Дугуйгаа жийгээд инээмсэглэн явдаг байсан сэтгүүлч залуу хэдхэн хоногийн өмнө согтуу жолоочид дайруулж, амиа алдлаа. Хэрэв түүний амьдардаг Толгойт дугуйн замтай, осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй бол гэдэг харуусал сэтгэл хөндүүрлүүлнэ. Гарцаар яваа хүнийг, дугуйтай иргэнийг, скүүтер, мопедтой хүүхдүүдийг эрүүл ухаанаа алдсан этгээд дайрч хөнөөдөг аймшигтай нийгэмд бид амьдарч байна. Дайн дажингүй улс гэхэд итгэмээргүй олон иргэнээ ослын улмаас алдаж буй нь харамсалтай. Энэ оны эхний зургаан сарын байдлаар унадаг дугуйтай явж байгаад осолд өртсөн 94 тохиолдол Тээврийн цагдаагийн газарт бүртгэгджээ. Ослын улмаас нэг хүн амиа алдаж, 92 иргэн гэмтсэн байна. Дугуйтай явж байгаад машинд мөргүүлэх, шүргүүлэх явдал маш их гардгийг иргэд хэлдэг. Үүнийг шийдвэрлэх арга зам бий юү.
Стандартын шаардлага хангасан, тэмдэг, тэмдэглэгээтэй, зогсоолтой дугуйн зам барьж өгөхийг дугуйчид шаардах боллоо. “Миний, чиний ээлж хэзээ ч ирж мэдэх учир аюулгүй байдлыг хангаж өгнө үү” хэмээн Монголын дугуйн холбооныхон нийслэлийн удирдлагаас шаардаж буй аж. Тэд хотын захиргаа, нийт жолооч нарт мэдэгдэл, шаардлага хүргүүлэх гэнэ. Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран “Дэлхийн аль ч хотод дугуйн зам заавал байдаг. Гэтэл Улаанбаатар хотод стандартын шаардлагад нийцсэн олигтойхон дугуйн зам байхгүй гэхэд болно. Бид 2022 онд мэргэжлийн байгууллагынхантай нь хамтарч “Унадаг дугуйн замын төлөвлөлт хучилтад тавих ерөнхий шаардлага” хэмээх стандартыг нийслэлийн ИТХ-аар батлуулсан. Дугуйн замыг тэлэх, олон улсын жишиг, тэр дундаа эрс тэс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд тохирсон стандартыг шинэчлэн батлуулсан юм. Гэвч харамсалтай нь, энэ стандартын дагуу замаа барихгүй байна. Таван шарын автобусны буудлаас Офицеруудын ордон хүртэл дугуйн зам тавьж буй. Гэтэл уг замыг стандарт бус, тэмдэг, тэмдэглэгээ дутуу барьж байна. Дугуйн зам дээр ТҮЦ байрлуулсан байх жишээтэй. Мөн зарим замыг автомашины зогсоол мэтээр ашиглах болов. Энд тэнд тасарсан, дутуу барьсан замыг хооронд нь холбож, сүлжээ үүсгэх хэрэгтэй. Зориулалтын зам байхгүйгээс дугуй, скүүтер, мопедтой хүүхдүүд олноороо гэмтэж бэртэж байна шүү дээ. Сайхан замтай бол дугуйгаар сургууль, ажилдаа явах хүсэлтэй хүмүүс маш олон бий. Автомашиндаа түгжирч суухын оронд дугуйгаа жийгээд ажлаа шуурхай амжуулахыг хүсэж байна. Гэвч замгүйгээс болж дугуйтайгаа автомашин сүлжих, эсвэл явган хүний замаар зорчихоос өөр аргагүйд хүрдэг. Нийслэлд шинээр барьж буй зам, хотхон, хороололд заавал дугуйн зам тавих ёстой” гэв. Тэрбээр Энхтайваны өргөн чөлөө буюу хотын төв зам дагуу стандартын шаардлага хангасан дугуйн зам барьж, хүлээлгэн өгөх нь холбогдох албаныхны гол үүрэг гэдгийг сануулсан юм.
Монголын дугуйн холбоонд олон улсын тэмцээн уралдаанд оролцдог, спортын зэрэг, цолтой 400 гаруй хүн бүртгэлтэй байдаг аж. Тэд бол сонирхогчдоос өөр. Цагт 30 км-ээс дээш хурдтай зорчдог тул авто замаар явахаасөөр аргагүй. Улаанбаатар хотын замд автомашинууд нь багтахгүй шахам. Тийм учраас Төв аймгийн замд голдуу бэлтгэлээ базаадаг гэнэ. Мэргэжлийн тамирчдаас гадна сонирхогч, дугуй идэвхтэй унадаг 10 гаруй мянган хүн нийслэлд бий аж. Сүүлийн үед хүүхэд, залуус дугуй унахыг илүүд үзэх болсон. Гэвч томчууд дэмжиж, таатай хүлээж авах нь ховор. Дугуйгаа унаад чөлөөтэй зорчих замгүй, аюул, эрсдэл өндөр учир эцэг, эхчүүд санаа зовох нь аргагүй биз.
Нийт найман байршилд дугуйн зам барихаар төлөвлөж, зарим ажлыг эхлүүлсэн нь энэ гэнэ. Эдгээрийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих бөгөөд зураг төсвийг нь баталжээ. Гэвч замын ажил маш удаашралтай байгааг иргэд шүүмжилж байна.
Монгол Улс 3.5 сая хүн амтай. Тэдний 1.7 сая нь Улаанбаатар хотод амьдарч байна. Нэг сая хол давсан хүнтэй, метрополис хотод стандарт шаардлагад нийцсэн, иж бүрэн дугуйн зам тун ховор байгаа нь харамсалтай. Иргэндээ ээлгүй бүтээн байгуулалт, төлөвлөөгүй барьсан барилга, байгууламж, түгжрэл, агаарын бохирдол, стресс бухимдал хүмүүсийг туйлдуулж гүйцлээ. Айдасгүйгээр дугуйгаа унаж, амар тайван амьдрахыг хүн бүр хүсэж буй. Улаанбаатар хотод 2022-2024 онд 98 км явган ба дугуйн зам барихаар төлөвлөсөн байдаг. Харин өнөөдрийн байдлаар 72.3 км дугуйн замыг ашиглалтад оруулсан гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан хэллээ. Харин шинээр 50.2 км зам барьж байгаа гэнэ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэл 4.4, Хан-Уулд Маршалын гүүрнээс Зайсан хүртэл Туул голын арын далан дагуу 2.35 км замыг тус тус барьж эхэлсэн аж. Нийт найман байршилд дугуйн зам барихаар төлөвлөж, зарим ажлыг эхлүүлсэн нь энэ гэнэ. Эдгээрийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих бөгөөд зураг төсвийг нь баталжээ. Гэвч замын ажил маш удаашралтай байгааг иргэд шүүмжилж байна. Тухайлбал, дөрвөн жилийн өмнөөс барьж эхэлсэн Яармагаас Чойрын чиглэл, Гачууртын уулзвараас Налайх, Маршалаас Баянзүрхийн гүүр хүртэлх 7.1 км замыг бүрэн дуусгаагүй ажээ. Нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор 2022 оноос хойш жил бүр явган болон дугуйн замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг тогтмол хийж гүйцэтгэж байгаа гэж албаны хүмүүс нь ярьдаг. Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн “Энэ онд шинээр 30 орчим км дугуйн замыг хийж гүйцэтгэнэ. Үүний хүрээнд дугуйтай зорчигчдод зориулсан хоёр гүүрэн гарц хийхээр төлөвлөсөн” хэмээн нэгэн хэвлэлд ярьжээ. Тэрбээр шинээр барих дугуйн замын ажил бүрэн дуусаагүй. Зарим байршилд огт хийгээгүй байгаа. Энэ бүхнийг нийслэлийн Замын хөгжлийн газар хянаж ажиллана гэсэн тайлбарыг бидэнд өгсөн юм.
Хоёр жилийн өмнө шинэчилсэн стандарт шаардлагын дагуу бол унадаг дугуйн байгууламжийг иж бүрнээр нь хийх ёстой. Тодруулбал, унадаг дугуйн замын сүлжээ, тэмдэг, тэмдэглэгээ, хайс, хашлага, хашилт, чиглүүлэх хэрэгсэл, зогсоол, засвар арчлалт, аюулгүй ажиллагааны зөвлөмж зэргийг цогцоор нь шийдэх юм. Түүнчлэн ямар өнгөтэй байх, материалын төрөл, шинж чанарыг хүртэл нарийн зааж өгчээ. Гулгамтгай биш, эдэлгээ даах чанартай материал ашиглах шаардлагатай. Гэтэл өнгөрсөн жил барьсан дугуйн замууд эхнээсээ хууларч, ховхрон, эвдэрч элэгдэж буй. Унадаг дугуйн замыг хүлээн авахдаа тодорхой шалгуурыг хангаж буй, эсэхийг мэргэжлийн байгууллагууд нь хянах ёстой. Зүгээр нэр төдий бариад орхих биш юм.
Монголчуудын дунд амьдралын буруу хэв маяг, зан үйл, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалж халдварт бус өвчин газар авсан. Нас баралтын зонхилох шалтгаан нь зүрх, судас, чихрийн шижин, хорт хавдар, осол гэмтлээс үүдэлтэй. Халдварт бус өвчин дэлгэрэхэд таргалалт ихээр нөлөөлдөг гэж эмч нар анхааруулдаг билээ. Гэтэл манай улсын 10 хүн тутмын зургаа нь илүүдэл жинтэйг Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн онд мэдээлсэн юм. Илүүдэл жингээ бууруулах, амьдралын буруу хэв маягийг өөрчлөх, хөдөлгөөний хомсдолыг багасгах, чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэхэд унадаг дугуй хамгийн зөв сонголт. Гэвч дугуйгаа унаад хот дотор ажил амжуулах боломж тун хомс байна.
Дугуй унах сонирхолтой хүмүүсийн хүсэлд дөрөөлж эрх баригчид “150 км дугуйн зам барина” хэмээн чихэн дээр цэцэг ургуулсан нь саяхан. Яам, Тамгын газрынхан ч дор бүрнээ арга хэмжээ өрнүүлж, иргэдийг дугуйтай зорчихыг уриалж байв. Тухайлбал, өнгөрсөн онд хуучнаар БОАЖЯ-ныхан “Дугуйтай гэр бүл” арга хэмжээ зохион байгуулсан юм. Унадаг дугуй нь зөвхөн спорт, хобби төдий биш, уур амьсгалын өөрчлөлтөд өртсөн эх дэлхийгээ аврах ногоон төлөвлөгөө ба шийдэл хэмээн сүржигнэсэн. Үүнд төрийн бусад байгууллагыг нэгдэхийг уриалж, дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулахад хамтран ажиллахаа мэдэгдэж байлаа. Харамсалтай нь, дэд бүтцийг сайжруулах нь бүү хэл, зураг төслийг нь баталсан дугуйн замуудаа ч дуусгаж хүчрэхгүй нь. Нийслэлийнхээ гудамж, талбайд тайван зорчих боломжийг иргэдэд олгох нь хотын даргын үүрэг, хариуцлага. Цаашлаад Зам, тээврийн яам, нийслэлийн Замын хөгжлийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхны хариуцах ажил. Цаасан дээрх зураг төслийг амьдралд буулгах ажлаа яаравчлах хэрэгтэй байна. Ингэхдээ ор нэрийн төдий биш, ирж бүрнээр нь барих шаардлагатай. Олон зуун хүн дугуйгаар зорчихыг хүсэж байна. Дугуйн замгүйгээс болж хэн нэгэн дахин бүү үрэгдээсэй.