2021 оны наймдугаар сар.
Хан-Уул дүүргийн XI хорооны нутагт орших “Хан хиллс” хотхоноос Зайсангийн гүүр хүртэлх хэсэгт авто зам барих ажлыг нэр бүхий компани эхлүүлсэн нь шүүмжлэл дагуулав. Учир нь тус замын трасст Туул голын үерийн хамгаалалтын далан, олон тооны бургас багтсан байлаа. Замын компанийнхан үерийн даланг тэгшилж байна гэх нэрийдлээр гамшгаас хамгаалах байгууламжийн зарим хэсгийг үдэш оройн цагаар хулгайгаар нурааж, сэтэлсэн юм. Түүгээр ч зогсохгүй ажлынхаа явцад голын тэжээгдэл болсон цөөнгүй мод, бутыг хядсаныг тэндхийн оршин суугчид ил болгож, эсэргүүцсэн. Энэ үйл явдлаас үүдэн “Нутгийн шийдэл” төрийн бус байгууллагынхан тухайн үед хотын даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазарыг нийслэлчүүдийн, тэр дундаа Хан-Уул дүүргийн иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулж, нийтийн эрх ашгийг зөрчсөн гэдэг үндэслэлээр шүүхэд өгсөн билээ. Гэвч эл хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байсаар замхарсан, гүйцэтгэгч компани дааж авсан ажлаа дуусгасан. Ташрамд дурдахад, “Хан хиллс” хотхоноос Зайсангийн гүүр чиглэлд зам тавих шийдвэрийг С.Амарсайхан хотын захирагч байхдаа буюу 2020 оны хавар гаргасан бол үүнийг Д.Сумъяабазар гарын үсэг бүхий захирамжаараа баталгаажуулснаар үерийн хамгаалалтын даланг нураах ажлыг эхлүүлсэн байдаг.
2024 оны дөрөвдүгээр сар.
Нийслэлийн холбогдох байгууллагууд улаанбаатарчуудыг үер усны гамшгаас хамгаалахын тулд Сэлбэ, Дунд гол дагуух 10 км газрын бургасыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа нь ил болж, олон нийтийг бухимдуулав. Өнгөрсөн оны зун болсон үерээс үүдэлтэйгээр хэд хэдэн байршилд хамгаалалтын барилга, байгууламж барьж, голын урсац сайжруулах зорилгоор зарим гүүр, гүүрэн байгууламжийг нурааж, олон тооны бургас хядахаас аргагүйд хүрсэн юм байх. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, нийслэлийн Байгаль орчны газар зэрэг олон байгууллагад НОК-оос хаягласан, эдгээр ажлыг гүйцэтгэх, судлахтай холбоотой албан бичгүүд ил болсноос нийгэмд үүсээд буй шуугиан оргүй зүйл биш гэдэг нь харагдаж буй юм. Үүнийг тойроод нэлээд их хэмжээний төсөв мөнгө ч дуулдаж эхэллээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ ажлыг “Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө”-нд тусгасан гэх. Тэгэхээр бургас хядаж нийслэлчүүдийг үерээс хамгаалах явуургүй санааг Д.Сумъяабазар болон түүний багийнхан гаргаж, Х.Нямбаатарт үүнийг нь хэрэгжүүлэх үүрэг “ногдсон” байж болзошгүй юм. Учир нь Д.Сумъяабазар өнгөрсөн онд тохиосон үерийн дараахан “70 орчим инженер, зөвлөх мэргэжилтнээс бүрдсэн баг нийслэлийн шинэ мастер төлөвлөгөөг боловсруулсан” хэмээн сүр дуулиантай гэгч нь зарлаж байсан билээ.
Нийслэлийг удирдаж байсан хүмүүс улаанбаатарчуудын унд усны эх үүсвэр, эрүүл, аюулгүй амьдралын үндэс болсон хоёр голд хэрхэн дайсагнаж, хоноцын сэтгэлээр хандаж ирснийг дээрх хоёр жишээгээр харуулахыг зорилоо. Өмнөх удирдлагын гаргасан олхио гүй шийдвэрийг дараагийнх нь үг дуугүй залгамжлан хэрэгжүүлснээрээ энэ хоёр жишээ төстэй боловч нэг нь далан буулгахын тулд олон тооны бургас хядсанаараа, нөгөөх нь үерээс хамгаалах зорилгоор мод, бутнуудыг хоморголон сүйтгэх гэж шавдаж буйгаараа ялгаатай. Инээдтэй ч, эмгэнэлтэй ч хэрэг бол доо. Нэг нь нурааж, нөгөөх нь босгох гэж байдаг. Энэ янзаараа “Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө”-ний хүрээнд Х.Нямбаатарын эхлүүлсэн ажлуудыг түүний дараагийн мээр зогсоож, “чагталж” ч магадгүй. Ерөөс хотын удирдлага болгон Туул, Сэлбийг сэргээх, экосистемийг нь хамгаалах, эргийг нь тохижуулах шинэ төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө барин, баатрын дүрээр гарч ирдэг гэхэд хилсдэхгүй. Гэвч тэдгээр нь шинжлэх ухааны үндэслэлтэй, хэрэгжүүлж болохуйц, мэргэжлийн хүмүүсийн санал, дүгнэлтэд үндэслэсэн байдаггүй нь харамсалтай. Тууштай, тогтвортой хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр ч үгүй.
2022 оноос хойш Сэлбэтэй холбоотой хэчнээн төслийн сураг чимээ гарав аа. Туулын эрэг хөвөөг тохижуулах чиглэлээр болсон, болоогүй ямар их ажил өрнүүлэв ээ. Хамгийн сүүлд гэхэд нийслэлийн ЗДТГ “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах” гэсэн ерөнхий нэртэй, хотын төв орчмын голын эргийг тохижуулж, амралт зугаалгын бүс болгох, урсац сайжруулах зорилготой төсөл хэрэгжүүлэхээр болсноо 2022 оны сүүлчээр зарласан нь нийгэмд мөн л шуугиан тарьсан. Үүнтэй холбогдуулан нийслэлээс төслийн нэгж хүртэл байгуулж, холбогдох тооцоо, судалгааг гүйцэтгүүлэн, Итали, Солонгосын инженерүүдээс мэргэжил, арга зүйн туслалцаа авахдаа тулж байв. Хачирхалтай нь, эл төслийн нэгжийг мэргэжлийн бус, ямар ч туршлагагүй, инфлүүнсэр гэгдэх олны танил эмэгтэйд хариуцуулсан нь ил болсноор ажил нь замхарсан билээ. Олон нийтийн эсэргүүцэл үүнд хүчтэй нөлөө үзүүлсэн юм. Харин үүнээс хагас жил орчмын дараа Сэлбийг сэргээх өөр нэг төлөвлөгөөг танилцуулсан нь “Сэлбэ сэргэлт” төсөл байв. Нийслэлийн ерөнхий архитектор асан Н.Нацагдорж санаачилж, зураг төслийг нь боловсруулсан гэх эл төслийг хэрэгжүүлэх нэгжийг Сангийн яамнаас 11 хүний орон тоотойгоор баталж, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас сонгон шалгаруулалт ч зарласан. Н.Нацагдорж тухайн үед “Өнгөрсөн хугацаанд санаачилсан олон салангид төслийг нэгтгэж, “Сэлбэ сэргэлт”-ийг хэрэгжүүлэхээр боллоо” гэж мэдэгдэж байв. Сонирхолтой нь, ингэж мэдэгдсэнээс хойш уг төслийн сураг чимээ тасарсан юм. Харин одоо үерийн хамгаалалтыг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах нэрийн дор нийслэлийн дараагийн баг ээлжит ажлаа эхлүүлэхээр зэхэж буй бололтой.
Өнгөрсөн хугацаанд Туул, Сэлбийг аврах зорилготой төсөл, хөтөлбөр цөөнгүйг хэрэгжүүлсэн ч эдгээр голын экосистем жилээс жилд доройтож, өнгө үзэмж нь урьд байгаагүйгээрээ гундчихаад байна. Сүүлийн үед хур тунадас ахиу орж, хөрсний усны түвшин дээшилсэн (үүнд барилгын компаниудын буруутай үйл ажиллагаа ихээхэн нөлөөлж буй)-ээс үер, халиа, тошингийн эрсдэл нүүрлээд байгаа болохоос биш, нөхцөл байдал нь хүнд буй. Хэсэг хугацаанд усны түвшин нь нэмэгдлээ гээд голын экосистем сэргэсэн гэсэн үг биш. Ноднин өдийд гэхэд Туул гол Сонсголонгийн гүүр орчимд хэд хэдэн удаа тасарсан. Ийм үзэгдэл 2010 оноос хойш ойрхон давтамжтай тохиох болсныг учир мэдэх хүмүүс тэр үед анхааруулж байлаа. Сэлбэ ч ялгаагүй хур тунадас ахиу орсон үед л дориун устай байгаад, бусад цагт “тэнхээ муутайхан” урсах болсон. Энэ нь өдгөө Туул, Сэлбэ гол гарын ая даахааргүй болсныг, экосистемд нь хамаагүй халдаж боломгүйг, урьд урьдынхаас илүү хариуцлагатай, болгоомжтой хандах шаардлагатайг харуулж байгаа юм. Гэтэл бургасыг нь хядаж, бүр дордуулах гэж байна.
2023 оны үерийн дараа нийслэлийнхэн “Сэлбэ голын урсцад саад учруулдаг гүүр, гүүрэн байгууламжуудыг нураана” гэж мэдэгдэж байв. Энэ үед нэр заасан гүүрнүүдийг өдий болтол гүйцэд нураагаагүй. Голын урсгалыг хаахуйц өндөртэй, стандартын бус гүүрнүүд үерийн эрсдэлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлдгийг судлаачид хэлдэг. Харин мод, бут түүнтэй дүйх хэмжээний эрсдэл учруулдаг уу гэвэл огтхон ч тийм биш. Харин ч гол, нууруудыг тэжээгээд зогсохгүй үерийн их усыг сааруулан хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа бургас бол онцгой ач холбогдолтойд тооцогддог мод. Байгаль хамгаалагч мод гэж нэрлэдэг нь учиртай. Сэлбэ голын эрэг дагуух олон арван ширхэг бургасыг нүүлгэн шилжүүлснээр экологид ямархуу хэмжээний хор хохирол учрахыг таашгүй. Нүүлгэн шилжүүлэх гэж боловсноор хэлж буй болохоос биш, тэдгээрийг тайрч хаяж байгаагаас ер ялгаагүй. Магадгүй голын урсац сайжруулах зорилготой гэдэг нь ч халхавч байгаад, Сэлбийн ойр орчмыг чөлөөлөх гэж буйг ч үгүйсгэхгүй.
Нийслэлийн удирдлагууд Туул, Сэлбэ голыг хамгаалахыг, үерийн эрсдэлийг бууруулахыг үнэхээр зорьж л байгаа бол бургас тайрч, далан барихаасаа урьтаад усан сан байгуулахад илүүтэй анхаарах ёстой юм. Үерээс хамгаалах ганц арга нь далан биш, манай нөхцөлд усан сан байгуулах нь хамгийн тохиромжтойг инженерүүд хэлдэг юм билээ. Өнгөрсөн оны сургамжит үерийн дараа ч мэргэжилтнүүд ийм санал дэвшүүлж, байр сууриа хангалттай илэрхийлсэн. “Усны төлөө иргэдийн нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр тэргүүтэй мэргэжлийн хүмүүс ч гамшиг ослын үед бэлэн байхын тулд усан сан, цогцолбор байгуулах хэрэгтэй хэмээн жилийн жилд ярьж, анхааруулсаар буй.
Усан сан байгуулснаар нэгдүгээрт, их хэмжээний нөөц бүрдүүлж чадна. Мөн голын урсцыг тохируулж, суурьшлын бүс үерт автахаас сэргийлнэ. Хур тунадас ховор, ган гачиг ихтэй үед хуримтлуулсан нөөцөөрөө голуудаа тэтгэх боломжтой. Олон талын ашигтай. Харамсалтай нь, хотын харалган удирдлагууд бургас хядахаас өөрийг олж хардаггүй, мэргэжлийн хүмүүсийн үгийг ойшоодоггүй бололтой. Магадгүй усан сан байгуулах ажил тэдэнд ашиггүй учраас хөдөлдөггүй байж болох. Дургүйд хүчгүй гэгчээр.