АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсад албан ёсны айлчлалын хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ричард Буанган болон бусад албан тушаалтнуудыг 2024 оны долоодугаар сарын 30-ы өдөр хүлээн авч уулзаж, хоёр улсын боловсролын хамтын ажиллагаа, хамтарсан төсөл хөтөлбөрийн талаар санал солилцов.
Уулзалтын үеэр дараах асуудлыг хэлэлцэж, үр дүнтэйгээр шийдэлд хүрэв. Үүнд;
- АНУ-Монгол Улсын стратегийн диалог уулзалтад Боловсролын сэдэвт дэд хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах талаар зөвшилцөв.
- Англофон буюу Англи хэлтэн улс орнуудын дугуй ширээний уулзалтыг үргэлжлүүлэхээр тохиролцов.
- Англи хэл заах арга зүйн чанарыг дээшлүүлэх хүрээнд “Бүх нийтийн Англи хэлний суралцуйг дэмжих хөтөлбөр” зэрэг санаачилгыг Боловсролын сайдын зүгээс бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
- АНУ-ын “Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдах оюутныг тоог нэмэгдүүлэх тухай хүсэлтийг Боловсролын сайд илэрхийлж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд энэ тал дээр дэмжин ажиллахаа мэдэгдэв.
- АНУ дахь Монгол судлалын ажлыг эрчимжүүлж, үйл ажиллагааг өргөжүүлэх талаар талууд ярилцаж, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.
- МУИС-д англи хэлний чадавхийн төв байгуулахаар тохиролцов.
Дашрамд сонирхуулахад, хоёр улсын стратегийн түншлэлийн хүрээнд АНУ-аас жилдээ 120 хүний тэтгэлэг зохион байгуулж мөн багш сурган хүмүүжүүлэгчдийг дэмждэг. Тухайлбал, Фулбрайтын хөтөлбөр, Хюберт Хамфригийн хөтөлбөр, АНУ-ын Цэргийн академийн хөтөлбөр, UGRAD зэрэг хэд хэдэн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд Монгол Улсын суралцагчдыг тэтгэлэгтэй суралцуулж байна.
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1993 оноос хэрэгжиж эхэлсэн ба 2022 оноос хоёр Засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдаж эхэлсэн гэж Боловсролын яамнаас мэдээллээ.