Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ) өчигдрөөс сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудсандаа байршуулж эхлэв. Үүнтэй зэрэгцээд “царцааны нүүдэл”-ийн талаар хөндөх хэрэгтэй болж буй юм. Энэ бол сонгууль бүрээр гардаг, шүүмжилдэг ч шийдэж чадалгүй орхидог сэдэв. Нийслэл, эсвэл орон нутагт өрсөлдөх хэн нэгэн улс төрчийг дэмжихээр урьдчилан тооцоолж, тодорхой тооны иргэд нэр дэвших тойрог руу нь хаягийн бүртгэлээ шилжүүлдэг бохир технологийг “царцааны нүүдэл” хэмээн нэрлэдэг. Тухайн нэр дэвшигчийн ойрын хүмүүс, дэмжигчид бүртгэлээ биечлэн шилжүүлэхээс гадна оршин байдаг нь үл мэдэгдэх “хий үзэгдэл” ч олноор гарч ирдэг. Хаяг дээр чинь огт зүс үзээгүй хэдэн “хамаатан” нэмэгдчихсэн байна гэсэн үг.
Сонгуулийн хуульд заасны дагуу санал хураах өдрөөс 60 хоногийн өмнө л иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно. Тэгэхээр энэ сарын 29 хүртэл “царцаа нүүж” болно гэсэн үг. Гэхдээ өөрийг нь дэмжигчдийн бүртгэлийг шилжүүлэх, мөнгө өгөх гэх мэтээр санал авч, парламентад сонгогдоод сурчихсан улс төрчид цагийг нь тулгасан гоомой зүйл хийхгүй. Тэд хэдэн сарын өмнөөс ажлаа эхэлдэг жишиг бий.
Сонгууль бүрээр тоо нь өсөж буй “нүүдэлчид”
УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө улсын хэмжээнд 18 мянга гаруй сонгогч шилжилт хөдөлгөөн хийлгэсэн аж. Энэ талаар тухайн үед МАН-ын гишүүн С.Батболд мэдээлэл хийж байжээ. Үүнд Увс аймагт хамгийн олон буюу 3237, Хөвсгөлд 2943, Баянхонгорт 2059, Архангайд 1341 хүн шилжиж очсон байсан гэнэ. Эдгээрээс гадна 600-гаас дээш хүн бүртгэлээ шилжүүлсэн долоон аймаг байсан юм. Тэгвэл 2020 онд энэ тоо өсөж, 35-40 мянга болсон байна. Тухайн үеийн УБЕГ-ын дарга Б.Баасандорж энэ талаар “Хоёрдугаар сараас өмнөх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. 2019 оны арванхоёрдугаар сарын 10-наас хоёрдугаар сарын хооронд иргэний шилжилт хөдөлгөөн ихэссэн. Өмнөх жилүүдэд нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд 16-17 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийдэг байсан бол энэ удаад 35-40 мянган иргэн шилжсэн” хэмээн ярьжээ. Тэдний олонх нь улс төрчдийн явуулсан “царцаа” гэдгийг төвөггүй ойлгож болно. Мөн сонгуулийн жил эхлэхээс ч өмнө шилжилт хөдөлгөөн эрчимждэг нь харагдаж буй юм.
Хуульд иргэнээс гадна сонгогч шилжих гэсэн хэсэг байна. Энэ бүлэгт сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байрны аюулгүй ажиллагааг хангах цагдаагийн ажилтан, нэр дэвшигч болон менежер, шадар туслагчид хамаарах аж. Тэд сонгуулийн нэг хэсгээс нөгөө рүү зургаадугаар сарын 14 хүртэл шилжих эрх нь нээлттэй юм байна. Нэр дэвшигч бүрд итгэмжлэл олгосон менежер, шадар туслах байж болно. Тэднийхээ бүртгэлийг өрсөлдөх тойрог руугаа шилжүүлж, өөртөө хоёр санал нэмэрлэж болох нь.
Ашигтай, ашиггүй
Энэ удаа сонгуулийн тойргийг 3-4 аймгийг нийлүүлэн бүсчилж, томруулсан. Орон нутагт долоо, нийслэлийн хэмжээнд зургаа, нийт 13 тойрогт улсыг хуваан бүсчлээд байна. Парламентын 126 гишүүний 78-ыг нь бид тойргийн системээр сонгоно. Нэг улс төрч тухайн аймгаа буюу жижиг тойргоо “атгачихсан”, хэдэн сонгогчоо “маллаад” улиг болтол парламентад сонгогддог нь манайд байдаг жишиг. Томсгосон тойрог байгуулснаар үүнийг өөрчилж, УИХ-д шинэ хүмүүсээр цус сэлбэх боломж олдоно, аймгуудаа бүсчилж хөгжүүлэх, том төслүүдээ урагшлуулах давуу талтай гэж үзсэн. Мөн дээрх “царцааны нүүдэл”-ийг ч хязгаарлана хэмээн тооцсон юм.
Нэг аймгийг 2-4 болгон хуваасан жижиг тойрогт дунджаар хоёр мянган хүн нүүлгэж өөрийгөө дэмжүүлдэг, мөнгөөр цөөнгүй сонгогчийн саналыг худалдаж аваад л парламентын гишүүн болчихдог бохир технологи энэ удаа өөрчлөгдөх үү. Тухайлбал, 2016 онд Увс аймгаас МАН-ын Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат нар сонгогдсон байна. Эл аймагт тухайн үед нийт 3237 хүн сонгуулийн өмнө шилжиж очсоныг дээр дурдсан. Тэгвэл одоо Увс, Ховд, Завхан, Говь-Алтай дөрвөн аймаг нийлээд нэг тойрог болж буй. Эдгээр аймгаас нийт 10 гишүүн сонгох юм. Дөрвөн аймгийн сонгогчдоос олонхын санал авахын тулд хэдэн мянган “царцаа” нүүлгэх хэрэгтэй болно. Тэгэхээр энэ удаа нүүдлийн хүрээ хумигдаж мэдэх. Гэвч хийсэн үр бүтээлтэй ажил, ур чадвараар үнэлүүлж биш, бохир технологийнхоо ачаар л парламентад хэдэнтээ сонгогдсон улс төрчид энэ зангаа амархан тавихгүй л болов уу. Тиймээс эсрэгээрээ, харин ч илүү олон хүнийг тойрогт багтах аймаг, дүүргүүд рүү тараан байршуулахад санаа тавьж эхэлсэн тухай сураг гарч байна. Нэр дурдсан гишүүн ч он гармагц л сурсан ажлаа эхлүүлж, “нүүдэлчдээ” илгээж эхэлсэн тухай нэг хэсэг нийгмийн сүлжээгээр шуугиад авсан билээ. Өөрөөр хэлбэл, тойрог томрохын хэрээр “царцааны” тоо улам олон болно гэсэн үг. Мөнгөтэй хүнд сонгогчдын тоо нэмэгдэх, газар нутгийн хүрээ тэлэх нь тийм ч чухал биш байдаг бололтой. Бэл бэнчингээсээ хамаараад улс төрчид тодорхой хэмжээнд өөрийн хүмүүсийн бүртгэлийг шилжүүлж буй гэдэгт ч итгэлтэй байна. Удахгүй УБЕГ-аас шилжилт хөдөлгөөний нэгдсэн мэдээллийг зарлахад хэн хааш нь хэдэн хүн шилжүүлсэн тухай дүр зураг тодорхой болох биз ээ.
“Хамаатнуудаа” сайн судал
Аймаг, дүүрэг дамжин “нүүдэллэж” буй сонгогчдын цөөхөн нь үнэхээр өөрийн биеэр тухайн газарт очиж амьдарч байгаа. Цаг үе нь л сонгуультай давхацсан хэрэг. Гэвч тэдний олонх нь сонгуульд зориулж хэн нэгэн нэр дэвшигчийг дэмжих зорилгоор шилжиж буй гэхэд буруудахгүй. Уг нь хуулийн дагуу тухайн иргэн заавал өөрийн биеэр очиж, шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэх ёстой. Гэвч сонгуулийн үеэр хэн нэгэн нэр дэвшигчийн бие төлөөлөгч олон хүний иргэний үнэмлэх “бөөндөн” барьж очоод хаяг шилжүүлсэн тохиолдол гарсныг өмнө нь олонтоо ярьж, бичсэн.
Иймэрхүү бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалттай холбоотой будилаан гаргахгүйн тулд сонгогч та, бид өөрсдөө хянуур байх ёстой юм. Юуны өмнө УБЕГ-ын цахим хуудсанд зочилж, өөрийнхөө бүртгэлийг шалга. Тэнд танай хаяг дээр хэдэн хүн амьдарч буйг шалгах цонх мөн байна лээ. Сонгууль дөхмөгц л гэнэт хаяг дээр нь баахан танихгүй “хамаатан” нэмэгдсэнийг цочирдон мэдэх биш, одооноос анхаарч, хяна гэсэн үг. Хэрэв танихгүй хүн нэмэгдсэн байвал хасуулах, гомдлоо гаргаж шийдүүлэх учиртай. Ингэж байж л сонгуулийн бохир аргаар санал худалдаж авахаас сэргийлж чадна. Сонгуулийн тухай хуулийн 23.1-т “Сонгогч нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй. Хэрэв уг жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан болон улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр болон цахимаар гаргана” хэмээн заажээ. Улмаар таны гомдлын дагуу гурав хоногт багтаан шийдэж, жагсаалт дахь мэдээллийг засах юм билээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиас: 24 дүгээр зүйл. Сонгогч шилжих
24.1. Сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчийн сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ.
24.2. Нэр дэвшигч болон энэ хуулийн 37.3-т заасан менежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно.