60 дахь удаагийн Венецийн Биенналь “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд дөрөвдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 24-ний өдрүүдэд үргэлжилнэ. Энэ удаагийн Биеннальд нийт 88 улс өөрийн бие даасан павильоноо үзэгчдийн хүртээл болгох юм. Монголын павильоны уран бүтээлчээр УГЗ А.Очирболд сонгогдож, Монголын павильоны комиссараар Соёлын Сайд Ч.Номин, куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч CTA О.Оюунтуяа томилогдон, ко-куратороор ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейн захирал Др. Грегор Янзэн уригдан хамтран ажиллаж байна.
Монголын павильон нь “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй, буддын шашны догшин сахиус Ситипати буюу Дүртэддагва шүтээний дүрслэлээс санаа авч тэр дундаа гурван нүдтэй гавлын яс нь амьдралын мөнх бусыг сануулж, сүнслэг ертөнцийн тухай ойлголт, түүний шилжилт, дээд ухамсар, гэгээрлийн эрэлхийллийг бэлгэдэх аж. Монголын павильоны албан ёсны нээлт өнөөдөр орон нутгийн цагаар 16 цагт эхэлнэ.
Дээрх уран бүтээлийн концепт нь нийгмийн болон хүмүүний хөгжил, харилцааны өөрчлөлт, түүнчлэн хүн төрөлхтний ухамсрын даяарчлалын бодит дүр төрхийг ажигласан судалгаан дээр тулгуурласан байдаг. Кураторын баг нь уран бүтээлчийн "Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй" шинэ өрөг орон зайн баримлыг түүхэн Ситипатийн дүрслэлтэй харьцуулан, улмаар "Ухамсраа дахин нээхүй" уран баримлын цуврал бүтээлээр үзэсгэлэнгийн дэглэлтийг баяжуулж үзэгчдийн мэлмийг баясгахад бэлэн болжээ.