“Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн өмнө нүдээ хавдтал уйллаа. Яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асаргаанд оруулахад ингэж их зовоож байгаа юм бэ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн эмчид үзүүлээд аутизм гэж оношлуулсан хүүхдийг олон эмнэлгээр хэд дахин явуулж, чирэгдүүлэв. Эхлээд өрхийн эмчийн хэлснээр дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхэд, сэтгэцийн эмчид үзүүллээ. Эндээс асаргаанд орох тодорхойлолт өгөх юм гэнэ. Дараа нь дүүргийн эмчийн тодорхойлолтыг өрхийн эмчид аваачиж өгнө. Үүнийг нь өрхийн эмч дүүргийн комиссын хурлаар оруулна. Тэр хурал нь сард тогтсон нэг өдөр хийх хуваарьтай. Хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй өчнөөн хүнийг ингэж үүдэндээ дугаарлуулж байгаад хуралдана. Эмч нар нь загнаж, зандарсны эцэст арайхийн “Хөгжлийн бэрхшээлтэй” гэх ангилалд оруулна. Бүр бэрхшээлтэй болохоо батал гэдэг харгис системийг би хоёр дахь удаагаа мэдэрлээ. Ганцаараа гадуур явж чаддаггүй, суу, бос гэж хэлэхэд ойлгохгүй, харсан зүгтээ зугтдаг, олон хүнтэй орчинд байхаас эмээдэг төрөлхийн ялгаатай хүүхдээ чирээд эмнэлэг, эмчийн үүд сахиад явах нь. Бас болоогүй “Аутизмтай хүүхдийн ээж нь хаана байна” гэж эмнэлгийн хонгилоор нэг орилох хүний эрхийн мэдрэмжгүй эмч нар.
Эрүүл мэндийн салбарт эмх цэгц, зохион байгуулалт, хүндээ ээлтэй байх сэтгэл дутаж байна. Эцсийн бүлэгт аутизмтай хүүхдийг асаргаанд оруулдаг юм бол яагаад СЭМҮТ-д бүх асуудлыг нь шийдээд өгч болохгүй байгаа юм бэ. “Ковид-19” цар тахлын хатуу хөл хорионы үед долоон сартай жирэмсэн би бүрэн саажилттай ээжийгээ асаргааны тэтгэмжид оруулах гээд явж байлаа. 30 градусын хүйтэнд гадаа удаан зогсоочхоод халамжийн хэмжээг буруу тооцоолж дээрэлхэж байсан. Монголын нөхцөлд саажилттай ээжтэй, аутизмтай хүүхэдтэй байхад Стэнфордын диплом байгаад ч чөмөг дундарлаа. Үнэхээр ядарч байна” хэмээн боловсрол судлаач Э.Сүндарь цахим хуудсандаа бичсэн юм. Түүний энэ бичлэг тэр даруй цахим орчинд “тэсрэлт” болж, олон зуун хүн цааш нь түгээж, өөртэй нь ижил асуудал тулгарсан талаараа хуваалцжээ. Тэр ч бүү хэл, холбогдох яам, Тамгын газрынхан хөдөлгөөнд орж, асуудлыг нь тэр даруй шийдвэрлэж өгнө хэмээсэн байна. Сүхбаатар дүүргийн Халамжийн хэлтсийнхэн түүнтэй холбогдож, “СЭМҮТ-д аутимзтай гэж оношлуулсан хүүхдийг дахиж дүүргийн эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй” гэсэн гэнэ. Манай дүүргийн хувьд ийм зарчим үйлчилнэ гэжээ. Энэ бол “толгойгүй” төрийн бодит жишээ юм. Монгол Улсад эрүүл мэндийн салбарынханд ижил журам, баримт бичиг үйлчилдэггүй юм уу. Дүүргийн эмнэлэг, эмч бүр “өөр” зарчмаар ажилладаг бололтой. Эрүүл мэндийн лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлдэг III шатлалын эмнэлгийн магадалсан оношийг II шатлалын эмч үзэж нягтлаад асаргаанд оруулж буй нь оновчтой юу. Өвчтэй хүүхэд, иргэдийг олон шат дамжлагаар явуулж, туйлдуулах нь хэнд ашигтай вэ.
Өвчтэй хүүхдээ эмнэлэгт үзүүлэх, халамжид хамруулах гэдэг халгамаар хэцүү зүйл болохыг Э.Сүндарь зориглож хөндсөнөөс биш, олон хүн бие, сэтгэлээрээ мэдэрч, туулаад гарчээ. Энэ талаарх зарим жишээ дурдъя.
Жишээ 1
-Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд мэдээллийн нэгдсэн систем гэж алга. СЭМҮТ, Хавдар судлалын үндэсний төв зэрэг гуравдугаар шатлалын эмнэлгийнхэн оношилсон бол тухайн хүний мэдээллийг нэгдсэн системд бүртгэдэг. Үүнд үндэслэж дүүргийн Хөдөлмөр магадлах комиссын хурлаар оруулахад л хангалттай. Хүүхдийг заавал авчрах албагүй. Гэтэл ээжүүд хүнд суртал, чирэгдэл дундуур хүүхдээ тэврээд эмнэлгийн үүд сахиж сууна. Нэг өдөр ижил цагт бүгдийг нь дуудаад удаан хүлээлгэдгийг ойлгодоггүй. Жаахан сэтгэл гаргаад зохион байгуулахад л болох ажил. Таягтай хүнийг шатаар алхуулж, бие муутай иргэнийг олон цагаар дугаарлуулж суулгах нь эмч нарт таатай байдаг бололтой.
Жишээ 2
-Ганц эмнэлэг биш. Дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст очоод их муухай мэдрэмж авсан. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ээж ороод ир” гэснээ “Ингээд улсаас нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлээд, сайхан байгаа биз” гэхэд нүдэнд минь нулимс дүүрээд, хоолой зангирсан. Надад огт сайхан санагддаггүй. Хүүхэд минь эрүүл байсан бол юутай ч зүйрлэшгүй сайхан. Байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхчүүдийг улсын мөнгө идээд гэртээ зүгээр суудаг гэж хардаг юм билээ.
Жишээ 3
-Өнгөрсөн намар хүүгийнхээ халамжийн хугацааг сунгах гээд эмч нарын зөвлөгөөнөөр оруулсан юм. “Хүүгээ живхнээс гаргачихсан юм чинь бараг эрүүл болсон гэсэн үг, хасна шүү” гэнэ. Хүү минь таван нас хүртлээ унтахдаа живх өмсдөг байсан юм. Одоо суултуур дээр суулгахаар муухай орилоод асуудал нь хэвээрээ. “Аав аа, ээж ээ” гэдэг болсон байна. Танай хүү унаж татдаггүй л юм байна шүү дээ” гэх мэтээр эмч нар аль болох халамжаас нь хасах гээд түмэн шалтгаан хайсан. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийг сайжруулах, өмнөх түвшнээс нь ахиулахын төлөө багагүй бэрхшээлийг туулдаг. Эмч, мэргэжилтнүүд хууль, журмынхаа дагуу л ажиллаасай.
Манай улсад өнгөрсөн оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 111 мянга орчим иргэн байна. Энэ нь нийт хүн амын 3.2 хувийг эзэлж буй юм. Тэдний 39.7 хувь нь төрөлхийн бэрхшээлтэй бол үлдсэн нь ямар нэгэн осол, гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 12 мянга гаруй нь 0-18 насны хүүхдүүд. Эдгээр хүүхдэд байнгын асаргаа шаардлагатай гэж үздэг. “Байнгын асаргаа шаардлагатай” гэх энэ тодорхойлолтоос харахад л тухайн хүүхдийг бие дааж амьдрах чадваргүй, хараа хяналт шаардлагатай, хүнд өвчтэйг илтгэнэ. Гэтэл ийм хүүхдүүдэд сард хэдхэн төгрөг олгохын төлөө заавал өөрийг нь байлцуулж, элдэв янзаар хэлж, адалж, айлгаж бусдаас өөр гэдгийг нь дахин дахин мэдрүүлэх шаардлагатай гэж үү. Цахим үндэстэн юм бол эрүүл мэндийн системээ цахимжуулж, салбар хоорондоо уялдаа холбоотой ажиллан, хүүхдийн эрхийг зөрчихгүй байгаасай.
Өндөр настай, тархинд нь цус харвасан, саажилттай гэх мэт байнгын асаргаа шаардлагатай, эрүүл мэнд нь нэгэнт доройтсон иргэдийг нааш цааш нь явуулж, “тамлах” хэрэг байна уу. Тэр ч бүү хэл, үйлдвэрийн ослоор өрөөсөн гараа алдсан иргэнийг жил бүр дууддаг гэнэ. Ямар сайндаа тэрбээр “Энэ гар ургачих биш дээ” гэж халаглах вэ дээ. Хараагүй, сонсголгүй иргэдийг хүртэл “сохор”, “дүлий” гэдгээ батал хэмээн буцаана. Мэдээж халамжийг хавтгайруулж болохгүй. Гэхдээ бүх л улс оронд халамж, тэтгэмж авах шаардлагатай хүмүүс амьдарч байна. Тэдний эрхийг зөрчихгүй, хохироохгүй, чирэгдэл учруулахгүйгээр үйлчлэх нь төрийн байгууллагын гол үүрэг. Гэтэл манай хүнд сурталд идэгдсэн төрийн байгууллагын ажилтнуудын харилцаа хандлага, үйлчилгээ өвчтэй нэгэнд үнэхээр харгис байна.
Төрийн үйлчилгээ авахын тулд албан байгууллага бүрийн хаалга татаж, олон хүний ааш аягт тааруулах гэж зүдэх тусам иргэд халаасаа тэмтэрдэг. Энэ хэрээр авлига цэцэглэдэг нь нууц биш. Хүнд өвчтэй хүүхдүүдээс эхлээд хөдөлмөрийн чадвараа алдсаныг тогтоолгох хуралд оролцогчид эмч, мэргэжилтнүүдийн гарыг хүндрүүлдэг бичигдээгүй хууль одоо ч үйлчилсээр л. Гарын үсэг зурдаг эрх бүхий хүмүүс халамжийн хэдэн төгрөгийг нь халааснаасаа гаргах гэж буй мэтээр аягладгийг хэн хүнгүй л мэддэг. Хороо, дүүрэг, аймаг, сумын халамжийн ажилтан, мэргэжилтнүүдэд хүртэл тал засахгүй бол горьгүй. Тухайлбал, төрөлхийн хэл ярианы бэрхшээлтэй охиноо халамжийн мөнгөнөөс нь хасуулчихгүйн тулд хяналтын эмчдээ хэдэн төгрөг атгуулдаг тухайгаа нэгэн эмэгтэй ярьсан. Гар хараад сурсан нөхөд группийн мөнгөнөөс чинь хасуулна шүү гэж айлгадаг гэх. “Сонсголын бэрхшээлтэй үеэл дүүг минь эмч нар загнаж, зандарч, тэр ч бүү хэл нудраад авахад хөөрхий минь гэм хийсэн мэт гэлбэлзсээр гарч ирсэн” гэж охины эгч дурдсан. Хорт хавдрын хожуу шатанд орсон эхнэрийг нь асаргааны тэтгэмжид оруулахаас татгалзахад “Үхсэн хойно нь та нар хэдэн төгрөг харамлаарай” гээд өрхийн эмнэлгийн хаалга саваад гарч одсон нэгнийг ч мэдэх юм. Халамжийн тэтгэмж авах, эсэхийг шийдэх хуралд орох үеэр эмч нарын харилцаа, хандлага халширмаар, хүйтэн хөндий болдог талаар иргэд ярьж байна. Үүгээр ч зогсохгүй өвчтэй хүмүүсийн өмссөн зүүснийг сонжино. Аятайхан хувцасласан бол “Халамж авах шаардлага байгаа юм уу” гэж тавлах жишээтэй. Тухайн хүний оношноос шалтгаалан халамж авах хугацааг тусгасан хуулийн заалт бий аж. Гэтэл Хөдөлмөр магадлах комиссынхон хуулийн дагуух хугацаагаар нь сунгахгүй байх тохиолдол гардаг гэнэ. Аутизмын эмгэгтэй хүүхдийнхээ халамжийг үргэлжлүүлэн сунгуулж чадаагүй нэгэн эмэгтэй “Хүүхэд минь эрүүл саруул байсан бол эндээс илүү жаргал гэж үгүй. Цэцэрлэг, сургуульдаа маргааш ирэхгүй ч байж болно шүү гэж ханддаг нийгэмд бид амьдарч байна” хэмээсэн юм.
Энэ бүх хүнд суртал, чирэгдлийг хэрхэн багасгах боломжтой вэ. Хамгийн наад захын жишээ нь халамжийн нэгдсэн систем болох ehalamj. mn цахим хуудас дахь, асаргаанд бүртгүүлэхэд бэлдэх материалын жагсаалт доторх “Эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт” гэдэг зүйлийг аль шатлалын, ямар эмнэлгээс байхыг нь тодорхой зааж оруулах хэрэгтэйг Э.Сүндарь хэлэв. Тэрбээр эрүүл мэндийн салбарын хүнд суртал, асуудлын талаар хуваалцаж, мэдээлэл өгсөн хүн бүрийн жишээ баримтыг хэвлэж, Хөдөлмөр, нийгэм хамгааллын болон Эрүүл мэндийн яаманд хүргүүлэх аж. Аливаа зүйл тодорхой байх тусам чирэгдэл, хүнд суртал буурахыг албаныхан мэдэж буй. Гол нь сэтгэл дутаад байна.