Бараг гурван жилийн өмнө Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгээ ч даваагүй байна. 2021 оны арваннэгдүгээр сард өргөн барьснаас хойш жил орчмын дараа нэгдсэн хуралдаанаар оруулж, “Хэлэлцье” хэмээн дэмжсэн ч нэгэн дүгнэлтийг хүлээсээр өнөөдөртэй золгов. Тэр нь Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гэрч, хохирогчийг хамгаалах, Эрүүгийн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эрх зүйн дүн шинжилгээ хийж, Үндсэн хууль, бусад хуультай нийцэж байгаа, төслийн зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилдсөн, эсэх, баталсны дараа хэрэгжих боломжийн талаарх дүгнэлт юм.
Уг нь УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газраас хийсэн эл дүгнэлт 2023 оны тавдугаар сард бэлэн болсон ч өнгөрсөн сарын сүүлчээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүдэд танилцуулжээ. Эл хуулийн төслийн үйлчлэх хүрээ буюу шүгэл үлээгч нь зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой, нийтийн ашиг сонирхлын эсрэг үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл гаргахаар тусгасан нь хамрах хүрээ, хязгаарыг хумьсан хэмээн уг дүгнэлтэд дурдсан байна. Мөн Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан төрийн нууцыг хамгаалах ажилтан, эрх бүхий этгээдийн танилцсан төрийн нууцад хамаарах мэдээлэл нь уг хуулийн үйлчлэлд орохгүй байхаар заасан нь Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцтой бүрэн нийцэхгүй байна гэж дүгнэжээ. Иймд “Шүгэл үлээгч нь төрийн болон албан нууцад хамаарах асуудлаар мэдээлэл гаргасан тохиолдолд хуулийн үйлчлэх хүрээнд оруулахгүй бус, харин энэ талаарх зохицуулалтыг уян хатан болгож, боловсруулах шаардлагатай” гэж үзэж. Цаашлаад авлига, албан тушаалын гэмт хэргийг илчилсэн, мэдээлсэн хүнийг хамгаалах эрх зүйн үндэс бүрдүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Үндсэндээ хэн, ямар мэдээллийг ил болговол шүгэл үлээгч байх вэ гэдгийг тодорхойлж чадахгүй гацчихаад байгааг дээрх дүгнэлт батлав. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод зааснаар шүгэл үлээгчийг явцуу хүрээнд тодорхойлохоос аль болох зайлсхийх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагаас гадна хувийн салбарт ажилладаг, олон нийтийн төлөөлөл, гэрч, хохирогч, шинжээч зэргийг шүгэл үлээгч хэмээн тодорхойлж болохоор заасан байдаг аж. Ямар нэг байгууллагад дадлага хийж байгаа оюутан ч шүгэл үлээх, хууль зөрчсөн, нийтийн эрх ашгийг хохироосон асуудал, үйлдэл байвал илчлэх зарчим олон улсад үйлчилдэг юм билээ. Уг нь шүгэл үлээх үндсэн зорилго нь хууль бус үйлдлийг илчлэн зогсоох, хариуцлага тооцуулахад чиглэх учиртай. Энэ ч утгаараа шүгэл үлээх нь хүн бүрд нээлттэй байхын зэрэгцээ нийгмийн аль ч салбар, тухайлбал, төрийнхөөс гадна төрийн бус байгууллага, хувийн хэвшил дэх хууль бус үйлдэл, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хамаарах нь зохистойг үүгээр хэлээд байгаа юм. Үүнийг ч хууль тогтоогчид хэлэлцүүлгийн явцад тэгтлээ эсэргүүцээгүй тул цаашид батлах хүртлээ холбогдох заалт, зохицуулалтыг тусгаад явах биз.
Харин Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн 3.2.2-т Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан төрийн нууцыг хамгаалах ажилтан, эрх бүхий этгээдийн танилцсан төрийн нууцад хамаарах мэдээлэл нь уг хуулийн үйлчлэлд орохгүй хэмээн зааснаас авхуулаад төрийн болон албаны нууцтай холбоотой зохицуулалтууд нэлээд анхаарал татахаар байгаа юм. Үндсэндээ нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийн хөндөж буй мэдээллийг төрийн нууцад хамааруулчихвал Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль бүрэн утгаараа хэрэгжихгүй. Эхэнд дурдсанчлан шүгэл үлээж болох субъектийн хүрээ, хязгаарыг хэчнээн нэмж, тэллээ ч илчилсэн мэдээллийг нь нууцад хамааруулчихвал бие даасан хууль батлаад ч нэмэргүй.
Учир нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10 дугаар зүйлд төрийн нууцтай холбоотой асуудлаарх Засгийн газрын бүрэн эрхийг тодорхойлсон байдаг. Уг зүйлийн 11.5-д мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцыг шилжүүлэх, ил болгох, зэрэглэл тогтоох, өөрчлөх, хугацааг нь сунгах зэрэг нь Засгийн газрын бүрэн эрх байхаар хуульчилсан. Засгийн газар энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн болон албаны нууцтай холбоотой журам, заавар батлах ёстой. Өөрөөр хэлбэл, аливаа мэдээллийг нууцад хамруулах бүрэн эрхээ журам гаргах замаар доод шатны байгууллагууд руу шилжүүлсэн байдаг. Тодруулбал, Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмыг баталсан. Эл журмын нэгдүгээр хавсралтын 3.1.1-т тухайн байгууллага нь өөрийн үйл ажиллагааны явцад боловсруулсан, бүтээсэн буюу хүлээн авсан мэдээллийг нууцад хамааруулж болохоор заасан юм. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг үндэслэн юуг ч “нууц” гээд хав дарж болох “цоорхой”-г үүгээр үүсгэсэн билээ. Улмаар шүгэл үлээгчийн хөндөж байгаа мэдээллийг байгууллагын нууцад оруулаад батлуулчих юм бол тухайн асуудал нь Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнээс хальж, хамгаалуулах нь бүү хэл, нууц задруулсан хэмээн хэрэгт унахаар буй.
Бараг гурван жилийн өмнө Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгээ ч даваагүй байна. 2021 оны арваннэгдүгээр сард өргөн барьснаас хойш жил орчмын дараа нэгдсэн хуралдаанаар оруулж, “Хэлэлцье” хэмээн дэмжсэн ч нэгэн дүгнэлтийг хүлээсээр өнөөдөртэй золгов.
Үнэндээ Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор үүнийг “илрүүлсэн” юм биш. Төрийн аль нэгэн байгууллагын удирдлага ямар ч мэдээллийг төрийн нууцад оруулах шийдвэрийг дур мэдэн гаргах эрхтэй байгааг хязгаарлах ёстой гэдгийг өөр бусад асуудалтай холбоотойгоор багагүй хугацаанд ярьж ирсэн. Ийн Төрийн болон албаны нууцтай холбоотой мэдээллээр шүгэл үлээхийг нэлээд хатуу хаачихсан, тодорхойгүй байгаа учраас уян хатан, нарийн зохицуулах шаардлагатай. Ямартай ч Засгийн газраас буюу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулан, яамдаас санал авч буй, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн багц хуулийн төслийн хүрээнд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг багтаасан аж. Үүгээр төрийн аль нэг байгууллагын дарга, гүйцэтгэх эрх мэдэлд байгаа удирдах албан тушаалтнууд ямар мэдээллийг албаны нууцад авах вэ гэдгийг өөрсдөө мэдэж, шийдэж байгаа нь иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж буйг цэгцлэхээр холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусгасан юм билээ.
Харин Төрийн болон албаны нууцын тухай хуулиар зохицуулдаг, маш нууцын зэрэглэлтэй, тэр дундаа үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллээр шүгэл үлээх талаар нэлээд нарийвчилсан заалт оруулах ёстой гэдэгт дээрх дүгнэлтийг гаргасан Тамгын газрынхан ч, хууль тогтоогчид ч санал нэг байгаа бололтой. Төрийн, албаны болон хувь хүний нууцыг задлаад байж болох юм уу. Шүгэл үлээснээс болоод хэн нэгний эрх, эрх ашиг зөрчигдөж, хэлмэгдвэл яах вэ хэмээн болгоомжилж буй. Улмаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хүрээнд нууцын талаарх зохицуулалтыг хөндөхдөө үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг задалж, тооцоо, судалгаагүй хэлэлцэх нь төвөгтэй гэж үзэн, эл сэдвийн талаар тусдаа, шаардлагатай гэвэл хаалттай байдлаар, ажлын хэсгийн түвшинд ярьж байж парламентын хэлэлцүүлэгт оруулах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн сурагтай. Онц чухал, маш нууцад хамааруулсан мэдээллээ ямар ч улс орон тэр бүр дэлгээд байдаггүй гэх үндэслэлийг хууль тогтоогчид болон Засгийн газраас дэвшүүлж байгаа гэнэ. Ингэхдээ дэлхийд зартай “шүгэл үлээгч” гэгддэг Эдвард Сноүден, Жулиан Ассанж нарыг АНУ тэргүүтэй ардчиллын загвар болгодог улс орнууд буруутган, төр, засаг эх орноосоо урвагч, гэмт хэрэгтэн хэмээж байгаатай жишин тайлбарлаж буй гэх. Гэвч сонгууль дөхсөн энэ үед, бүрэн эрхээ дуусгаж буй парламент Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлж батлах болов уу.