Манай улсад зам, дэд бүтэц, барилга, байгууламж, орчны тохижилттой холбоотой аливаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхдээ, томоохон бүтээн байгуулалт хийхдээ олон улсад баримталдаг стандарт, журмыг яг таг мөрддөггүй, мэргэжлийн хүмүүсийг энэ ажилд тэр бүр оролцуулдаггүй. Үүний горыг бид хангалттай амсаж буй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ чинээнд нь тултал хязгаарлуулж, амь, эд хөрөнгөөрөө хохирох болсон. Үүний жишээг сүүлийн жилүүдэд нийслэлд тохиож буй үерээс харж болно. Албаны хүмүүс энэ бүхнийг байгалийн гамшигт үзэгдэл, давагдашгүй хүчин зүйл гэдэг талаас нь тайлбарлаж, ойлгуулахыг ихэд хичээн “Ойрын жилүүдэд тохиогоогүй их ус буулаа. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гэнэтийн, хүчтэй аадрын давтамж олширсон” хэмээн мэдээлсээр байгаа ч судлаач, инженерүүд үерийн жинхэнэ шалтгааныг стандартгүй, замбараагүй төлөвлөлт, мэргэжлийн бус хүмүүсийн алдаа завхралаас үүдэлтэй гэж үзэж . Тэр дундаа хот төлөвлөлт, зам, барилгын төсөлд усны барилга, байгууламжийн инженер буюу гидротехникчдийг оролцуулдаггүй нь үерийн эрсдэл, хохирлыг үлэмж нэмэгдүүлсэн хэмээн тэд дүгнэх болсон.
Дэлхийн улсууд, ялангуяа нэг саяас дээш хүн амтай томоохон хотууд усны барилга, байгууламжийн инженерүүдийн мэдлэг, ур чадвар, тооцооллыг ихэд үнэлж, хот төлөвлөлтөөс эхлээд авто зам, гүүр, гүүрэн байгууламж, барилга, ус дамжуулах шугам хоолой барихдаа хүртэл ашигладаг байна. Тодруулбал, оролцоог нь хангадаг, өндрөөр үнэлдэг гэсэн үг. Оролцуулахдаа ор нэрийн төдий бус, бодитоор, үр дүнтэйгээр хамтарч ажилладаг аж. Энэ чиглэлийн мэргэжилтнүүд нь хот, суурин газрын ус хангамжийн систем, үерийн далан, суваг шуудуу, авто замын ус зайлуулах шугам сүлжээ, гол, мөрний эрэг дагуух барилга, гүүр, гүүрэн байгууламжийг хүрээлэн буй орчин, хүн ардад ээлтэйгээр төлөвлөж, байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг. Ингэснээр ирээдүйд үүсэж болзошгүй үер усны гамшиг, замбараагүй төлөвлөлтөөс үүдэлтэй олон эрсдэлээс сэргийлдэг байх нь. Түүнчлэн төсвийн хөрөнгийг хэмнэх, иргэдийн аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулдаг аж. Суурьшлын бүсдээ гол, мөрөнтэй хотууд төлөвлөлт, зохион байгуулалтдаа гойд анхаардаг нь газар зүйн байршлын онцлогоосоо шалтгаалаад үер усны аюулд өртөх эрсдэл их байдагтай холбоотой гэнэ. Хачирхалтай нь, хотынх нь дундуур хоёр ч томоохон гол урсдаг манай нийслэлийн удирдлагууд, холбогдох яам, агентлагууд нь энэ зүй тогтлыг үл ажирч, усны инженерүүдийг илүүц мэт үзсээр иржээ. Бодлого, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хянах гээд бүх түвшинд тэдний оролцоо хязгаарлагдмал, “үхмэл” байгааг мэргэжилтнүүд хэллээ.
Саяхан болсон хурлын үеэр нэгэн инженер “Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт, аюулт үзэгдлийн давтамж, ялангуяа үер, далайн хар салхины эрсдэл жил ирэх тусам дэлхий дахинд нэмэгдэж байна. Үүнийг дагаад усны барилга, байгууламжийн инженерүүдийн оролцоо, мэргэжлийн үнэ цэн өсөж буй. Харин Монголд эсрэгээрээ, зарим нь ийм мэргэжил байдгийг ч мэддэггүй юм билээ. Усны инженерчлэлийн салбар орчин цагт хүрээлэн буй орчны инженерчлэлийн зарим асуудалтай холбогдон, өргөжин тэлж, тэр хэрээр энэ чиглэлийн нарийн мэргэжил олширч байгаа. Усны инженер гэхээр ус хэмждэг, судалдаг хүн, эсвэл усан цахилгаан станцад л ажилладаг мэргэжилтэн гэж ойлгодог хандлага иргэдийн дунд түгээмэл. Үнэн хэрэгтээ тэдэнд барилга, авто зам, хот суурины ус хангамж, уул уурхай гээд оролцохгүй, хамааралгүй салбар гэж үгүй. Иргэдийг гамшгаас хамгаалахад ч чухал хувь нэмэртэй. Гэвч Монгол Улс тэдэнд мэргэжлээрээ ажиллаж, үүргээ гүйцэтгэх боломж олгодоггүй” гэсэн юм.
ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, усны инженер, доктор Б.Аюурзана “Мэргэжлийн хүмүүсээр хийх ёстой ажлыг нь гүйцэтгүүлэхгүй, мөнгө харсан шийдвэрүүд гаргасаар байвал бид цаашид үерийн эрсдэлийг дийлэхгүй. Гүүр, авто зам доогуур ус гаргах хоолойн зураг төсөл боловсруулах, гүйцэтгэх ажилд усны барилга, байгууламжийн инженерийн оролцоог алгасаад, үгүйсгээд байх нь ямар ашигтай вэ. Мэргэжилтэн бэлтгэж, мэргэшсэн зөвлөх болж хөгжих хэрэгцээ энэ нийгэмд байна уу. Сайн “цүнх баригч” байхад бүх ажилд оролцож, шийдэл гаргаж болдог хэрэг үү” хэмээн бухимдлаа илэрхийлэв.
Түр зуур орсон бороонд л авто болон төмөр замууд усанд автаж, эвдэрдэг нь, Улаанбаатар хот бүхэлдээ үерийн эрсдэлтэй бүс болж хувирсан нь, устай холбоотой төслүүд амжилттай хэрэгждэггүйн шалтгаан нь ерөөсөө л мэргэжлийн хүмүүсийг тохирох ажлын байранд нь томилдоггүйтэй холбоотойг дээрх мэргэжилтнүүд хэллээ. Зам, тээвэр, барилга, хот, эрчим хүчний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагууд нь усны барилга, байгууламжийн инженерүүдийн мэргэжлийн оролцоог тодорхойлж, хангаж чаддаггүйг ч мөн дурдлаа.
Хэрэв манай улс дэлхийн бусад орны жишиг, нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу инженерүүдээ үнэлдэг, тэдний зүгээс дэвшүүлсэн санал, шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, судалгааг нь “тоодог”, бодлого, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд гар бие оролцуулдаг байсан бол өнөөгийн Улаанбаатар арай өөр дүр төрхтэй байхыг ч үер, усны аюул ярианы сэдэв болсон энэ өдрүүдэд мэргэжилтнүүд хөндөж буй юм. Хот төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад усны инженерүүдийн мэдлэг, ур чадварыг ашиглаж, түүнийгээ ягштал мөрдөж ирсэн бол Туул, Сэлбэ голын голдирол, татам ингэтлээ хумигдахгүй, үерийн буруутан хэмээн ад шоо үзэгдээд буй “Авлига” хороолол, “S’Outlets” дэлгүүрийн барилга сүндэрлэхгүй байсныг ч хэлж байна. Зам, гүүр, гүүрэн байгууламжуудаа тэдний оролцоотойгоор барьдаг жишиг тогтоосон бол ус зайлуулах шугамаас үүдэлтэй хэрүүл жилийн жилд гарахгүй, бороо орох тоолонд гудамж, талбай “нуур, далай” болж хувирахгүй, “Стандартгүй гүүр, гүүрэн байгууламжууд голын урсцыг боож, үерлэх шалтгаан болж байна” хэмээн зовлон тоочиж суухгүйг ч онцоллоо. Мөн өнгөрсөн явдлаасаа суралцаж, мэргэжлийн түвшинд, шуурхай арга хэмжээ авч чадсан бол өнгөрсөн жилийнх шиг үер дахин тохиохгүй байх боломжтой гэж усны инженерүүд үзэж байгаа юм. Нээрэн л өнгөрсөн оны үерээс сургамж авч, юу хийв гээд судлаад үзэхээр дорвитой зүйл олдохгүй байна. Үерийн улмаас үүссэн лаг шавар, хог хаягдлуудаа ч бүрэн цэвэрлэж чадалгүй бүтэн жил тойров. Стандартын бус, нурах магадлалтай, голын урсцад саад учруулдаг хэмээн “акталсан” гүүрүүдээ ч нурааж дөнгөлгүй өдий хүрлээ. Харин ганц тууштай хийж байгаа ажил нь голын эрэг, татмыг чөлөөлөх нэрээр бургастай хийж буй “тэмцэл”.
Мэргэжлийн бус хүмүүсийн энэ мэт алдаатай, буруу шийдвэр, төлөвлөлт нь Улаанбаатарыг улам доройтуулж, үргэлж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байх нөхцөл бүрдүүлэв. Гэтэл бодлого, шийдвэр гаргах түвшний хүмүүс нь энэ алдаа дутагдлаа олж харахгүй, ухаарахгүй, стандартгүй, тооцоо, төлөвлөлтгүй ажлууд нэмж хийсээр байна. Хэдхэн хоногийн өмнөх борооноор усанд автаж, олны анхааралд орсон Яармагийн гүүрний зураг төслийг чухам хэн гэдэг инженер боловсруулсан, угсралтынх нь ажилд мөн ямар хүн оролцож байгааг мэргэжил нэгтнүүд нь эрж сураглах боллоо. Усны инженергүй, ямар ч туршлагагүй “Билгүүн Монгол констракшн” хэмээх компаниар Сэлбэ голд үерийн далан бариулахаар төлөвлөж байгааг ч анхааруулж эхлэв. Голын урсцыг түргэсгэх зорилгоор Сэлбэ, Дунд голын ёроолыг экскаватороор ухаж байгаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй, инженерийн шийдэл биш гэдгийг ч мэргэжилтнүүд санал нэгтэйгээр хэлсээр. Даанч энэ бүхнийг нь сонсож, ажил хэрэгтээ тусгаж буй хүн алга. Мэргэжлийн ур чадвараа сайтар хөгжүүлсэн зарим нь компьютерын тусламжтайгаар хур тунадасны хэмжээ, усны урсгал, үерийн эрсдэлийг тооцоолон гаргасан сэрэмжлүүлэг бүхий зураглалаа ч танилцуулсаар буй. Гэвч түүнийг нь анхааралдаа авч, ашиглаж байгаа байгууллага алга.
Сэлбэ голыг тохижуулах төслийн хүрээнд манай улсад ирсэн солонгос мэргэжилтэн “Танай хот голуудынхаа орон зайд хууль, дүрэмгүй халдаж, урсгалыг нь боосон байна. Их хэмжээний бороо орсон үед гол задгайрч, ойр хавиа усанд автуулах эрсдэл ойртож. Хамгаалалтын далан, шуудуу байгуулах хэрэгтэй. Өөрөөр оролдоод хэрэггүй” гэж зөвлөж байсныг нэгэн мэргэжилтэн хэллээ. Эл төслийн зорилго нь Сэлбийг хамгаалах бус, эргийг нь цементэлж тохижуулах байсан учраас тухайн үед түүнтэй уулзсан хүмүүс ажилд нь садаа болох вий гэхдээ энэ талаар ганц ч үг ган хийлгүй тас нуугаад өнгөрчээ. Сайшаалтай нь, энэ төсөл олны хэл амнаас болоод зогссон юм. Тиймээс л тэнд ажиллаж байсан залуу хожим ч болов ийнхүү ам нээв. Мэргэжлийн бус хүмүүс асуудалд хэрхэн ханддагийг, олон нийтийн эрх ашгийг яаж уландаа гишгэдгийг энэ жишээнээс харж болно.
Бэлтгэсэн Н.Мишээл