-Энэ оны эхний таван сарын байдлаар зам, тээврийн ослоор 19 хүүхэд энджээ-
Урин дулааны улиралд нуруугаа амрааж, сэтгэлээ сэргээхийг хэн хэнгүй хүсдэг. Зуны гуравхан сард багтаж цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, цэлгэр уудам талд дураараа гүйж, сүү, цагаан идээгээ зооглон, хөдөө амрахыг хүн бүр хичээдэг. Ялангуяа Улсын их баяр наадмын өдрүүдэд хотоос хөдөө рүү чиглэсэн их урсгал бий болж, орон нутгийн замд хөдөлгөөн эрс нэмэгддэг билээ. Гэвч энэ их баяр хөөр, зугаа цэнгэлийн цаана үр хүүхдээ эрсдэлд оруулж байдаг нь харамсалтай. Зөвхөн зам, тээврийн ослоор гэхэд өнгөрсөн онд 53 хүүхэд амиа алдсаныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн юм. Үүний 32 нь эцэг, эх, асран хамгаалагчтайгаа тээврийн хэрэгсэлд зорчиж яваад амиа алджээ. Энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам, тээврийн осол 438 удаа бүртгэгдсэн байна. Ослын улмаас 471 хүүхэд гэмтэж, 19 хүүхэд амиа алджээ. Энэ бол эмгэнэл дагуулах тоо юм.
ХАШААНДАА ТОГЛОХОД Ч ХАЛТАЙ
Хэнээр ч хэлүүлэхгүйгээр мэддэг хэрнээ эмгэнэлт байдалд хүргэдэг ослын улмаас бяцхан зүрх зогссоор байна. Хайнга, болгоомжгүй, санамсаргүй ганцхан үйлдлийн улмаас хайртай үр хүүхдийнхээ болон бусдын аминд хүрнэ гэдэг юутай харамсалтай. Автомашиныхаа хөдөлгөөнийг эхлүүлэхийн өмнө ойр орчмоо бүрэн гүйцэд шалгаагүйн улмаас бага насны хүүхдийг дайрч, амийг нь хохироох тохиолдол жил бүр хэдэн арваараа гарч байна. Тухайлбал, 2022 онд 23 хүүхэд хашаан дотроо тоглож байгаад машинд дайруулж нас баржээ. Харин өнгөрсөн онд ийм байдлаар 14 хүүхэд эндэв. Он гарснаас хойш дөрвөн хүүхэд хашаан дотроо тоглож байгаад машинд дайруулж амиа алдаж. Хамгийн аюулгүй газарт, хайртай хүмүүсийнхээ дэргэд хүүхдүүд цаг бусаар эндсээр. Энэ төрлийн ослыг бууруулахад цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодруулахад “Зам, тээврийн ослыг бууруулах чиглэлээр хяналтын болон нөлөөллийн олон ажил зохион байгуулж байгаа. Хүүхэд хашаан дотроо тоглож байгаад машинд дайруулж амиа алдах тохиолдол гол төлөв орон нутагт бүртгэгдэж байна. Халууны улиралд хүүхдүүд ихэвчлэн сүүдэр бараадаж тоглодог. Ингэхдээ хашаа, автомашины сүүдэрт байх нь түгээмэл. Мөн аав, ээжийнхээ араас дагаж гарсныг нь анзаарахгүйгээр автомашинаараа урагшлах, хойшлох, эргэх үйлдэл хийх үедээ дайрсан харамсалтай явдал гарсаар байна. Тиймээс автомашиныхаа хөдөлгөөнийг эхлэхдээ, айл, хөршийндөө очихдоо эргэн тойрны замаа сайн шалгах хэрэгтэй. Цагдаагийн байгууллага айлын хашаанд байгаа хүүхэд бүрд хүрч ажиллах боломжгүй. Тиймээс хэвлэл мэдээллийн болон төрийн, төрийн бус байгууллага, хүүхдийн төлөө ажилладаг хүмүүстэй хамтран нөлөөллийн ажил тогтмол явуулж байна. Үүний үр дүнд ийм төрлийн осол буурсан. Гэвч бүрэн таслан зогсоож чадаагүй. Энэ төрлийн ослыг бууруулахад эцэг, эхийн үүрэг хариуцлага, хүүхдэдээ тавих анхаарал нэн шаардлагатай” гэв. Орон нутгийн тухайд зам, тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн олонх нь зорчиж явахдаа, эсвэл хашаандаа тоглож байгаад ослын золиос болж байна. Жишээлбэл, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт “Prius-20” загварын автомашины жолооч хөдөлгөөн эхлүүлэхдээ дөнгөж нэг нас хүрч буй хүүхдийг дайрч, амийг нь хохироов. Үүний дараахан Говь-Алтай аймагт “Harrier” загварын автомашины жолооч мөн л хөдөлгөөн эхлүүлэхдээ дөрвөн настай хүүхдийг дайрч аминд нь хүрсэн юм.
ХҮҮХДЭЭ АЮУЛГҮЙ ТЭЭВЭРЛЭЕ
Хүүхдээ аюулгүй тээвэрлэхэд эцэг, эх онцгой анхаарах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас сануулж байна. Манай улсад жил бүр зам, тээврийн ослоор 500 орчим хүн нас бардаг гэх статистик тоо бий. Үүний цөөнгүй нь хүүхэд. Тэр дундаа эцэг, эх, асран хамгаалагчтайгаа тээврийн хэрэгсэлд зорчиж яваад амиа алдсан хүүхэд багагүй хувийг эзэлдэг. Тиймээс тэднийг аюулгүй тээвэрлэж буй, эсэхэд Тээврийн цагдаагийн албаныхан ихэд анхаарч, орон нутгийн замд хяналт шалгалтыг чангатгажээ. Тодруулбал, “Шугаман эргүүл-хар хэсэг” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж буй. Алба хаагчид орон нутгийн замд эргүүлд гарч байна. Үүний зэрэгцээ осол гарахад нөлөөлж буй эвдэрсэн замын судалгааг гаргаж, нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Зам, тээврийн хөгжлийн яамд хүргүүлжээ. Мөн 21 аймгийн Замын цагдаагийн тасгийн албан хаагчид тухайн орон нутгийнхаа Авто замын засвар арчлалт (АЗЗА)-ын компанид хугацаатай албан мэдэгдэл хүргүүлсэн гэнэ. Түүнчлэн “Амь аврах алтан гурвалжин” буюу хамгаалах бүс зүүхийн ач тусын талаар нөлөөллийн ажлыг улсын хэмжээнд өрнүүлж буй. Хамгаалах бүс зүүгээгүйн улмаас учрах хор хохирол, эрсдэлийг таниулах нь нэн чухлыг Г.Отгонтамир яриандаа онцолсон. Тэрбээр “Хамгаалах бүс зүүгээгүй иргэдэд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авдаг. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдээ хөдөө өвөө, эмээ, хамаатан садных руугаа хүргэж өгөх нь эрс нэмэгддэг. Ингэж явахдаа эцэг, эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдалд гойд анхаарах шаардлагатай. Хүүхдээ автомашиныхаа арын суудалд бүс зүүлгэж суулгах, харгалзах хүнтэй явуулахыг анхааруулъя. Суудлын бүс зүүнэ гэдэг их энгийн юм шиг хэрнээ хүмүүс тэр бүр хэрэгжүүлдэггүй. Үүнээс болж олон хүн эрүүл мэнд, амиараа хохирч байна” гэв.
УХААЛАГ УТАСНЫ УРХИ
Нийт гарч буй ослын 95 орчим нь жолоочийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж буй аж. Үлдсэн нь замын орчин болон бусад хүчин зүйлээс үүсдэг гэнэ. Өөрийн төдийгүй өрөөлийн эрүүл мэнд, амийг атгаж яваа жолооч хүн замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримталж, маш анхаарал, болгоомжтой зорчих ёстой. Гэтэл ухаалаг утсаараа оролдож явсаар осол гаргаж буйг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсан. Ялангуяа нийслэлд зам, тээврийн осол гаргахад нөлөөлдөг, жолоочийн анхаарлыг нь сарниулдаг гол урхи нь ухаалаг гар утас аж. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч бүр гар утсаа “ухаж” байгааг алба хаагчид хэлж байна. Жолооч урдах замаа 100 хувь анхаарах байтал утсаа “ухсанаар” орчин тойрноо хальт харж, гэрэл дохио зөрчих нь түгээмэл болжээ. Үүнээс шалтгаалж эгнээ, байр буруу эзлэх, цаашлаад гарцаар гарч яваа явган зорчигчийг дайрч гэмтээх, өмнөх тээврийн хэрэгслийг мөргөх зэргээр осол гаргадаг байна. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хөдөлгөөнт хэлбэрээр гар утас хэрэглэхийг хориглодог. Шаардлагатай тохиолдолд зөвшөөрөгдсөн газар түр зогсоод гар утсаараа ярих нь аюулгүй юм.
Орон нутагт гарч буй ослын гол шалтгаан нь хурд хэтрүүлэх аж. Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60, суурин газрын гадна цагт 80, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглодог. Гэтэл жолооч нар суурин газрын гадна замд 150, 160 км/цагийн хурдтай явж буйг албаныхан хэлж байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, хориглосон нөхцөлд гүйцэд түрүүлэх үйлдэл хийж байгаа нь осол гарах нөхцөл болж буй гэнэ. Үүнээс болж автомашинууд мөргөлдсөн осол орон нутагт олноор бүртгэгдэж байгаа юм. Мөн хурд хэтрүүлснээс онхолдох тохиолдол цөөнгүй. Түүнчлэн жолооч нар шөнө, оройн цагаар автомашиныхаа гэрлийг шилжүүлэхгүй явсны улмаас өөрийн болон бусдын амийг эрсдэлд оруулж буй юм. Жишээлбэл, 80км/цагийн хурдтай явж буй жолооч нэг секундэд 22 м зам туулдаг аж. Гэтэл жолооч гэрлийн гялбаанд орсон үед 1-3 секундийн турш зам, орчны баримжаа алддаг гэнэ. Өөрөөр хэлбэл, нүдээ боосон мэт байдалтайгаар 66 м зам туулах эрсдэл үүсдэгийг мэргэжилтнүүд хэлсэн. Үүнээс болж замаас гарах, зогсож буй машин, мал, амьтан мөргөх аюултай. Тиймээс замын хөдөлгөөний дүрэм баримтлах, нэг нэгэндээ хүлээцтэй хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөв.
ТОМ ОВРЫН АВТОМАШИНЫ УЧРУУЛАХ ХОХИРОЛ НЬ Ч “ТОМ”
Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө “Дүнжингарав” худалдааны төвийн дөрвөн замын уулзварт газ тээвэрлэж явсан том оврын автомашин дэлбэрсэн осол болсныг уншигчид мартаагүй биз ээ. Ослын улмаас долоон хүн амиа алдаж, есөн хүн гэмтэж, олон арван айл орох оронгүй болсон. Ганцхан жишээ хэлэхэд л хор хохирол нь ийм их байна. Гэтэл том оврын автомашинтай холбоотой осол шил дараалан гарах болсон. Орон нутгийн замд автомашинтай мөргөлдсөн, галт тэрэгний урдуур орж осолдсон гэх мэтээр тоочоод байвал тоймгүй. Том оврын ачааны машины жолооч нар ажил, амралтын горимыг зөрчихгүй байх нь туйлын чухлыг цагдаагийн алба хаагчид хэлж буй. Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх, хол замд гарахаас өмнө сайтар амрах, мөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах нь чухал. Гэтэл орон нутагт гарсан ослын дийлэнх нь жолооч нар хэт ядарсан үедээ жолоо барьсан болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйн улмаас зам дээр эвдэрсэн тохиолдол эзэлдэг аж. Эвдэрсэн тохиолдолд ослын гурвалжинг 30 метрээс багагүй зайд байршуулах ёстой. Гэтэл үүнийг байршуулаагүйн улмаас харуй бүрийн цагаар гэрлийн гялбаанд орсон жолооч өнөөх том “аюул”-ыг харахгүйгээр мөргөх эрсдэл үүсэж байна.
СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЗӨРЧИЛ БУУРАВ
Энэ оны эхний таван сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9137 зөрчил бүртгэгдсэн байна. Өмнөх онынхтой харьцуулахад нийслэлийн хэмжээнд 68, орон нутагт 25.4, улсын хэмжээнд 46.6 хувиар буурсныг цагдаагийн байгууллагаас онцолсон юм. Учир нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Зөрчлийн болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурчээ. Өөрөөр хэлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд хүлээлгэх хариуцлага нэмэгдсэн гэсэн үг. Үүний үр дүнд эл төрлийн зөрчил буурсан байна. Гэвч өдөр тутамд ийм төрлийн зөрчил гарсаар буй. Жолооч бүр замын хөдөлгөөний дүрмээ баримталдаг, тэр дундаа холын замд аюулгүй байдлаа бүрэн гүйцэд хангаж, сонор сэрэмж, анхаарал болгоомжтой зорчихгүй бол зам дээр амь тавигсдын тоо буурахгүй нь.