- 330 сумын ердөө 30 нь шүдний эмчтэй –
Шүд нь өвдөж, цоороогүй иргэн Монгол Улсад лав үгүй болов уу. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийнхны хамгийн сүүлд буюу 2021 онд хийсэн судалгаанаас харахад нийт хүүхдийн 80-90, насанд хүрэгчдийн 98 хувийнх нь шүд цоорсон байна. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан 0-17 насны хүүхдийн 250 096-д нь ямар нэгэн өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тэдний 78 хувьд шүд цоорох, 2.9 хувьд нь шүдний гажиг илэрсэн нь өвчлөлийн тэргүүлэх шалтгаан аж. Шүд нь цоорсон хүүхдүүдийн 82.6 хувийг 6-17 насныхан эзэлж буй юм. Эдгээр тоо нь манай улсад, тэр дундаа хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл гамшгийн хэмжээнд хүрснийг харуулж байна.
Шүдний өвчлөлийн тоогоор манай орон олон улсын дунджаас даруй хоёр дахин өндөр байна. Олон улсад хүн амын 30-40 хувь нь л шүдэндээ санаа зовдог аж. Япон Улс хүн амынхаа шүдийг эрүүлжүүлж чадсанаараа алдартай. Тус улсаас суралцаж, эмчилгээний арга барилыг нь хөрсөндөө буулгах боломжтойг шүдний мэргэжилтнүүд хэлдэг билээ. Гэвч манай улс шүдний гэх тодотголтой олон хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүнд хүрсэнгүй. Татвар төлөгчдийн мөнгийг л хэдэн тэрбумаар нь урсгав. Үүний нэг жишээ нь 2019 онд хэрэгжүүлсэн “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр. Хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, өвчлөлийн тархалтыг 30 хувь, цоорлын эрчмийг дөрвөн нэгжээр бууруулах зорилготой хэмээн эхлүүлсэн уг хөтөлбөр амжилт олоогүй. Тодруулбал, хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны 725 мянган хүүхдийн шүдийг эрүүлжүүлэхэд 50 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж Засгийн газраас үзсэн. Ингэхдээ нэг хүүхдэд60 мянган төгрөгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр тооцсон юм. Харамсалтай нь, бодит байдалд дээрх төсөв хүрэлцээгүй. Дунджаар 5-6 шүд нь хорхойтсон хүүхэд цөөнгүй байсан нь эмч нарыг сандаргасан гэдэг. Тиймээс мөнгөнд нь тааруулж, нэрийн төдий эмчилсэн гэхэд хилсдэхгүй. Ийнхүү 2022 он гэхэд бага насны хүүхдүүдийг шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэсэн Засгийн газрын амлалт нь талаар болсон. Хүүхдийн шүдний өвчлөл буураагүй, харин ч нэмэгдсэн нь эл хөтөлбөрийг үр дүнгүй байсныг баталж буй. Тиймээс удалгүй “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрийг зогсоосон билээ.
Улаанбаатар хотын булан тохой бүрд шүдний эмнэлэг бий. Улсын хэмжээнд шүдний тусламж, үйлчилгээ үзүүлдэг 600 орчим эмнэлэг байдаг гэж Эрүүл мэндийн сайд мэдээлсэн. Харин Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөлтэй, шүдний тусламж, үйлчилгээ үзүүлдэг хувийн 20, нийслэлийн Эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөлтэй нь 445, нийт 465 эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг гэв. Хүн ам цөөтэй ч шүдний эмнэлэг ийм олон байгаа нь өвчлөл ямар хэмжээнд буйг илтгэнэ. Эрэлт хэрэгцээ буурахгүй байгаагаас л шүдний эмнэлэг олшроод буй.
Улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалаар тусламж, үйлчилгээ үзүүлдэг ганц эмнэлэг нь нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв. Гэвч энэ төвөөс үйлчилгээ авна гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй адил гэдгийг олон хүн хэлдэг. Учир нь үзлэгийн цаг авах гэж иргэд хэдэн өдөр “хөөцөлдөөд” чаддаггүй гэнэ. Өмнөх өдөр нь цахимаар цаг олгодог бөгөөд орой 20.00 цагт программ нь нээгддэг аж. Гэвч ганц минут хүрэхгүй хугацаанд үзлэгийн цаг нь дуусчихдаг байна. Заримдаа программ нь гацдаг учир хүмүүс тус төвд очиж цаг авдаг гэнэ. Ингэхдээ нэг хүн жилд гурван шүд л эмчлүүлэх боломжтой ажээ. Эрүүл мэндийн даатгал төлснийхөө ашиг шимийг хүртмээр байвч хүртээмжгүй байдлаас болж иргэд хувийн эмнэлэг бараадаж байна.
Уг нь дүүргийн эмнэлгүүдэд шүдний эмч ажилладаг ч ачааллаа дийлдэггүй. Тэр ч бүү хэл, улсын хэмжээнд 330 сумын ердөө 30 нь шүдний эмч, кабинеттай аж. Бусад нь шүдний эмчгүй, урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмжгүй гэнэ. Шүдний тусламж, үйлчилгээний өртөг өндөр тул хүн амын хэрэгцээг дагаад эмнэлгүүд нь нийслэлд төвхнөсөн. Хэрэгцээтэй газарт нь тусламж, үйлчилгээ байхгүй нь шүдний өвчлөл хот, хөдөөгүй тархахад нөлөөлснийг мэргэжилтнүүд хэлж байна. Салбар яамнаас нь улсдаа ганц Шүд, эрүү нүүрний төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх, мэргэжилтнүүдийг нь чадавхжуулахад анхаарахгүй хэрнээ “гоё” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлэхээс хэтрэхгүй суугаа нь харамсалтай.
Дөрвөн хүүхдийн ээж М “Гурван настай хүүгийнхээ шүдийг үзүүлэхээр улсын эмнэлэгт анх удаа цаг авсан юм. Хэдэн сар хүлээж байж үзүүлтэл цоорсон шүдийг нь эмчлэхгүй, шууд ломбодсон. Ганц хоноод ломбо нь уначихлаа. Цаг гарздаж, ийм чанаргүй үйлчилгээ авснаас хувийн эмнэлэгт үзүүлсэн нь дээр юм билээ. Сувгийн эмчилгээ хийлгэж, ломбодуулахад 300 мянган төгрөг төлсөн. Дараа нь би өөрөө дүүргийнхээ шүдний эмчид үзүүлэхэд өвчин намдаах тариа хийгээд бүрэн мэдээ алдаагүй байхад шүдийг минь авах гээд байсан. Түүнээс хойш улсын эмнэлэгт үзүүлэх итгэл алдарсан даа. Эмч нар нь юу хийгээд завгүй суудгийг ойлгоогүй. Бүтэн шүдтэй үлдье гэвэл сонголтоо л зөв хийх хэрэгтэй” гэж ярив. Улсын эмнэлгийн дарааллаас халширч, үйлчилгээний чанарт нь сэтгэл дундуур үлдсэн түүн шиг олон хүн өртөг өндөртэй ч хувийн эмнэлгийг сонгохоос өөр аргагүйд хүрээд байна. Шүдний тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжгүйг албаныхан хэлдэг. Эмчилгээний өртөг өндөр учир манай улсын даатгалын сан хүчрэхгүй гэнэ. Сүртэй эхлүүлээд дундаас нь орхисон “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрийн санхүүжилтийг ч гаргаж дийлэхгүй болиулсан гэх.
Шүдний эмч, мэргэжилтнүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авах нь гол шийдэл гэдэгтэй санал нэгддэг. Гэхдээ “бай”-гаа оноогүй сүржин хөтөлбөрүүд хэрэгжүүлж, тэрбумаар нь салхинд хийсгэх бус, бодитой арга хэмжээ авах ёстойг хэлэв. Тухайлбал, анагаах ухааны доктор, шүдний эмч Ж.Отгонболд “Монгол Улс жил бүр нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бодлогын хүрээнд хүүхдүүдээ дархлаажуулдаг. Үүнтэй адил зургаан настай бүх хүүхдийн байнгын нэгдүгээр их араа шүд шүдлэхэд ховилыг нь битүүлээд өгчих хэрэгтэй. Улс, хувийн эмнэлэг ялгаагүй Эрүүл мэндийн даатгалын сангаас эл үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж чадвал хүүхдийн ясан шүдийг хамгаалах боломжтой. Үүнийг хэрэгжүүлснээр шүдний өвчлөлийг 20 хувиар бууруулдаг гэсэн олон судалгаа байдаг. “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт 2-12 насны хүүхдийг бүгдийг нь хамруулж, өргөн хүрээнд авч үзсэн нь алдаа болсон. Харин зургаан настайд буюу сүүн шүд унаж байнгын шүд ургах үед нь нэгдсэн журмаар арга хэмжээ авбал илүү үр дүнтэй. Нэгдүгээр их араа шүд цоорохгүй бол бусад нь эрүүл байх магадлал өндөр гэж үздэг” гэв.
Өндөр хөгжилтэй орнуудад амны хөндийн өвчлөлийг хувь хүний арчилгаа, эрүүл мэндийн боловсролтой хамааралтай гэж үздэг учраас тэр бүр даатгалд хамруулдаггүй аж. Харин урьдчилан сэргийлэхэд гойд анхаардаг байна. Гэхдээ манайх шиг урьдчилан сэргийлнэ гээд элдэв төрлийн сурталчилгаа цацаж, “уянгалдаггүй” аж. Жишээлбэл, Эрүүл мэндийн яамныхан саяхан цахим хуудсаараа дамжуулан оньсого таавар шиг мэдээлэл түгээсэн нь иргэдийг ихээхэн бухимдуулсан. Өнгөрсөн сард “Нийт иргэдийн дунд “тэр” аль хэдийн тархсан. Тэр ноцтой” гэсэн мэдээлэл байршуулсан нь шүүмжлэлд өртөв. Үүнээс хойш цахим хуудсаараа шүдний өвчлөлтэй холбоотой олон төрлийн мэдээлэл түгээх болсон. Тус яамныхан “Та гоо сайханд орох мөнгөөрөө шүдээ ломбодуул, аяга кофе авч уухын оронд сойзоо соль” гэх мэт хэт “ухаантай” зурагт хуудсууд түгээж байгаа нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлсээр. Бусдын хувийн сонголтод бүдүүлгээр халдсан энэ мэт хэрэггүй зүйлд хэчнээн төгрөг зарцуулж буйг таашгүй. Ингэж “уйдаж” суухын оронд цэцэрлэг, сургуульд амны хөндийн эрүүл мэндийн талаар сургалт явуулбал ямар вэ. Хүн бүр шүдээ угааж, арчлахыг мэднэ. Мэдлэгтэй ч дадалгүй байгааг шүдний эмч нар хэлдэг юм билээ. Монголчуудын онолын мэдлэг хэтэрсэн үү гэхээс багадаагүй. Хамгийн гол нь шүдээ эмчлүүлье гэхэд улсын эмнэлэг хүрэлцээгүй, хувийн эмнэлгийн төлбөрийг төлж хүчрэхгүйд л учир бий. Шүдний эмнэлэгт зургаан сар тутамд нэг удаа үзүүлж, эмчийн үзлэгт тогтмол хамрагдах хэрэгтэйг хэн хүнгүй л мэддэг. Гэвч бодит байдалд шүдээ өвдөхөөс нь өмнө торддог нь цөөн. Тиймээс ядаж хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндэд холбогдох байгууллагууд нь онцгой анхаарах шаардлагатай байна. Цаашлаад бусад эрхтэн өвчлөх гол эх үүсвэр болдог амны хөндийн ариун цэвэр, эмчилгээнд багаас нь анхаарахгүй бол Монгол Улс өвчлөлөө дийлэхгүй нь.
Шүдний өвчлөлийг бууруулахтай холбоотой хэд хэдэн хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлээд бүтэлгүйтсэн. Гэтэл дахиад “Эрүүл шүд” хөтөлбөрийг 2024-2027 онд хэрэгжүүлэхээр боллоо. Энэ нь ч өмнөх хөтөлбөрүүдээс сайжирсангүй. Хийхээр төлөвлөсөн ажлын ихэнх нь амны хөндийн арчилгаа, шүд угаахыг заах гэх мэт урьдчилан сэргийлэх нэртэй цаасан дээр л үлдэх ажил харагдсан. Арга хэмжээ тус бүрд хэдэн саяар нь төсөвлөжээ. Гэтэл шүдний мэргэжилтэн, сувилагч учир дутагдалтай хэвээр. Энэ мэт оновчгүй хөтөлбөрүүдэд хөрөнгө зарсаар, шүдний өвчлөл гаарсаар. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснээрээ бол шүдний өвчлөлгүй улс болчхоор хугацаа хэдийн өнгөрлөө.