Автобусны жолооч нарын хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд цалинг нь өсгөхөөр шийдвэрлэснийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн арванхоёрдугаар сард танилцуулж байв. Уг нь “2-3 дугаар сар гэхэд цалинг нь нэмж олгоно” гэсэн ч хэлсэндээ хүрэлгүй удсан нь жолооч нарын эгдүүцлийг төрүүлээд амжсан. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэхийн тулд автобусны жолооч болох хүсэлтэй иргэдийг мэргэшүүлэх сургалтад үнэ төлбөргүй хамруулж, ажлын байраар хангахаар шийдвэрлэж байлаа. Мэргэшүүлэх сургалтын бүртгэлийн эхний өдөр л гэхэд 540 гаруй хүн бүртгүүлсэн гэх мэдээлэл бий. Автобусны жолооч нарын цалинг нэмснээс хойш хүний нөөцийн асуудлыг шийдэж чадсан, эсэхийг нь сурвалжиллаа.
Автобус баазуудын ихэнх нь хотын захад байрладаг. Нийслэлийн төвтэй ойр нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ юм. Тус баазад очиход жолооч нар бараг харагдсангүй. Шугаманд явж байх үедээ л ээлж солилцчихдог тул бааз руугаа тэр бүр очоод байдаггүй аж. Ажил эхлэхэд болон үдэш зогсоолд автобусаа байрлуулахдаа л бааздаа ирцгээнэ. Эл баазын ажилчид “Жолооч нарын цалинг нь нэмснээс хойш ажилд орох хүсэлтэй хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Мэргэшүүлэх сургалтад суусан хүмүүсээс ажилд орж чадахгүй хүлээж байгаа жолооч нар ч бий” гэсэн юм.
БҮРТГЭЛИЙН САНД 120 ГАРУЙ ЖОЛООЧ НЭМЭГДЖЭЭ
Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын хэвлэлийн төлөөлөгч Т.Үүрийнсолонго “Автобусын жолоочийн тоо нэмэгдсэн. Өнгөрсөн онд “Цалин хангамж муу” хэмээн ажлаасаа гарсан жолооч нар ажилдаа эргэн ороод байгаа. Мөн автобусны жолооч нарын цалинг нэмснээс хойш бүртгэлийн санд 120 гаруй хүн шинээр нэмэгдлээ. Эл бүртгэлээс үзэхэд нийтийн тээврийн салбарт одоогоор 2000 гаруй жолооч ажиллаж байна” гэсэн юм.
Цалин нь нэмэгдсэнээс хойш ажиллах орчин нөхцөл өөрчлөгдсөн, эсэхийг автобусны жолооч нараас тодрууллаа. Нийтийн тээврийн үйлчилгээний “Автобус-1” баазын 63 дугаарын автобусны жолооч “Ажиллах хүний тоо сүүлийн үед огцом нэмэгдсэн. Цалингаа цагаар бодож олгодог бөгөөд өмнөхөөсөө хамаагүй дээрдсэн. Цалин цагт нь олгодог. Жолооч хүрэлцээгүйгээс баазын гараашид зарим автобус үлддэг байлаа. Одоо ийм тохиолдол гарахаа больсон. “Ээлжийн жолооч олдохгүй байна. Чи өнөөдөр яваад өгөөч” гэж удирдлагууд хэлдэг байсан нь ч цөөрсөн” гэсэн юм.
Төрийн өмчит автобус баазынхан ээлжийн жолоочтойгоор буюу богинын ээлжээр ажиллаж байгаа аж. Харин хувийн хэвшлийн автобус компанид ээлжийн жолооч олдоггүйгээс өдөрт 20 цаг ажиллаж байгаа гэнэ.
Зүүн салаа-МУБИС чиглэлийн 48 дугаарын автобусны жолооч “Ээлжийн жолоочгүйгээр ажиллаж байгаа. 14 хоногт багадаа 180 цаг ажиллаж байж л 3.5 сая төгрөгийн цалин авах боломжтой. Хоног нь болчихсон атал ажилласан цаг нь хүрэхгүй байх үе ч бий. Хэдийгээр амралт багатай байгаа ч ахиу цалин авах нь зүгээр юм. Цалинг цагт нь олгож байгаа хэдий ч шимтгэл их авдаг. 3.5 сая төгрөгийн цалин авахад түүнээс 1.5 саяыг нь татвар гээд суутгачихдаг. Цалингийн задаргааг харахаар юунаас болж ингэж хассан нь мэдэгдэхгүй. Удирдлагуудаас тодруулахаар “Манайхаас хасаагүй. “Улаанбаатар смарт карт” компаниас л цагийг чинь хассан биз” гэсэн хариулт өгдөг. Харин тэр компанийнхан нь “Манайхаас хассан зүйл байхгүй. Таны ажилласан цагийг бүрэн тооцоолж байгууллагад нь илгээсэн” гэх мэтээр бие бие рүүгээ чихдэг. Ийм олон цаг ажиллачихаад цалингаа бүрэн авч чадахгүй байгаа нь л харамсалтай. Хэрвээ зөрчил гаргаснаасаа болоод цалингаа хасуулсан бол ингэж гомдоллохгүй” гэж байлаа.
III, VI Дүүхээ” дэлгүүрээс “Дүнжингарав” худалдааны төв чиглэлийн 51 дугаартай автобусны жолооч “Өнгөрсөн тавдугаар сараас л цалин нэмсэн. Гэсэн ч татвар гэх нэрээр 1.5 сая төгрөгийг нь авчихдаг. Жолооч хомсдолтой хэвээрээ. Өдөрт 10 хүн ажилд орж байхад тийм тооны хүн ажлаас гарч байна. Их, дээд сургуулиа дөнгөж төгссөн залуучууд автобусны жолоочоор ажиллахыг хүсэхгүй л байх. Хомсдолтой байгаагийн шалтгаан нь нэгдүгээрт, хүмүүс залхуу, өглөө эрт босохыг хүсдэггүйтэй холбоотой. Хоёрдугаарт, автобус жолоодож чадах хүн цөөн. Мөн их, дээд сургуулийн диплом өвөртөлчихсөн залуус ийм хэл амтай ажил хийхийг хүсэхгүй нь мэдээж. Заримдаа зорчигчгүй байсан ч өдөржин дэмий тойрсоор л байдаг. Нэг автобус өдөрт 100 литр шатахуун зарцуулдаг” хэмээсэн юм.
ӨДӨРТ 17 ЦАГ АЖИЛЛАЖ БАЙГАА ГЭВ
Тэдний үндсэн ажил 05.40 цагт эхэлдэг. Энэ цагтаа амжиж ирэхийн тулд 03.00-04.00 цаг гэхэд гэрээсээ гарах хэрэгтэй болно. Ээлжээ 13.00-14.00 цагт солилцдог бөгөөд цайны цаг нь өдөрт 20 минут байдаг аж.
“07.00-22.00 цагт шугаманд явчихаад бааздаа очиж автобусаа гадна, доторгүй угааж цэвэрлэнэ. Ингэхдээ алчуур, хувингаа аваад л гарна. Одоо ч гараараа угааж цэвэрлэдэг хэвээрээ. Ядаж автобусаа өөрсдөө цэвэрлэдгийг нь болиулмаар юм. Үргэлжлүүлээд шатахуунаа авах гэж дугаарлаж зогсоцгооно. Ингэсээр байгаад 01.00-02.00 цагт гэртээ харьдаг. Хоёр цаг унтаж чадав уу, үгүй юү ажилдаа гардаг. Заримдаа ажил дээрээ хонох үе ч бий. Гэрийнхнээ унтаж байхад нь ороод гардаг даа. Цайны цагаараа бие засаж ч амжихгүй, хоолоо ч тухтай идэж чадахгүй. ТҮЦ-ээс идэж болохоор зүйл худалдаж аваад л автобус руугаа гүйдэг. Жолоо барьж байхдаа л түүнийгээ иднэ. Ингэж хооллоод байхаар ходоод гэдэсний өвчинтэй болж байна” гэх нэгэн ч байв.
“Долоо хоногт нэг л өдөр амардаг. Ээлжийн жолоочтой болж чадаагүй. Тиймээс өдөрт 17 цаг ажиллаж байгаа. Харин улсын баазууд богино ээлжээр ажиллаж буй” гэж хэлэх жолооч ч байлаа.
“ЖОЛОО БАРЬЖ БАЙХДАА ӨӨРИЙН МЭДЭЛГҮЙ ЗҮҮРМЭГЛЭХ ҮЕ Ч БИЙ”
Олон цаг ажиллахаар зарим үед жолоо барьж байхдаа зүүрмэглэх үе ч бий гэнэ. “Ялангуяа шинээр ажилд орсон жолооч нар ийм олон цагаар ажиллаж сураагүй тул осол гаргах нь элбэг” гэж хэлэх жолооч нар байв. Нэг автобусаар өдөрт дунджаар 440 иргэн үйлчлүүлдэг гэх судалгаа бий. Ийм тооны хүний амь эрсдэлтэй байна гэсэн үг л дээ. Том оврын тээврийн хэрэгслийн хурдыг сааруулах тийм ч амар биш. Мөн хөл хөдөлгөөн ихтэй үед зарим иргэн гарцгүй газраар зам хөндлөн гардаг. Хэрвээ энэ үед жолооч нойрмоглож таарвал ямар хохирол учрахыг таашгүй. Бас жолооч нарын эрүүл мэндийн асуудлыг ч энд дурдах хэрэгтэй. Бага цаг унтаж, хоол унд муутай байх нь олон өвчин, эмгэг дагуулдаг. Юуны түрүүнд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо доголддог. Сэтгэцийн эрүүл мэнд талаасаа архаг ядаргаанд орох, нойрны хямралд өртөх зэрэг эрсдэлтэй гэнэ.
Автобусны жолоочийн хүрэлцээгүй байдлыг салбарынхан нь нэгдүгээрт, цалинтай холбож үзэж буй гэнэ. Хоёрдугаарт, зорчигчдын харилцаа хандлага. Гуравдугаарт, ажиллах орчин нөхцөл. Баазуудад нь амралтын өрөө ч цөөн. Заримд нь байхгүй. Тэдний үндсэн ажлын байр болсон автобус нь агааржуулагч тааруу тул бүгчим халуунд өдрийг өнгөрөөнө. Тиймээс сэрүүцэхийн тулд зарим үед хаалгаа онгорхой явах тохиолдол байдаг гэнэ. Шинэ автобуснууд агааржуулагч сайтай бөгөөд цонхыг нь бүгдийг хааж байж л тэр нь ажилладаг аж. Нийтийн гэх тодотголтой тул иргэдийн харилцаа хандлагыг энд дурдах хэрэгтэй. Зарим нь автобусныхаа буудлаас өнгөрчихөөд байхад суух гэж уурлах нь ч бий. Ийм үед ч жолоочийн буруу болдог нь хүндрэлтэй гэнэ. Үйлчлүүлж байгаа ч гэсэн наад захын соёлд суралцах нь чухал .
Бэлтгэсэн А.Тэмүүлэн