УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Б.Болдбаатар, Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх Р.Батрагчаа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах саналаа Төрийн тэргүүн УИХ-д уламжлав. Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшүүлснээр 2018 оны тавдугаар сард Цэцийн гишүүнээр томилсон Б.Буяндэлгэр, Г.Туулхүү нарын оронд тэднийг санал болгож буй. Мөн УИХ-аас санал болгож томилсон Ш.Солонгын бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа тул УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмонг дэвшүүлэх сурагтай. УИХ-ын отгон чуулганыг түр завсарлуулахаас урьтаж, ээлжит сонгуулиас өмнө тэднийг томилчих биз.
ДАРГЫН “СОНГУУЛЬ” ДАРАА НЬ БОЛОХ УУ
Ингэснээр тэд нэр дэвшигчийн сонсголгүйгээр Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдох дараагийн хүмүүс болох нь. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Цэцийн гишүүнээр О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа нарыг нэр дэвшигчийн сонсгол хийхгүйгээр томилсон юм. Өөрөөр хэлбэл, тухайн албан тушаалд тавих шаардлага, чадвар, туршлагыг тэд хэр хангасан, ёс зүйн алдаа гаргаж байсан уу гэдгийг иргэд, олон нийтийн төлөөлөл нээлттэй сонсож чадаагүй гэсэн үг. Цэцийн гишүүдийг томилохгүй баахан удсаны эцэст нээлттэй сонсгол явуулахтай холбоотой заалтыг түдгэлзүүлсэн үед хийсэн томилгоо учраас хардлага дагуулж байв. Энэ удаа ч Цэцийн гишүүдийн томилгоог богино хугацаанд, хаалттай хийх нь. Тодруулбал, Цэц өнгөрсөн оны есдүгээр сард хийсэн дунд суудлын хуралдаанаас гаргасан 05 тоот тогтоолоороо Цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч, улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилохын өмнө УИХ-аас нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн. Улмаар УИХ-ын хяналт шалгалтын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан нэр дэвшигчийн сонсгол явуулах заалтыг түдгэлзүүлсэн билээ. Эл дүгнэлтийг УИХ аравдугаар сарын 5-нд хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн. Гэвч Цэц өнгөрсөн хугацаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу их суудлын хуралдаанаа хийсэнгүй. Дээр дурдсан албан тушаалтнуудыг томилохын өмнө сонсгол хийх заалтыг түдгэлзүүлснээс хойш найман сар өнгөрсөн ч Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрээ гаргаагүй л байна. Их суудлын хуралдаанд холбогдох тайлбарыг УИХ-аас ирүүлэлгүй удсан, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилолгүй цаг алдсан учраас хуралдаагүй байна гэх хариултыг Цэцийн зүгээс энэ оны эхээр өгсөн ч өнөөдрийг хүртэл таг, тов зарласангүй. Цэцийн дүгнэлтээр түдгэлзүүлсэн нээлттэй сонсголыг цаашид хийх үү, эсвэл дээрх албан тушаалтнуудыг томилохдоо хэзээ ч сонсгол явуулахгүй юм уу гэдэг нь тодорхойгүй хэвээрээ.
Уг нь Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй учраас тухайн маргааныг хуралдаанд бэлтгэх шатнаас эхлэн дахин хянан шийдвэрлэнэ гэсэн үг. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх ёстой. Цаашлаад тухайн маргаан ээдрээ, төвөгтэй шалтгаанаар дээрх хугацаанд бэлтгэж амжихгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болох зохицуулалт бий. Бэлтгэл ажиллагаа дууссан гэж үзвэл түүнийг Цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлодог. Гэхдээ хуралдаанд бэлтгэх хугацааг сунгах, эсэхийг Цэцийн дарга шийддэг. Хэдийгээр Үндсэн хуулийн цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ байсан ч дундаасаа даргаа сонгож чадалгүй байсаар гурван гишүүнийх нь бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа нь энэ. Процессын хувьд даргаараа сонгох хүний нэрийг Цэцийн есөн гишүүн дотроосоо дэвшүүлэн, хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хураан, нийт гишүүний олонхын санал авсан нь удирдах ёстой атал өнөөдрийг хүртэл томилж чадаагүй нь энэ гурван гишүүний томилгоог хүлээсэнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Иймд тэднийг томилсны дараа Цэцийн гишүүдээс хэнийг нь даргаар сонгох вэ гэдэг нь анхаарал татаж байна. Ер нь цаашлаад их суудлын эл хуралдааныг сонгуулиас өмнө хийхгүй бол парламент шинээр бүрдэж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг дахин томилох, тайлбар гаргуулах гэх мэтээр сунжирна.
ХЭН НЬ ХЭН БЭ
Нэгэнт нээлттэй сонсголгүйгээр томилох гэж буй тул нэр дэвшигчдийн талаарх зарим мэдээллийг хүргэе. Р.Батрагчаа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад энэ оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдсон. 1999 онд Отгонтэнгэр их сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Өдгөө тус сургуульд докторантурт суралцаж буй аж. Ажлын гараагаа Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокуророор эхэлж, “Түшээ” дээд сургуульд багш, ИБУИНХУ-ын “Берримен” хуулийн фирмд туслах хуульч, “Датамо”, “Кью Жи Экс Монгол” компанид хуульч, 2016 оныг хүртэл “Эй энд Эй глобал” хуулийн фирмийн өмгөөлөгч, захирал байжээ. Үүнээс хойш “Төрийн орон сууцын корпорац” ТӨҮГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга зэрэг удирдах албан тушаал хашсан байна. Тэрбээр 2019-2020 онд нийслэлийн Засаг даргаар С.Амарсайхан ажиллаж байхад Тамгын газрыг нь удирдсан бөгөөд одоогийн Шадар сайдтай ойр, хуульч, өмгөөлөгчийнхөө хувиар түүнтэй хамтарч ирсэн байдаг.
Сонгууль дөхсөн энэ үед Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн томилгоог богино хугацаанд , хаалттай, иргэд битгий хэл , түүнийг хэлэлцдэг төрийн эрх барих дээд байгууллагын гишүүдийн оролцоог ч хангахгүй шахам, тулгалт байдлаар хийх гэж буйг дахин сануулъя.
Б.Болдбаатар нь 1992 онд ОХУ-ын Москва хотын авто замын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн, инженер, хуульч мэргэжилтэй. 2004 оноос УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн ажлын албаны дэд даргаар ажилласнаар парламентын “гал тогоо”-нд орж ирсэн нэгэн. Дараагийн парламентад нь АН-ын ажлын албаны даргаар ажиллаж байгаад 2012 онд тэд олонх болоход УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон юм. Ингээд 2016 оны сонгуулиар АН цөөнх болж, өөрийн хүсэлтээр албаа өгч байв.
УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын тамгыг түүнээс Ц.Цолмон хүлээн авсан бөгөөд тэд хамтдаа Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшиж буй нь сонирхолтой. Ташрамд дурдахад, Цэцийн гишүүн Л.Өлзий сайхан мөн УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад эл албанд томилогдсон билээ. Ингэхдээ Ц.Цолмонгоос ерөнхий нарийн бичгийн даргын тамгыг авч байв. Ц.Цолмон мөн л өөрөө өргөдлөө өгсөн түүхтэй. Өөрөөр хэлбэл, 2012 оноос парламентын Тамгын газрыг дараалан удирдсан гурван хүн Цэцэд очих нь. Ц.Цолмон нь ОХУ-ын Омск хотод технологийн техникум, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2001-2003 онд Их Британийн Эксетер, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалжээ. УИХ-ын Тамгын газарт компьютерын операторч, 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга, 2011-2016 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчөөр ажиллаж байж. Түүнийг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоход “Ц.Нямдоржийн хүн ирлээ” хэмээсэн бол албаа өгөхөд нь “М.Энхболдын хүнийг Г.Занданшатар явууллаа” гэцгээсэн. Тэрбээр парламентын 2020 оны сонгуулиар нийслэлийн Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшсэн юм.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, ял шийтгэлгүй, Монгол Улсын 40 нас хүрсэн иргэн байх ёстой. Үндсэн шаардлага нь л энэ. Эдгээрээс “улс төрийн өндөр мэргэшилтэй” байх шалгуурыг дээрх нэр дэвшигчид хангаж байна гэж хэлэхэд хэцүү аж. Цэцийн гишүүнээр сүүлд томилогдсон хүмүүсийн дотор ч судлаач, хуульч түлхүү бий. Сонгууль дөхсөн энэ үед Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн томилгоог богино хугацаанд, хаалттай, иргэд битгий хэл, түүнийг хэлэлцдэг төрийн эрх барих дээд байгууллагын гишүүдийн оролцоог ч хангахгүй шахам, тулгалт байдлаар хийх гэж буйг дахин сануулъя.