Саяхан болсон “Монголын эдийн засгийн чуулган”-ы “Хотын реформ” сэдэвт нэгдсэн хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Бүх барилгын компани газраа авлигаар авсан. Ингэж хэллээ гээд барилгын олон компанийн захирал намайг шүүхэд өгч магадгүй. Богдхан уул, Нүхт, Яармагийн газруудыг бүгдийг нь авлигаар авсан шүү дээ. Шударгаар олгосон газар, боссон хороолол нийслэлд нэг ч байхгүй” хэмээн ярьж, тус арга хэмжээг зорин ирсэн гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагынханд өнөөгийн Улаанбаатарын бодит байдлыг танилцуулав. Ингэснээрээ тэрбээр олны анхааралд өртлөө. Түүний энэ үйлдлийг олон нийт янз бүрээр хүлээн авч байна. Нэг хэсэг нь “Хотын захирагч нь бодит нөхцөлөө ингэж ил тод хэлж байгаа нь сайн” гэсэн өнцгөөс түүнийг зөвтгөн, сайшааж байгаа бол зарим нь “Улаанбаатар хот бонд гаргаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдээ хөдөлгөж эхэлж буй хариуцлагатай цаг үед хөрөнгө оруулагчдын өмнө үг, үйлдлээ бодсонгүй” хэмээн буруутгаж буй.
Тэрбээр дээрх ярианыхаа араас “Тиймээс би дараа нь өөрийгөө хамгаалахын тулд газар олгодог эрх мэдлээ хумиад, зөвхөн дуудлага худалдаагаар өгдөг зохицуулалтыг бий болгосон. Цаашид төр, хувийн хэвшлийн төсөл, хөтөлбөрүүдэд шалгарсан тендерүүдэд л газар олгоно” гэж өгүүлсэн. Эндээс нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар авлига, албан тушаалын сүүдэрт цэцэглэсэн газрын наймааг цэгцлэх бус, арьсаа хамгаалахыг чухалчилж буй мэт л харагдаж байна. Олон улсын төлөөлөгчид цугласан, цахим сүлжээгээр шууд дамжуулж буй хурлын үеэр “Яг одоо энд байгаа бүх хүнд хэлэхэд” гэх тодотголоор уг яриагаа эхлүүлсэн нь хулгай, худал хуурмагийг илчлэгч сайн хүний дүрээр олны анхааралд өртөх гэсэн санаархал гэлтэй. Тийм биш сэн бол “барилгын компаниуд бүгдээрээ хулгайч” хэмээн хашхирах бус, хариуцлагын талаар ярих ёстой байв. “Энэ бүхэн надтай хамааралгүй, би газар олгох эрх мэдлээсээ татгалзсан” хэмээн “цэмцэгнэх”-ийн оронд өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа дутагдлыг яаж засаж залруулах, цаашид хэрхэх талаар нийслэлийн удирдлагын хувиар бодлогын чанартай зүйлсийг илүү хөндөх байсан юм.
Ерөөс улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд, ялангуяа нийслэлийн удирдлагууд хариуцлагаас бултаж, уснаас хуурай гарахын тулд өмнөх хүмүүсээ буруутгадаг жишиг тогтоосон гэхэд болно. Үүнийг нь “Ийм олон жилийн алдаа завхралыг би үүрэх боллоо” гэх ялархал, “Урт удаан хугацаанд хуримтлагдаж бий болсон асуудлыг өнөө маргаашийн дотор шийдэх аргагүй” хэмээх зөвтгөл ёс юм шиг дагадаг. Тэгсэн атлаа жинхэнэ буруутнуудад хариуцлага тооцож чадахгүй, тойрч гүйсээр л албан тушаалаасаа буудаг. Х.Нямбаатар ч энэ “хууль”-иас гажихгүй бололтой. Тэрбээр Улаанбаатар хотын захирагчаар томилогдоод есөн сар орчмын нүүр үзэж байгаа ч удирдлагад нь буй хүмүүсээ загнаж зандрахаас өөр гавьтай зүйл өнгөрсөн хугацаанд ер хийсэнгүй. Хууль бус газар олголтын талаар аль ч албан тушаалтнаас илүү ярьж байгаа ч үндэс сүлжээг нь таслах, хариуцлага тооцох чиглэлээр үр бүтээлтэй ажил огт хэрэгжүүлсэнгүй. Тиймээс газартай холбоотой зөрчил, маргаан өнөөдөр ч тасрахгүй үргэлжилсээр, тэнгэр баганадсан өндөр барилга түүний нүдэн дээр хотын хаа сайгүй боссон хэвээр.
Уншигчид санаж буй гэдэгт эргэлзэхгүй байна. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн оны намар буюу ажлаа аваад удаагүй байхдаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн хашаанд худалдаа, үйлчилгээ, орон сууцын зориулалттай 20 гаруй давхар барилга барьж эхэлсэн “Мөргөл уул” компанийн ажлын талбайд холбогдох албан тушаалтнуудыг дагуулан очиж, үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан билээ. Тэрбээр энэ үедээ эмнэлэг, сургуулиудын газраас “эмтэлж” өндөр барилга барьдаг явдал сүүлийн үед гаарсныг онцлоод, цаашид үүнийг таслан зогсоохоо мэдэгдсэн юм. Нийтийн эрх ашгийн үүднээс тухайн барилгын ажлыг зогсоож, “Мөргөл уул” компанид олгосон тусгай зөвшөөрлийг цуцлахаа ч зарласан. Ингэхдээ аж ахуйн нэгжийг хохироохгүйн тулд газрыг нь өөр бүсэд нөхөж олгохоор холбогдох албаныханд үүрэг даалгавар өгсөн байдаг. Гэвч хотын мээр эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд рүү чиглэсэн газрын наймааг таслан зогсоох нь бүү хэл, дорвитой арга хэмжээ ч авч чадалгүй өнөөдрийг хүрлээ. УНТЭ-ийн эзэмшлийн газраас 1360 ам метр талбайг дөрвөн удаагийн оролдлого (эрх сунгах бүрдээ хэмжээг нь томсгосон)-оор, хууль бусаар авсан дээрх нэр бүхий компанид хариуцлага тооцох нь байтугай харж үзсэн шийдвэр гаргасан. Эх сурвалжуудын мэдээлснээр дэд төвийн хүрээнд төлөвлөлт хийх бүсэд “Мөргөл уул” компанид газрыг нь нөхөж олгохоор болсон гэнэ билээ. Мөн тус компанид гарын үсгээ худалдаж, газар олгосон албан тушаалтнуудын талаар дурсах ч үгүй, толгойг нь илээд өнгөрөөсөн.
Түүнчлэн холбогдох байгууллагынхан хотын төвийн бүс, Их тойруу орчмын 1100 га газарт 1500 орчим барилга, байгууламж нэмж бариулахаар аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгочихсон байгааг Х.Нямбаатар дарга зарласан юм. Энэ үедээ “Хотын төвд өндөр барилга барьдаг явдлыг бүрмөсөн зогсооно. Өмнөх алдаагаа давтахгүйн тулд шинээр барихаар төлөвлөж буй барилгуудыг Их тойруугаас гаргах, газар олголтыг хязгаарлах, их, дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн. Даанч тэрбээр үүнийгээ ажил хэрэг болгох тал дээр тун хойрго хандсаар буй. Их тойруу орчимд өдгөө үргэлжилж байгаа олон арван барилгын ажил үүнийг нотолно.
Угтаа бол хууль бус үйлдлийг илчлэх нэг хэрэг, түүнийг таслан зогсоох нөхцөлийг бүрдүүлэх нь өөр хэрэг. Улаанбаатар хотыг сул чөлөөтэй орон зайгүй болтол нь хэрсэн газрын наймааг таслан зогсоохын тулд хариуцлагын тогтолцоог бий болгох шаардлагатай. Газар олгосон, авсан аль алинд нь хариуцлага тооцож чаддаг байх хэрэгтэй. Өдгөө манай улсад бол авлига өгч, газар авсан нь буруудаад, мөнгөөр гарын үсгээ худалдан тусгай зөвшөөрөл олгосон албан тушаалтнууд нь хөшигний ард, чимээгүй нуугдаж үлддэг жишиг тогтсон. Тиймээс газрын харилцаатай холбоотой, маргаантай аливаа асуудалд жирийн иргэд, хувийн хэвшлийнхнийг буруутгах хандлага нийгэмд түгээмэл. “Авлига хороолол” хэмээн алдаршсан “Акуа гарден” хотхоны барилга үүний тод жишээ. Барилгын захиалагч, гүйцэтгэгч компанийнхныг буруутгах хандлага давамгайлаад, тэдэнд тусгай зөвшөөрөл олгосон хүмүүсийг анхаарлын гадна үлдээсэн. Зүй нь энэ тохиолдолд хууль бус хэрэгт оролцсон бүх талд хариуцлага тохоох ёстой юм. Хачирхалтай нь, Сэлбэ голын голдирол, татамд халдаж, нийслэлчүүдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулсан, өнгөрсөн жилийн үерийг даамжруулсан, хууль бусаар барьсан гэдэг нь нэгэнт тодорхой болсон эл барилгыг одоо хэр нь буулгаж хүчрээгүй, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцоогүй л байна. Ийм байхад Улаанбаатар хот “авлига” хороолол, хотхоноор дүүрэлгүй яах вэ.
Одоогийн хотын захирагч яг энэ жишгээр буруу булхайг хувийн хэвшлийнхэнд нялзааж, “Бүх барилгын компани хулгайч” хэмээн олон улсын төлөөлөгчдийн өмнө зарлаатахлаа. Түүнчлэн газрын наймааг цэгцлэх, төвлөрлийг сааруулах нэрийдлээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт иргэдэд амины болон зуслангийн зориулалтаар газар олгохыг хориглохыг урьтал болгосон. Зуслангийн болон амины зориулалтаар газар өмчлүүлэхийг хориглоно гэдэг нийслэлд бугшсан газрын наймааны нэг л сувгийг хааж буй хэрэг. Харин үүнээс том хулгай, наймаа хийдэг хүмүүсийн сүлжээг хэрхэн таслан зогсоох вэ. Газрын наймаачид ойн сан, дархан цаазат газар, хотын төвийн бүс дэх аль байршил сайтай, ашигтай газруудыг цөлмөөд, эзэмшилдээ аваад дуусгаж буй. Эцэс сүүлдээ төр, хувийн хэвшлийн түншлэл, дахин төлөвлөлт нэрийн дор иргэдийг, төрийн байгууллагынхныг залилж газрыг нь дээрэмдэн, өөр зориулалтын буюу худалдаа, үйлчилгээний барилга, байгууламж барьдаг үзэгдэл газар авсан. Дахин төлөвлөлтийн хүрээнд барилга, орон сууц барьж байгаа компаниуд иргэдийн өмчлөх болон бусад эрхийг ноцтойгоор зөрчсөн, хохироосон тохиолдол ч өнгөрсөн хугацаанд цөөнгүй гарсан. Ийм байдал цаашид ч давтагдсаар байх уу. Тэр болгонд зовлон тоочиж, хулгайчдыг зарлаад л, зүгээр өнгөрөөсөөр байх уу. Чөтгөрийн тойрог гэлтэй энэ гажуу тогтолцоог өөрчлөх цаг нь болжээ.
“Хотын реформ” сэдэвт нэгдсэн хуралдаанд гол зочноор оролцсон нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон УИХ-ын гишүүн П.Сайнзориг нар Хот байгуулалтын болон Газрын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл нэн түрүүнд хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй. Газраа зориулалтын дагуу ашигладаггүй, гэрээ, актад тусгаснаас өөр зориулалттай объект барьдаг, аливаа бүтээн байгуулалтыг засгаас засаг, оноос он дамжуулан сунжруулсаар газрыг нь ч, барилга, байгууламжийг нь дээрэмдчихдэг нийтлэг зөрчил, хууль бус үйлдлээс сэргийлэх зохицуулалтуудыг бий болгох ёстой. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл, дахин төлөвлөлтийн хүрээнд болон эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг нэн шаардлагатай бүтээн байгуулалт хийж байгаа компаниудад тавих шаардлага, шалгуур, хяналтаа өндөрсгөх хэрэгтэй санагдана. Хууль, эрх зүйн хүрээнд хангалттай сайн зохицуулалт, хариуцлагын механизм бүхий систем бий болгохгүй л бол ямар ч арга замаар газар олгосон хулгай зогсохгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлсээр буйг анхаарууштай. Газар олгох үйл явцад хүн оролцож л байгаа бол тэр нь дахин төлөвлөлт, томоохон төсөл, хөтөлбөр байна уу, ялгаагүй, нөлөөлөлд автах, буруу булхай шийдвэр гаргах эрсдэл бий. Тиймээс хулгай, луйвар, хууль бус зүйл хийх боломж олгодог бүх сувгийг хаах хэрэгтэй. Тэгээд хашхирдаг бус, хариуцлага тооцдог жишиг тогтоох шаардлагатай.
Бэлтгэсэн Н.Мишээл