“Хүү, бид хоёр ажлын хажуугаар Төрийн ордны цэцэрлэг, яам, тамгын газар гээд хаа тааралдсан газартаа мөөмөө идсээр бантантайгаа залгалаа. Австралийн парламентын гишүүн эмэгтэй чуулган дээр хүүхдээ хөхүүлж байсан даа. Манай төрийн ордонд бол хүүхэд орж ч болдоггүй юм байна. Хүүхдийг зургаан сар хүртэл нь хөхүүлэхийг уриалж байгаа бол хүүхэд хөхүүлэх газрыг хаа сайгүй байгуулах ёстой. Одоо бид хоёр бантантай залгасан юм чинь учиртай…”
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа одоогоос долоон жилийн өмнө нийгмийн сүлжээнд ийнхүү бичиж байв. Тэрбээр энэ үедээ Сангийн дэд сайдаар ажиллаж байсан юм. Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнд хүүгээ хөхүүлээд сууж буй зургаа ийм тайлбартайгаар фэйсбүүкт оруулснаар дэд сайд бүсгүй олон нийтийн анхаарлын төвд эерэг дүрээр орсон билээ. Үүнээс үүдээд хүйсийн тэгш эрх, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, байр суурь, карьерын эрс ялгаатай замнал, эх, хүүхдэд ээлгүй тогтолцоо гээд нийгэмд тулгамдсан асуудлыг иргэд, олон нийт цахим сүлжээнд өргөн агуулгаар нь хэлэлцэн, хөндөж байлаа.
Тэр ч бүү хэл, хүүхдийн эрхийг дээдэлдэг зарим орны жишгээр Төрийн ордонд бага насны хүүхэд нэвтэрдэг болгох, улс төрч эмэгтэйчүүдэд ээжийн үүргээ биелүүлэнгээ хөдөлмөр эрхлэх боломж олгох, эхчүүдэд ээлтэй ажлын байрыг дэмжих бодлогыг парламентаасаа эхлүүлэн хэрэгжүүлэх асуудлыг ч цөөнгүй хүн дэвшүүлсэн юм даг.
Яг энэ үйл явдлын дараа буюу 2018 онд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичгийг батлахдаа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, хуулийн этгээд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, хөдөлмөр эрхлэгч ээжүүдийг дэмжих тухай тусгасан. Тодруулбал, “Хүүхдийн хөгжил, хамгааллын 2019-2020 оны салбар дундын ажлын төлөвлөгөө”-ний 40 дүгээр хэсэгт “Төр, хувийн хэвшлийн байгууллага бүр хүүхдэд зориулсан өрөө, буланг тохижуулсан байна” гэж заасан юм. Тэрчлэн 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Ажил олгогч ажилтныг хүүхдээ хөхүүлэх өрөөгөөр хангах арга хэмжээг өөрийн боломжоор авна” гэсэн заалт оруулсан. Гэвч эдгээр хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилт манай улсад туйлын хангалтгүй, бэлгэдэл төдий зүйл хэвээр. Хүүхэдтэй эмэгтэйчүүд хөдөлмөрлөх нь байтугай нийгмийн харилцаанд оролцох, олон нийтийн газраар чөлөөтэй явах, үйлчлүүлэх боломж нөхцөл туйлын хомс байна.
Х.Булгантуяа дэд сайд байхдаа эх, хүүхдийн нийгмийн асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулж чадсан. Мөн үүнийгээ улс төрд шат ахих “арга хэрэгсэл” болгон чадварлагаар ашигласан гэж ч хэлж болно. Түүнийг 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоход нийгэмд бий болгосон энэ “имиж” нь тодорхой хэмжээнд түлхэц үзүүлсэн нь гарцаагүй. Үүнээс хойш Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргын албыг хашиж байгаад 2023 оны хавраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ажиллаж буй юм. Харамсалтай нь, тэрбээр хууль тогтоогчоос Засгийн газрын гишүүн, сайд хүртэл дэвшин төрийн өндөр албан тушаал хаших хугацаандаа эх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, ээжүүдийг хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлөөр хангах чиглэлээр дорвитой гэмээр ажил хийж чадсангүй. Нүдэн балай, чихэн дүлий байсаар өнөөдрийг хүрэв.
Бодлого, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сайн байж гэмээнэ нийгмийн хөгжлийн тэнцвэр хангагдана, хүйсийн ялгаатай байдлаас улбаатайгаар “орхигддог” асуудлууд шийдэгдэнэ, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хангахад тэдний дуу хоолой чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бид итгэдэг. Энэ үүднээсээ нялх хүүхдээ Төрийн ордны гадаа хөхүүлэн сууж буй дүр төрхөөрөө нийгэмд танигдсан Х.Булгантуяад олон нийт, тэр дундаа эхчүүд, эмэгтэйчүүд илүү итгэж, үр дүнтэй ажиллана гэх хүлээлт үүссэн. Даанч тэр өөрт олдсон боломж, давуу эрхээ эх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд ашигласангүй. Энэ хугацаанд хүүхэдтэй ээжүүд нийгмээс улам бүр “шахагдан” гадуурхагдсаар.
Ажлын байр, худалдаа, үйлчилгээ, олон нийтийн газарт хүүхдэд зориулсан өрөө, тэднийг хөхүүлэх, хуурайлах тусгай орчин бүрдүүлэх нь эмэгтэйчүүдийг нийгмийн харилцаанд оролцох, хөдөлмөр эрхлэх боломжоор хангаад зогсохгүй хүүхдийн эрхийг хамгаалж буй хэлбэр юм. Цаашлаад хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих, хүн амын эрүүл мэндийг хамгаалах бодлого хэрэгжүүлэх чухал хөшүүрэг хэмээн үздэг юм билээ. Тиймээс дэлхийн улс орнууд хүүхэдтэй ээжүүдэд ээлтэй орчин бий болгоход гойд анхаарч ирсэн. Онгоцны буудлаас эхлээд үзвэр, үйлчилгээ, худалдааны төв, цэцэрлэгт хүрээлэн, төрийн байгууллага гээд бүх газарт хүүхэд хөхүүлэх, хуурайлах өрөө, булан байгуулсан байдаг. Тэр ч бүү хэл, сүү халаахад зориулж тусгай хэрэгслүүд ч бэлтгэсэн байх нь бий. Томоохон худалдаа, үйлчилгээний газрын ариун цэврийн өрөөнүүд нь хүүхэд түр суулгах, хэвтүүлэх зориулалттай сандал, тавцантай байдаг юм билээ.
Япон улсад амьдардаг хоёр хүүхэдтэй эмэгтэй “Энд нярай хүүхэдтэй гадуур явахад санаа зовох зүйл огт үгүй. Хаана ч очсон хүүхдийн өрөө байдаг. Дүүргийн үйлчилгээний байгууллага нь хүртэл хүүхэд хөхүүлэх, живх солих тухтай өрөөтэй. Тиймээс хүүхдээ авч явах уу, үлдээх үү, хүмүүст саад учруулах вий гэж санаа зоволгүйгээр хамтдаа ажлаа амжуулдаг” гэсэн юм. Сургуулиуд нь хүртэл ямар нэг томоохон арга хэмжээ зохион байгуулахдаа хөхүүл ээжүүдэд зориулж түр байрлах өрөө гаргадаг гэнэ. Өөр нэгэн ээж “Хүүхдээ боддог улс яалт ч үгүй өөр юм билээ. БНСУ-ын Инчон хотын нисэх онгоцны буудлын булан тохой бүрд хүүхэд хөхүүлэх өрөө бий. Бага насны хүүхдэдтэй ийш тийш явахад, аялахад хамгийн их тулгардаг бэрхшээл нь хуурайлах, хөхүүлэх. Нисэх буудал дахь эх, хүүхдийн өрөөнд тэрэг байршуулах хэсэг, хуурайлах тавцан, хөхүүл ээжийн дэр, сандал, угжны сүү, хоол халаах хэрэгсэл, агааржуулалтын систем гээд шаардлагатай бүх зүйл байсан. Тэрэгтэй, хүүхдээ тэврээд явж буй ээжүүдэд үүд онгойлгох хүртэл бэрхшээлтэй байдгийг тооцоод, хаалгыг нь автоматаар онгойж, хаагддагаар шийдсэн байсан нь таалагдсан” хэмээн ярив.
Харин манай улсад бага насны хүүхэдтэй гадуур явах, тэр дундаа ямар нэг газраар үйлчлүүлэх нь ээжүүдийн хувьд хүнд сорилт, халгам бэрхшээл хэвээр. Ийм зовлонг мэдрээгүй, туулаагүй хүн ховор болов уу. Хэдийгээр Монгол Улс энэ чиглэлээр хууль, журам баталсан ч тэр бүхэн нь хөрсөн дээр буухгүй байна. Ээжүүд олон нийтийн газар, гадаа ичих, санаа зовохын дундуур хүүхдээ хөхүүлсээр л сууна. Гадаадын орнуудад бол энэ нь жигтэй сонин үзэгдэлд тооцогдоно. Яагаад гэвэл тэдэнд эх, хүүхдэд зориулсан тусгай, ээлтэй орчин хангалттай бий тул ээжүүд “нүцгэлэх” шаардлага тэр бүр гардаггүй. Харин Монголд сонголтгүй учраас ийм зүйл нийтлэг үзэгдэл болсон.
Хууль, баримт бичиг батлах нэг хэрэг, түүнийгээ амьдрал дээр буулгаж, хэрэгжүүлэх нь ангид зүйл. Манай улсад баталсан дээрх бодлогын баримт бичиг, хуулийн дагуу хувийн хэвшлийн цөөн байгууллага л нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэдтэй ээжүүдэд зориулсан өрөө байгуулсан. Үүнд“Мобиком”, “И-март”, Улсын их дэлгүүр зэргийг дурдаж болно. Сүүлд гэхэд “Шинэ Улаанбаатар” баруун терминал, Хэнтий аймгийн Жаргалтхаан сум дахь “Өртөө 240” түр буудаллах цогцолбор, Өвөрхангайн “Гэр комплекс”-т ийм өрөө байгуулсан. Харин төрийн байгууллагынхан дэндүү санаачилгагагүй, хойрго хандсаар байгаа. Арга ч үгүй шүү дээ, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төв байгууллага, үүнийг толгойлдог сайд нь энэ чиглэлээр үлгэрлэн манлайлж чадахгүй, хууль, журмынхаа хэрэгжилтэд санаа тавихгүй байгаа учраас тэр юм. Х.Булгантуяад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүний хувиар эх, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх чиглэлээр бодлогын түвшинд үр дүнтэй ажиллах хангалттай эрх мэдэл, боломж бий. Харин тэр хэзээ нэг үүнийгээ ашиглаж, нийгэмд тустай ажил хийх юм бол доо.
Та хэзээ , хаана хүүхэд хуурайлах, хөхүүлэх өрөө ашигласан бэ, гадуур хүүхэдтэйгээ хамт явахад хүндрэлтэй байдаг уу гэсэн асуултын хүрээнд бага насны хүүхэдтэй гурван ээжийн байр суурийг сонирхлоо.
ХҮҮХЭДТЭЙ ХҮМҮҮСТ АРИУН ЦЭВРИЙН ТУСГАЙ ӨРӨӨ ШААРДЛАГАТАЙ
С.Дөлгөөн: Монгол бол хүүхдэд хамгийн ээлгүй, хатуу орон. Хүүхдээ салхилуулах, сургууль, цэцэрлэгт нь хүргэх зам, талбай хүртээмжгүйгээс эхлээд тоглуулах газар, ил задгай талбай, хуурайлах, хөхүүлэх газар ч олддоггүй. Хаа нэг тийш явахдаа ихэнхдээ гэр бүл, ойр дотнынхондоо нялхыгаа захиж үлдээгээд, ажлаа яаруу сандруу амжуулдаг. Авч явах тохиолдолд машиндаа хөхүүлж, живхийг нь сольдог. Ядаж л үйлчилгээний газрууд хөхүүл хүүхэдтэй хүмүүс бие засах тусгай өрөө байгуулах шаардлагатай. Бие засахдаа хүүхдээ авч орох уу, гадна нь үлдээх үү гэдэг нь хүнд асуудал. Хэд хэдэн удаа худалдааны төвийн цэвэрлэгчид хүүхдээ түр тэврүүлээд, бие засаж байлаа. Олон хүн үйлчлүүлдэг газрын ариун цэврийн өрөө нь бохир, таагүй үнэртэй байдаг учраас хүүхдээ дагуулж орохоос ч эмээдэг.
Хамгийн сүүлд Тэрэлж дэх “Glory resort” гээд амралтын газарт хүүхдээ тайван хөхүүлж, хуурайлсан юм байна. Эднийх байгуулагдаад удаагүй. Гэр бүлээрээ явж буй хүмүүс хооллох хэсэгтэй, хүүхэд тоглуулах, хөхүүлэх өрөөтэй юм билээ. Үйлчилгээний газар, ялангуяа томоохон дэлгүүр, ресторан, тээвэр эрхэлдэг байгууллагууд хүүхэдтэй аав, ээжүүдэд зориулсан тусгай орчин зайлшгүй бүрдүүлэх хэрэгтэй.
ХӨХҮҮЛЭХ ГАЗАР БАЙДАГГҮЙ ТУЛ УГЖИХААС АРГАГҮЙ БОЛДОГ
М.Ургамал: Би 1-6 насны гурван хүүхэдтэй. Том хүүгээ төрүүлэхэд л ийм бэрхшээл тулгамдаж байсан, одоо ч яг хэвээрээ. Юуны түрүүнд хүүхдээ тэрэгтэй саадгүй түрээд явах, хэнээс ч, юунаас ч санаа зоволгүй, гэртээ байгаа юм шиг тайван мэдрэмжээр хөхүүлэх орчин хэрэгтэй байна. Хүүхдүүдээ дагуулж гарахдаа ихэвчлэн угждаг. Хөхүүлмээр байгаа ч тийм орчин байхгүй учраас сүүг нь урьдчилж бэлтгээд, бүлээсгэх халуун устай хамт авч явдаг. Нярай хүүхдийн живх солих ч, памперс хэрэглэдэггүй хүүхдүүдийг бие засуулах ч мөн ялгаагүй бэрхшээлтэй. Дийлэнхдээ томчуудын “ОО” -д дагуулж ордог.
Амралтын өдөр гэр бүлээрээ салхилж, гадуур хооллох тохиолдол олон. Тэр бүрд хүүхэд бие засуулах, хооллох гэж их ажил болно. Ресторан, зоогийн газруудад нярай хүүхдэд зориулсан хоолны ширээ ховор, цэцэрлэгийн насныхныг суулгахад зориулсан сандал ч байдаггүй. Ихэнхдээ хүүхдээ өвөр дээрээ байлгах юм уу, урдуур нь юм ивж сандал дээр хэвтүүлдэг. Үнэхээр тухгүй, тааламжгүй. Солонгост бол ресторан, салон, дэлгүүр, фитнест нь хүртэл хүүхдийн өрөө, цагаар харах үйлчилгээний газар байдаг.
БУЛАН ТОХОЙД НУУГДАХ НЬ ХОЛГҮЙ ХҮҮХДЭЭ ХӨХҮҮЛДЭГ
Л.Уранбайгаль: “Тэди” төвд хүүхэд хөхүүлэх, хуурайлах өрөө харсан санагдаж байна. Ашиглаж үзээгүй. Өөр хаана харснаа санахгүй юм. Ер нь ховор. Хүүхдийн парк (Үндэсний соёл, амралтын хүрээлэн)-т байдаг гэж дуулаад, өнгөрсөн жилийн зун хайгаад олоогүй. Хүмүүсийн хөлөөс зайдуу газарт очиж байгаад охиноо хөхүүлсэн. Дийлэнхдээ гадаа, булан, тохойд нуугдах нь холгүй хүүхдээ хөхүүлдэг. Живхийг нь бол машинд, сандал, ширээн дээр гээд таарсан газартаа л сольчихдог юм. Байгууллагууд хүүхдийн өрөө байгууллаа гэдэг мэдээ өчнөөн сонссон ч өдий болтол ашиглаж үзээгүй л явна. Дүүргийн эрүүл мэндийн төвд очихдоо л үзлэгийн өрөөнд нь хүүхдээ тухтай хувцаслаж, хооллож, хөхүүлдэг. Нэг дор олон хүүхэд байгаа тохиолдолд ханиад, томуу хүрчих вий гээд удаан байлгаж чаддаггүй.