УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. 23 нам, хоёр эвсэл сонгуульд оролцохоор батламжаа аваад буй. Тэд нэр дэвшигчдээ тодруулах сүүлчийн сунгаагаа энэ долоо хоногт хийнэ. Парламентад 126 гишүүний 78-ыг тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаар сонгох юм. МАН, АН-ын хувьд нэг тойрогт өрсөлдөх горилогчдынх нь тоо хэтрээд, тэр дундаас “шүүж” авахаар ажиллаж буй бол гуравдагч хүчнийхэнд иймэрхүү “зовлон” байхгүй. Тэд тойрогт 39-өөс дээш хүн нэр дэвшүүлэхэд л болзол хангана.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн30.5-д заасны дагуу тухайн намын их хурал, эсвэл төлөөллийн байгууллага нь хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хураан, олонхын саналаар нэр дэвшигчдийг тодруулах учиртай. Тиймээс намууд их хурал, төлөөллийн байгууллагынхаа хурлын товыг зарлаж эхэлжээ.
МАН, АН-ЫНХАН ЭНЭ САРЫН 20-НД ХУРАЛДАНА
Өмнө нь сунгаа явуулж, эцсийн байдлаар нэр дэвшигчдээ тодруулах учраас МАН Бага хурлаа, АН-ынхан Үндэсний бодлогын хорооны хурлыг энэ сарын20-нд товлосон байна. Албан бусаар бол хэн хаана өрсөлдөх гэж буй тухай мэдээлэл тодорхой хэмжээнд ил болсон. Улсын хэмжээнд 13 бүсчилсэн, том тойрог байгуулаад буй. Үүнээс II, V тойрог тус бүр 10 мандаттай. Гэтэл МАН-ын хувьд 10 мандаттай тойрогт л гэхэд 20 гаруй горилогч хүч үзэж буй юм. Тэд хэдийгээр бусад намтай нэгддэггүй ч улс төрийн ууган хүчний хувьд хүний нөөц арвин, мөнгөтэй, амбицтай гишүүн олонтой. Мөн ил зарладаггүй ч энэ намд олон жигүүр, фракц бий, тэдний эрх ашгийг тэнцүүлэх учиртай. Тухайлбал, нийт нэр дэвшигчийн 30 хувийг Н.Энхбаяр тэргүүтэй хуучин МАХН-ынханд оноох тухай мэдээлэл ч гарсан. Төрхөмдөө буцахдаа экс Ерөнхийлөгч тодорхой албан тушаалуудад 30 хувийн квоттой байх тохиролцоо хийсэн гэдэг.
АН-ын хувьд энэ удаагийн сонгуулиар албан ёсоор бүртгүүлж амжаагүй Либертари намыг эгнээндээ нэгтгэсэн. Ингэхийн тулд тэдэнд тодорхой квот амласан . Үүнээс гадна олон фракцынхаа эрх ашигт нийцүүлэн мандат хуваарилж, жагсаалтад эрэмбэлэх гээд Л.Гантөмөр дарамт ихтэй байгаа. Намыг нь “залуурддаг” фракцын тэргүүнүүд өөрсдөө биечлэн биш юм гэхэд төлөөний хүмүүсээ нэр дэвшүүлэхээр түүнийг шахаж буй. Фракцуудын шахалтаас гадна “хандив”-ын шалгуур бий. Уг нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд нам, эвслүүд нэр дэвшүүлэхдээ гишүүд, дэмжигчдээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглосон. Гэвч уг хоёр намын аль аль нь өнгөө хувиргасан “дэмжлэг” авч буй тухай хэвлэлээр мэдээлсээр байна. Жагсаалтын эхний 15-д нэрээ бичүүлэх ханш 5-10 тэрбум төгрөгт хүрсэн тухай бид олонтоо сонслоо, намын гишүүд нь ч үүнийг үгүйсгэхгүй байгаа юм.
УИХ-ын гишүүдийн хувьд он гарснаас хойш эхэлсэн сонгуулийн сурталчилгаагаа дуусгаад энэ долоо хоногоос бүлэг, нэгдсэн чуулгандаа сууж байна. Өнгөрсөн хэдэн долоо хоногт тэд ажлын тайлангаа тараах нэрээр илт сурталчилгаа хийсэн. Гэвч төсвийн мөнгийг үргүй зарлагадсан зузаан сэтгүүлийг нь уншиж судалж буй сонгогч тийм олон биш байна. Харин ч “Ядаж гал түлж болохоор шохойгүй цаасан дээр тайлангаа хэвлэнэ үү”, “Цаас дэмий үрэхийн оронд цахимаар тайлангаа гаргаач” гэх мэтээр шүүмжилсэн. Сонгууль хаяанд ирж чих нь зөөлөрсөн зарим улс төрч энэ саналыг уриалгахан хүлээн авчээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням тайлангаа сонины хэлбэрээр хэвлүүлэн тараасан аж. Тэрбээр “Уншиж дуусчихаад гал түлж болохоор эко цаасан дээр тайлангаа хэвлэсэн шүү” хэмээн жиргэж байх жишээтэй. Дэлгэрэнгүй мэдээллийг нь QR кодоор орж унших боломжтой юм байна. Ингэмэгц л түүнийг магтсан, өөрөөр сэтгэдгийг “гайхсан” сэтгэгдэл дор нь хөвөрчээ. Уг нь ер шинэ юм биш л дээ. Гэхдээ л “ялгарсан” байх нь. Энэ мэтээр УИХ-ын гишүүдийн хувьд удахгүй болох сонгуулиар хуулийн хүрээнд давуу эрх эдэлж буй. МАН-ын олон удаа сонгогдсон зарим нэг гишүүнээс бусад нь “виз”-ээ авчихсан бололтой. АН-ын хувьд өнгөрсөн дөрвөн жилд намынхаа нэрийг авч явж, сул хэдий ч сөрөг хүчний үүргийг гүйцэтгэсэн 11 хүндээ “ногоон гэрлээр” мандат олгохоо хэлчихсэн. Парламентын гишүүдээс гадна мөнгөтэй, намдаа нөлөөтэй зарим нь ч айдгаа авдартаа хийчхээд буй. Харин тэгж чадаагүй горилогчид энэ долоо хоногт нойргүй хонох нь. Хөшигний ард халуухан тэмцэл өрнөх өдрүүд айсуй. Улмаар сүүлчийн сунгаагаа явуулж, тохиролцоогоо хийсний дараа эдгээр намынхан энэ сарын 20-ны өглөө тус тусын хурлаа хийж, нэр дэвшигчдээ эцэслэх юм байна.
ГУРАВДАГЧИД ХЭДЭН ХУВИЙН ИРЦТЭЙ ОРОЛЦОХ ВЭ
Өмнөх сонгуулиудын туршлагаас харахад гуравдагч хүчний нам 100 хувийн ирцээр нэр дэвшүүлж байсан түүх ховор. 2020 онд АН, МАН-аас гадна МАХН, ИЗНН, МУНН-аас бүрдсэн “Та, бидний эвсэл” 76 хүний нэр дэвшүүлсэн аж. Тухайн жил Гэр хороолол хөгжлийн намаас таван хүн нэр дэвшүүлсэн нь хамгийн цөөн болж байжээ. Харин энэ удаа намууд хамгийн багадаа тойрогт 39 хүн нэр дэвшүүлэх ёстой. Тэгэхээр сонгуульд оролцохоор батламжаа авсан намууд үүнээс дээш тооны хүн нэр дэвшүүлнэ гэсэн үг.
Парламентын гишүүдээс гадна мөнгөтэй, намдаа нөлөөтэй зарим нь ч айдгаа авдартаа хийчхээд буй. Харин тэгж чадаагүй горилогчид энэ долоо хоногт нойргүй хонох нь. Хөшигний ард халуухан тэмцэл өрнөх өдрүүд айсуй. Улмаар сүүлчийн сунгаагаа явуулж, тохиролцоогоо хийсний дараа эдгээр намынхан энэ сарын 20-ны өглөө тус тусын хурлаа хийж, нэр дэвшигчдээ эцэслэх юм байна.
Парламентад өнгөрсөн дөрвөн жилд гуравдагч хүчнийг төлөөлсөн ХҮН-ийнхэн 2020 оны сонгуульд Зүй ёс, Монголын социал демократ намтай эвсэл болж оролцохдоо 23 тойрогт 60 хүн нэр дэвшүүлжээ. Энэ удаа тэд дангаараа сонгуульд оролцож буй тул 100 хувийн ирцээр нэр дэвшүүлж чадахгүй л болов уу. Тус намынхан энэ сарын 22-нд Төлөөлөх зөвлөлийн хурлаа товлоод байгаа аж. Хуулиар 20-ны дотор нэр дэвшүүлэх ажиллагааг дуусгах ёстой ч тэд СЕХ-нд материалаа хүргүүлэх хүртэл цаг байна гэж тооцсон бололтой.
Тэгвэл хамгийн олон удаа парламентад төлөөлөлтэй ажилласан гуравдагч хүчин болох Иргэний зориг ногоон намынхан энэ сарын18-20-ны хооронд хурлаа хийхээр төлөвлөжээ. Тус намын дарга Б.Батбаатар АН, МАН-аас бусад 35 нам нэгдэж сонгуульд оролцохыг уриалсаар байсан ч амбицтай, олон тийш харсан хүмүүсийг нэгтгэж чадаагүй юм. Тиймээс ИЗНН сонгуульд дангаараа оролцох гэж буй. Гэхдээ 100 хувийн ирцээр буюу 126 хүн нэр дэвшүүлнэ гэж төлөвлөснийг намын дарга нь дуулгав.
Энэ удаагийн сонгуульд хоёрхон эвсэл оролцоно. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяраар удирдуулсан, Монголын ногоон нам, МҮАН-аас бүрдэж буй Үндэсний эвслийг бусдаасаа арай хүчтэй өрсөлдөж чадах болов уу хэмээн цөөнгүй хүн найдаж байгаа. Тэгвэл тэд нэр дэвшигчдээ тодруулах хурлын товыг хараахан шийдээгүй гэнэ. МҮАН-ын дарга .Цогтгэрэл “126 хүн нэр дэвшүүлэх, эсэх дээр бид тооцоолол хийж байна. Удахгүй болох хурлаараа шийднэ” гэлээ.
Сонгуулийн тойргийг томсгож, нэр дэвшүүлэх тооны босго тогтоосон учраас жижиг намууд аль болох олны танил дүр төрх хайж буй нь нууц биш. Үнэндээ энэ “эрэл” АН, МАН-д ч хамаатай. Олны танил бөхчүүд, дуучид, сэтгүүлчдээс эхлээд нэр дэвшигчдийн жагсаалтад багтахаар ярьж байна.
Намууд ийнхүү энэ долоо хоногт бужигнаад даваа гарагт нэр дэвшигчдээ тодруулж, зарлах биз ээ. Үүний дараа нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөх ёстой. Улмаар энэ сарын 25-ны дотор нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ нэрийг СЕХ-нд ирүүлнэ. СЕХ тэдний баримт материалыг хянаж үзээд зургаадугаар сарын 1-ний дотор нэр дэвшигчээр бүртгэх, эсэх тогтоол гаргах юм. Шаардлага хангаагүй заримыг нь “хольж солих” ажил ирэх сарын 10 хүртэл үргэлжилсний эцэст албан ёсны нэр дэвшигчид эцсийн байдлаар тодорч, үнэмлэхийг нь олгон энэ тухай нийтэд мэдээлэх юм билээ.