмнэлэгт түүний биеийн байдал тогтворжсон ч зүүн хөлнийх нь нэг шарх нянгийн халдварын улмаас идээлж эхэлжээ.
Цэргийг таван төрлийн антибиотикийн найрлагаар эмчлэхийг оролдсон боловч тусыг олоогүй бөгөөд эцэст өвчтөний хөлийг тайрахад хүрсэн тухай The Times бичжээ.
Украины цэргийн эмчлэгч эмч профессор Люк Мур энэхүү нянг "чимээгүй тахал" гээд COVID-19 тахал түүний хажууд "тийм ч сүйдтэй санагдахгүй болно" хэмээн анхааруулжээ.
Харамсалтай нь энэ нь ганц тохиолдол биш юм. Норвеги, Нидерланд, Герман зэрэг улсын эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа Украины шархадсан цэргүүдийн биеэс супер нян илэрчээ.
Шведийн Лундын их сургуулийн клиник бактериологийн профессор Кристиан Рисбек "Энэ бол миний мэргэжлийн амьдралд учирсан хамгийн муу зүйл. Маш их тэсвэртэй бактери юм" гэв. Тэрээр Украины Зэвсэгт хүчний 150 гаруй дайчдын шинжилгээг шалгаж үзсэнээс есөн тохиолдолд халдвар нь одоо анагаах ухаанд байгаа антибиотикт хариу үйлдэл үзүүлээгүй байна.
Эмч нарын ярьж буйгаар цэргүүд хүнд нөхцөлтай байлдааны талбараас халдвар авдаггүй нь анхаарал татжээ. Дээрх цэрэг гэгээн Жоржийн эмнэлгт очихоосоо өмнө Украины дөрвөн эмнэлгээр дамжсан бөгөөд тэдгээрийн нэгэнд тус нянгаар халдварлажээ.
Антибиотикт тэсвэртэй нянгийн тархалтын гол эх үүсвэр нь эмнэлгийн байгууллагууд болсон нь хачирхалтай. Түүгээр ч барахгүй энэ нь зөвхөн зэвсэгт мөргөлдөөн болж байгаа бүс нутгуудад төдийгүй бусад орнуудад ч тохиолдож байна.
АНУ-д хийсэн томоохон хэмжээний судалгаагаар хамаатан садан нь эмнэлэгт хэвтээд гэртээ харьсан хүмүүсийн ар гэрийнхэн нь тэсвэртэй эмгэг төрүүлэгч нянгийн халдвар авах эрсдэл 71 дахин их байгааг тогтоожээ.
"Гэр бүлийн гишүүн эмнэлэгт удаан хэвтэх тусам ар гэрийнхний хэн нэг нь метициллинд тэсвэртэй алтархаг стафилококкийн халдвар авах эрсдэл төдий чинээ их болно" гэж Infection Control & Hospital Epidemiology сэтгүүл судалгааны дүгнэлтийг нийтэлжээ.