Урлагийн тоглолт нь хүнийг тайвшруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ач тустай хэмээдэг. Дуртай дуучныхаа уран бүтээлийг сонсож, цагийг зугаатай өнгөрөөх нь нэгэн төрлийн амралт болдог билээ. Ойрын хугацаанд болох тоглолтын мэдээллийг тоймлон хүргэе.
ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ “АННА КАРЕНИНА”
УДЭТ-ынхан “Анна Каренина” жүжгийг ирэх сарын 1-нээс шинэ бүрэлдэхүүнтэйгээр тоглохоор болжээ. Энэ удаа Анна Каренинад залуу жүжигчин О.Хонгорзул тоглох нь. Түүнчлэн жүжгийн найруулгыг ч шинэчилсэн юм билээ. Тасалбарыг өнөөдрөөс эхлэн худалдана. Уг жүжгийн гол дүр болох Анна Каренинаг өмнө нь жүжигчин Н.Баярмаа бүтээж байсан. Тэрбээр энэ дүрийг өөрийн нэрээр “дархалсан” гэж үзэх хүмүүс ч бий. Тиймээс О.Хонгорзул дүрээ хэрхэн “амилуулах” бол гэдэг нь үзэгчдийн анхаарлыг ихэд татаж буй юм.
ИХ ЗОХИОЛЧИЙН ТҮҮХИЙГ “ӨГҮҮЛНЭ”
Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Монгол ардын суут” түүхэн баримтат жүжгийг энэ сарын 22-ноос эхлэн Хүүхэлдэйн театрын тайзнаа тоглоно. Тус жүжгийг Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан 2016 онд бүтээсэн юм. Дүрүүдийн үйл хөдлөл, хэлж буй үг, санаа зорилго нь түүхэн баримт нотолгоотой, дурсамж хууч, тэмдэглэл бичвэрээс бүрдсэнээрээ онцлогтой.
ХАМГИЙН ТОМ ЖАЗЗ ТОГЛОЛТ
“An American in UB” жазз хөгжмийн тоглолтыг Улсын филармонийн концертын танхимд энэ сарын 26-27-нд олны хүртээл болгох нь. Төрийн шагналт “Баянмонгол” чуулга, Улсын филармонийн симфони найрал хөгжмийн хамтарсан эл жазз тоглолт хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй гэдгээрээ онцлогтой. Удирдаачаар С.Саруул-Од ажиллана. Тоглолтод дуучин Н.Наранбаатар, Ж.Ариунжаргал, Б.Энхжаргал, Jojo нэрээрээ олонд танигдаад буй Б.Өнөрзул нар оролцоно.
Хөгжмийн зохиолч Жорж Гершвиний “Rhapsody in blue” сор бүтээлийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Уг бүтээлийг дээрхтоглолтооссонордохболомжтой. Мөн Ж.Гершвиний сор болсон бусад бүтээлийг ч толилуулах нь. Жазз хөгжмийн сэргэн мандалтын үеийн хамгийн том төлөөлөгчдийн нэг Ж.Гершвиний гайхалтай, уран тансаг бүтээлүүдээс бүрдэх тоглолтод та бүхнийг урьж байна.
ТӨГӨЛДӨР ХУУРЧИД ЧУУЛАХ НЬ
“Piano еnsemble” төгөлдөр хуурын чуулга тоглолтыг энэ сарын 30-нд ганцхан удаа тоглох нь. Энэ үеэр 12 уран бүтээлч зургаан төгөлдөр хуураар сонсогчдын сонорыг мялаах аж. Гавьяат багш Д.Тунгалаг шавь нартайгаа хамтран уг тоглолтыг зохион байгуулна. Дан ганц төгөлдөр хуур бус, морин хуур, үлээвэр, цохивор хөгжмүүдийг ч эгшиглүүлэх уг тоглолт ДБЭТ-т болох юм.
“УВИДАСТ ЭГШИГ” ХҮҮХДИЙН БҮЖГЭН ЖҮЖИГТЭЙ
“Увидаст эгшиг” хүүхдийн бүжгэн жүжгийг энэ сарын 27-28-нд “Улаанбаатар” театрын тайзнаа тоглоно. Эрт урьд цагт нэгэн охин төсөөллийн ертөнцдөө тоглоомуудаараа жижигхэн хот бий болгожээ. Тэр хотод тоглоомууд шөнө амь орж, өглөө буцаад хэвэндээ ордог. Бүжигчин охин шидэт эгшигт хайрцгаас гарч бүхнийг амь оруулна. Ингээд л бүжиг, дуу хуураар хөгжицгөөнө. Энэхүү түүхийн үргэлжлэлийг уг жүжгээс сонирхох боломжтой. Мөн сонгодог урлагаар хичээллэхийн ач холбогдлыг уг жүжиг хүүхдүүдэд харуулах болно.
“ГАЛ ГАРСАН” ХИП ХОП УРАН БҮТЭЭЛҮҮДИЙГ СОНИРХООРОЙ
Монголын хип хоп, R&B хөгжмийн ертөнцийн бүхий л уран бүтээлч энэ сарын 20-нд болох“Triple X hit music awards-2024” шагнал гардуулах ёслолын үеэр цуглана. Шүтэн биширдэг дуучдынхаа уран бүтээлийг сонсож, нэгэн үдшийг “доргио” өнгөрүүлэх боломжтой. Шилдгийг шалгаруулах уг арга хэмжээ “Степпе арена”-д болно.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн