Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд зэрэг албан тушаал хашиж байсан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг хаалттай хянан хэлэлцэхээр товлоод байв. “Нүүрсний” гэх тодотголтой эл хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүс, тэдний өмгөөлөгч нар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаад буй юм. Гэвч энэ 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх явцад эд мөрийн баримтаар хураагдсан гэх CD-г давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй байж. Уг нь хууль, журамд зааснаар бол хавтаст хэргийн хамт давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ёстой ч анхан шатны шүүхийнхэн алдаа гаргачхаж. Тиймээс уг CD-гэд мөрийн баримтын бүрэн бүтэн байдлыг хангасан хэлбэрээр ирүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх даалгаад, хурлыг есдүгээр сарын 11-ний 09.00 цаг хүртэл хойшлуулав.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Аюурсайханыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцож нээлттэй хорих ангид гурван жил хорих ял шийтгэж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаад, үндэслэлгүй хөрөнгөжиж олсон 1.8 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгүүдийг хурааж, улсын орлого болгохоор шийдсэн билээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, хахууль авсан гэмт хэргийн зохион байгуулж оролцсон гэм буруутайд тооцож, биеэр эдлэх ялыг таван жил есөн сарын хугацаагаар тогтоож, нийтийн албанд ажиллах эрхийг долоон жил хассан. Мөн 9.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм. Дээрх компанийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор асан Б.Отгонжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, хоёр жил зургаан сар хорьж, 400 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял оноосон.
Т.Аюурсайханы шадар туслах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилогдож байсан И.Даваадоржийг хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, хоёр жил хорихоор болж, 400 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг хураахаар шийдвэрлээд буй юм. Бусад шүүгдэгчид торгох ял шийтгэснийг бид цаг тухайд нь мэдээлсэн билээ.