Монгол Улсын Гадаад харилцааны яам, Чойжин Ламын сүм музей болон Бүгд Найрамдах Словени Улс дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар хамтран Чойжин Ламын сүм музейн “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ. Тус үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс Бүгд Найрамдах Словени Улсын нийслэл Любляна хотын “Галлерей Бажато”-д гарч байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсыг хавсран суугаа Элчин сайд М.Цэнгэг, Монгол Улсын Өргөмжит консул Матей Чер нар оролцож, үг хэлэв. Арга хэмжээнд Словенийн Гадаад хэргийн яам, Любляна дахь Дипломат төлөөлөгчийн газрууд болон Монгол Улстай хамтран ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд өргөнөөр оролцов. Тус гэрэл зургийн үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Любляна хотын иргэд, жуулчид, олон түмэнд нээлттэй байна.