Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Цагаан суваргын ойролцоо, улсын төсвийн 98.2 сая төгрөгөөр байгуулсан отоглох цэг
Байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газар, улсын тусгай хамгаалалттай бүсэд аялагчид хаа дуртай газраа асар барьж, хоноглодог явдлыг манай улс таслан зогсоохоор “тэмцэж” буй. Дундговийн Цагаан суварга, Хэнтийн Цэнхэрмандал дахь Хар зүрхний хөх нуур, Өмнөговийн Ёлын ам, төрийн тахилгат Их богд уул, алхагч, авирагчдын жим гарсан Асралт хайрхан, жил болгон гадаад, дотоодын олон мянган аялагчийн хөлд дарагддаг Хөвсгөл, Өгий, Хяргас, Буйр зэрэг үзэсгэлэнт нуурыг зорин очвол сандал, сүүдрэвч, асар барих талбай, хогийн сав, ариун цэврийн байгууламжтай тусгай цэг угтах вий. Энэ бол дураараа дургиж, байгаль орчин бохирдуулдаг жуулчдыг “хазаарлах” зорилгоор байгуулсан отоглох цэг. Гэхдээ эндээс жуулчдад зориулсан ямар нэг онцгой, тав тухтай үйлчилгээ авах боломж үгүй. Та тэнд түр хугацаагаар саатах, асар барьж хоноглох л боломжтой. Гэхдээ зөвхөн майхан барихыг зөвшөөрсөн цэгт л төвхнөх ёстой. Магадгүй таныг аялал жуулчлалын, тусгай хамгаалалттай бүсэд нэвтрэхэд тухайн хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч нь энэ талаар мэдээлэл, зөвлөмж өгч, хаана буудаллаж болохыг хэлэх байх.
Ийм хүн тааралдахгүй байж ч магад. Тэгвэл эргэн тойрондоо мэдээллийн самбар, тэмдэг, тэмдэглэгээ бий, эсэхийг нягтлаарай. Майхныхаа гадсыг хаана хатгаж болохыг танд “хэлж” өгч магадгүй юм. Ийм чиглүүлэгч харагдахгүй байхыг ч үгүйсгэхгүй. Автомашины зогсоол нь хүрэлцээтэй, ариун цэврийн байгууламж нь цэвэрхэн, хог хаягдал бага, жуулчдад зориулсан тэмдэг, тэмдэглэгээтэй, хүүхэд тоглох, томчуудад зориулсан спортын талбай, галын саравчтай (түүдэг асаах, шорлог хийх) отоглох цэг таарвал та өөрийгөө азтайд тооцоорой. Ийм газар хуруу дарам цөөн бий. Эсрэгээрээ байгалийн сайхныг мэдрэхийн аргагүй бохир, тухгүй, хоноглох нь байтугай хэдэн цаг ч саатах нөхцөлгүй орчин угтаж болзошгүйг тооцоолон сэтгэл зүйгээ бэлдээрэй. Ийм цэг олон. Ийнхүү “бөөрөнхий” зүйл ярьж, уншигчдад анхааруулж байгаа нь манай улсад байгуулж буй отоглох цэгүүд нэгдсэн стандарт, төлөвлөлтгүй буйтай холбоотой юм.
Аялал жуулчлалын болон тусгай хамгаалалттай бүсэд отоглох цэг байгуулах нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан ажил. Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагынхан 2020 оноос энэ талаар ярьж эхэлсэн бөгөөд дөрвөн жилийн хугацаанд улсын хэмжээнд 100 отоглох цэг байгуулахаар төлөвлөснөө зарласан. Одоогоор эл төлөвлөгөөгөө 30 гаруй хувьтай биелүүлж, 37 цэг байгуулаад буй. Тодруулбал, дээр дурдсан шиг байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт, томоохон гол, нуурыг түшиглэсэн аялал жуулчлалын бүсүүдэд ийм тооны отоглох цэг байгуулсан гэсэн үг. Засгийн газар мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтот ажлаа хугацаандаа дуусгана гэвэл энэ онд 63 отоглох цэг байгуулах шаардлагатай болно. Гэтэл БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн оны сүүлчээр “Нэмээд авто зам дагуух 85 байршилд бага оврын ариун цэврийн байгууламж бүхий отоглох цэг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” гэж зарласан. Тэгэхээр ийм цэг 100-гаас ч олныг байгуулж магадгүй юм. Тоо нь олширч, хугацаа нь дөхөх тусам одоогийнхоос ч чанаргүй, хуумгай ажил хийх магадлал өндөр. Угаасаа манай улс отоглох цэг байгуулах нэрийдлээр эхнээсээ замбараагүй, стандартгүй, нүд хуурсан ажил хийж ирсэн.
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтний мэдээлснээр нэг отоглох цэгийг дунджаар 100 орчим сая төгрөгөөр байгуулж байгаа гэнэ. Их богд уулын отоглох цэгийг 100, Ёлын амныхыг 99.6, Буйр нуурынхыг 99.3, Цагаан суваргынхыг 98, Элсэн тасархайнхыг 97 сая төгрөгөөр байгуулсан байх жишээтэй. Энэ ажилд багадаа 3.7 тэрбум төгрөг зарцуулаад буй гэсэн үг. Гэтэл хийсэн ажлууд нь тав, 10 жил ч бололгүй эхнээсээ сүйдэж, тараа таниулсаар байна. Албаны хүмүүс “Отоглох цэгийг нэгдсэн стандарттайгаар байгуулна”, “Үүнийг хүлээж авах ажлын хэсгүүдэд нэгдсэн шаардлага, зөвлөмж хүргүүлсэн” гэхчлэн санаа тавьж байгаа мэт дүр эсгэж ирсэн ч үүнд дорвитой хяналт тавьж чадсангүй. Энэ нь отоглох цэг байгуулах тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүд өөрсдийн дур зоргоор нүд хуурсан ажил хийх таатай хөрсийг бүрдүүлсэн гэхэд болно. Анзаарвал отоглох цэгүүдийн угтах хаалга, сандал, сүүдрэвч гээд бүх зүйл харилцан адилгүй өнгө, загвартай байгаа. “Энд яг ямар ажил хийсэн юм бэ” гэж гайхмаар эл хуль, эгээ л жаахан хүүхдүүд айл гэрдэж тоглож байгаа аятай мод, чулуунаас өөр зүйлгүй нийтлэг дүр төрхтэй нь олон. Жуулчдад зориулсан гэх атлаа гадаадын аялагчдад хүртээмжтэй тэмдэг, тэмдэглэгээ, мэдээллийн самбар байршуулаагүй. Наанадаж отоглох цэг гэдгээ ч англи хэлээр бичээгүй байх жишээний.
Хар-Ус нуур орчимд отоглох цэг байгуулахаар тендерт шалгарсан компани дааж авсан ажлаа хүлээлгэж өгөлгүй гурван жил “луу унжсан”-ы эцэст сандал, сүүдрэвч төдийхнийг байршуулаад орхисон. Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тухайн хэсгийг хариуцсан хамгаалалтын захиргааныхан эл ажлыг чанаргүй хийсэн хэмээн үзэж, хүлээж авахаас татгалзсанаа цахим сүлжээгээр дамжуулан өнгөрсөн онд олон нийтэд зарласан ч үүнийг анх нийгмийн анхааралд оруулж, албаны хүмүүсийг дуу гарахад хүргэсэн нь аялагчид байв. Отоглох цэг байгуулна хэмээх сүржин сурталчилгаатай ажил хөшигний цаана ямар байдлаар үргэлжилдгийг эндээс харж болно.
Эхнээсээ чанаргүй, хуумгай хийснээс гадна хариуцах эзэнгүй орхисноос болж сүйдсэн отоглох цэгүүд байгааг ч “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн, судлаач Х.Түмэндэлгэр онцолсон. Тэрбээр “Отоглох цэгүүдийг хариуцах эзэнтэй, ашиг олох боломжтойгоор л байгуулах хэрэгтэй. Ингэхгүй бол байгальд хог болоод л дуусна. Харуул хамгаалалт, хариуцах хүнгүй орхисон отоглох цэгүүд эхнээсээ бохирдож, сүйдэж буй” гэсэн юм. Отоглох цэгүүдийг хараа хяналтгүй орхисноор байгаль орчныг бохирдохоос хамгаалах бус, харин ч тодорхой нэг цэгт их хэмжээний хур бохирдол, доройтол үүсэх нөхцөл болдог аж.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт орших, манай орны байгалийн үзэсгэлэнт газруудын тоонд зүй ёсоор багтдаг Хар зүрхний хөх нуурт одоогоос хоёр жилийн өмнө очиход тухайн бүсийг хариуцсан байгаль хамгаалагчид нь тусгайлан байгуулсан талбайд жуулчдыг байршуулж, нэвтрэх хураамж авч байв. Тус бүс дэх отоглох цэг нь зохион байгуулалт харьцангуй сайтай, боловсон бие засах газартай, хогийн цэгтэй гэх боловч бодит байдалд дэндүү бохир, хиншүү хярвас, баас, шээсний таагүй үнэр нь байж суухын аргагүйгээр тухгүйтүүлж байсан юм. Ариун цэврийн байгууламж нь хүртээмжгүй, цагийн хуваарийн дагуу ажилладгаас аялагчид энд тэндгүй ил задгай бие зассан байлаа. Хогийн сав нь хүрэлцээгүйгээс дүүрч, “хальсан” харагдсан. Жилийн жилд олны хөлд дарагддаг Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар дахь отоглох цэгүүд ч аялал жуулчлалын оргил үед хог хаягдал, ялгадсанд “дарагддаг”. Ямар сайндаа л дүрвэгсдийн хуаран шиг эмх замбараагүй, бохир гэж аялагчид шүүмжлэх вэ дээ.
Тэгвэл эл байдлыг өөрчлөх зорилгоор, өнгөрсөн онд шинэчлэн баталсан Аялал жуулчлалын тухай хуульд отоглох цэг хэмээх тусгай бүлэг нэмж оруулсан. Үүнд “Улсын аялал жуулчлалын бүс болон тусгай хамгаалалттай газарт байрлах отоглох цэгийн менежментийг тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа хариуцах бөгөөд менежментийг нь гэрээний үндсэн дээр хуулийн этгээд, орон нутгийн ир гэнээр гүйцэтгүүлж болно” гэсэн заалт тус гасан. Өмнө нь үүнд хамгаалалтын захир гааны байгаль хамгаалагчид их ажлынхаа хажуугаар санаа тавьж, алдаг оног анхаардаг байсан бол шинэ зохицуулалтаар орон нутгийн иргэн, хуулийн этгээдэд хариу цуулах боломж бүрджээ. Отоглох цэг үүд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу жуулчдаас тодорхой хэмжээний хураамж авдаг. Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар дахь Ногоон нуурын амны отоглох цэг гэхэд нэг жуулчнаас хоногийн 5000, Жанхайнх 10 000 төгрөгийн хураамж авдаг. Тэгвэл тухайн хэсгийг хариуцан ажиллах иргэн, хуулийн этгээд үүгээр орлого олж , өдөр тутмынх нь үйл ажиллагааг хариуцах боломжтой аж. Дээрх судлаачийн хэлсэн хариуцах эзэнтэй, ашиг олох боломжтой тогтолцоо үүний үндсэн дээр бий болох нь. Нэмэлт, өөрчлөлт оруулсан Аялал жуулчлалын тухай хуулийг энэ оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн. Тэгэхээр үүнд тус гасан зохицуулалтыг одооноос, энэ жилийн аялал жуулчлалын улирлаас ажил хэрэг болгох боломжтой гэсэн үг.
Мөн тус хуульд “Отоглох цэг нь байнгын, эсхүл түр байж болох бөгөөд стандартын шаардлага хангасан байна” гэж заасан. Энэхүү заалтыг аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, тусгай хамгаалалттай бүс нутгийг хариуцсан хамгаалалтын захиргааныхан цаашид “хөрсөн дээр” буулгаж, стандартын шаардлага хангасан отоглох цэг байгуулахад анхаарах хэрэгтэй байна. Үгүй бол эзэнгүй, стандартгүй ажилд тэрбум тэрбумыг хийсгэсээр, аялал жуулчлалд нэмэр бус, нэрмээс болох нь.
Бэлтгэсэн Н.Мишээл