Үйлдэл, тэр байтугай юу бодохыг нь ч хүртэл заачхаж байхад гэдсээ дүүргэхээс өөр санах зүйлгүй амьдрахад болох юм биш үү. Ертөнцөд үргэлж шинэ, залуугаараа байх цор ганц зүйл бол оюун санаа. Мянга мянганы турш хүн төрөлхтний сэтгэлгээний түүхийн цараа тэлсэн үү гэхээс өөрчлөгдөөгүй. Хамгийн хоржоонтой нь гурван цагийн хүрдэд хүний туулах зовлон, эдлэх жаргал, төрөх мэдрэмж ав адил байхад өсөн нэмэгдэх бодгалиуд төрөхөөсөө л “би”-гээр өвчилчихдөг нь зовлогоо зовоох үйлийн үрээс цаашгүй юм. Энэ үгэнд уншигч та эргэлзэж магадгүй. Гэвч Жорж Оруэлл “1984” романаа 1949 онд бичсэн шүү дээ. Энэ бол төр дайн, хядлага, айдсаар дамжуулан ард түмний намд итгэх итгэлийг хадгалахыг хичээж буй дистопи нийгмийн түүх. Энэ нийгэмд сэтгэх нь хүртэл гэмт хэрэг. Харин хайрлах, сэтгэх, эрх чөлөөг эрэлхийлэх бол тэдний хүсэл. Гэвч хүсэл бол тун хялбар боолчлол. Харамсалтай нь, энэ хүсэл, “би”-гээр өвчлөх заяагдмал хэрэгцээ мөнхийн агаад үнэтэй аж.
БОДИТ БАЙДЛАА ТОЛЬД
Өнгөрөгч пүрэв гарагт “Орфей” театрынхан ээлжит жүжгээ толилуулсан нь “1984”. “Энэхүү романыг жүжиг болгох нь ээ” гэх ярианаас илүү дуулиан тарьсан мэдээ нь жүжигчдийн бүрэлдэхүүн. Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг нар 12 жилийн дараа тайзны уран бүтээлд хамтарч буй нь энэ. Түүнчлэн Ардын жүжигчин Г.Равдан, Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг нараар тэсрэлт хийхээр шийджээ. Хувцсаа өлгүүлэн, үүдний хэсгээр дамжин танхим руу явахад “1984”, “Жорж Оруэлл” хэмээх үг голлосон тун бүтээлч, том хэвлэмэл хуудас хана дүүрэн өлгөөтэй харагдана.
Нээлтийн тоглолт тул үзвэр эхлэх цагаас хойш ч үзэгчид тасралтгүй цуглах аж. Цааш явахад цөөхүүл хөгжмийн зэмсгээр “Por una Cabeza”-г эгшиглүүлнэ. Харин ил үзэгдэх хоол, ус худалдаалах буфет байгаагүй нь сайшаалтай байв. Театрын орчин энэ мэт хоол, ус, ундаа худалдах зүйлээс ангид байх ёстой юм. Үзвэр дууссаны дараа үүд хэсэгт хувцсаа авах гэсэн хүмүүс эгнэж харагдахаас гадна уран бүтээлчидтэй зургаа авхуулах хүн ч цөөнгүй байлаа. Гэхдээ тайз бол театрын сүнс, хөндөшгүй хэсэг. Тиймээс үзэгчид ч театрын соёлыг хүндэтгэн уг хэсэг рүү гарахгүй байх нь зөв.
“Улаанбаатар” зочид буудлын их танхимд зассан тайз уламжлалт театрын хэв маягаас тэс ондоо. Өмнө нь тус театрынхан “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлж, зохиолч С.Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийг толилуулсныг уншигч та мэдэх биз. Эл жүжгийг яг энэ тайзан дээрээс хүргэсэн. Харин энэ удаа “1984”. Танхимын голд тайз, түүнийг дөрвөн талаас нь үзэж болох суудлууд байрлана. Жүжиг үзэх зорилгоор энд зочилсноо түр умартан бодвол яг л загварын шоу үзэх нь хэмээн таамаглаж болохоор.
Тайзны дээд хэсэгт бэхэлж тогтоосон төмөр ор, бичгийн ширээ, гэрлийн чийдэн үзэгдэнэ. 30 минутын дараа үзвэр эхэллээ. Гэтэл юу болсон гэж санана. Тайзны төв хэсэг рүү төвлөрсөн үзэгчдийг арзас хийлгэсээр “Ангсоц” гэх бичигтэй хувцас өмссөн нэлээд олон хүн тайзыг бүчих нь тэр. Тэд командлагчийн үгийг давтан өглөөний дасгал хийнэ. Тэр дунд зохиолын тулгуур Уинстон Смит буюу С.Болд-Эрдэнэ байна. Тэд зогсолтгүй “Дайн бол энх тайван, эрх чөлөө бол боолчлол” гэж хэлэх аж. Үзвэрийн турш жүжигчид дөрвөн талаас гарч ирэх бөгөөд та энд гял цал хувцас, тайз засал, энтертайнмент шоу үзэхгүй. Харин агуулга, үзэл санаа хэрхэн биеждэгийг харж, өөрсдийгөө тольдоно гэдгийг хэлье. Эл романыг жүжгийн хэлбэрт хувиргасан тухай шүүн тунгаахаас өмнө эх зохиол, зохиолчийн талаар дурдах нь зүй. Жорж Оруэлл 1903 оны зургаадугаар сарын 25-нд Британи болон Энэтхэгийн хойд хэсэгт орших Бихар мужийн Мотихари хотод төрсөн. “Амьтны ферм” (1945), “1984” (1949) романаараа алдаршсан, Английн зохиолч, шүүмжлэгч юм.
Түүнд эцэг, эхээс өгсөн нэр нь Эрик Артур Блэйр бөгөөд Жорж Оруэлл бол уран бүтээлчийн нэр нь. Тэрбээр тоталитар засаглалын эсрэг үзэл санаагаа зохиолоороо дамжуулан хүчтэй хүргэснээрээ алдартай нэгэн юм. Харин өнөө цагт чөлөөт нийгмийн халхавчинд нуугдсан тоталитар зан үйл үзэл бодол, эрх чөлөөний эсрэг ажиллаж буй хэмээх. Жүжиг өндөрлөхөд уран бүтээлчид үзэгчдийн өмнө даруухан мэхийгээд цааш орох нь энэ зохиол тэдэн шиг “томчуудад” ч хүнд ачаа болж хэмээн таамагласан юм. Энэ бүтээлийн амжилтыг алга ташилтаар хэмжихгүй. Учир нь бодит байдлаа тольдсон хүмүүс өөрсдөөрөө бахархах гэж үү. Харин хүйтэн усанд шумбах шиг цочроож, тэр л өнгө аястаа автуулах нь жинхэнэ амьд мэдрэмж юм биш үү.
М.БАТБОЛД БОЛ НОЁН СОЛИОТ
Тэр бол сэтгэцдээ театраар өвчилсөн хүн. Бүтээлийн чансааг их, бага уйлуулснаар хэмждэг үзэгчдийн бус, агуулга үзэх гэж ирдэг хүмүүсийн найруулагч. “Орфей” театрын уран бүтээлч тэрбээр Германы их зохиолч Гётегийн “Фауст”, Оросын зохиолч, сэтгэгч Фёдор Достоевскийн “Гэм зэм”, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Опал”, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч С.Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” зэрэг жүжгийг тайзнаа “амилуулсан”. Түүний бүтээлүүдэд болон өөрт нь нэг чанар бий. Аливаа бүтээлийг агуулга, хэлбэрийн тэнцвэрийг хадгалж толилуулахаас гадна хэзээ ч хуучиршгүй нүсэр агуулга, философи суурьтай бүтээлүүдэд өөрийн чадварыг сорьдогт тэрхүү чанар нь оршдог.
Энэ нь хэдийн түүний нэрийн хуудас болсон. Түүнчлэн уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүн. Тааруухан бүтээлийг чансаа өндөр жүжигчдийн чадвараар “аргалах” явдал цөөнгүй байдаг. Харин тэр эдгээр классик уран бүтээлчдийг зөв цагт, зөв дүрд нь оноосон гэж бодоход хүрсэн юм. С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг нар бол тайзанд гэрэлтэхээр зориулагдсан хүмүүс. С.Болд- Эрдэнэ жүжгийн турш биднээр “том ах”-ыг үзэн ядуулж, Жулияд дурлуулж, тэрслүүлж, үзэгчдээр “давхар бодол” тээлгэлээ. Мөн энэ уран бүтээлд жүжгийн зохиолчоор ажилласан зохиолч Я.Баяраа дүрүүдийн уялдаа, утга санааг нягт нямбай боловсруулжээ хэмээн бодоход хүрэв. Энэ жүжгийн бүх уран бүтээлч энэ ноён солиотын удирдлага дор яг л тэр дүр шигээ амьдарч эхэлжээ. Уг романд “Жинхэнэ итгэл үнэмшил бол ухаарал сэхээрэлгүй байдал мөн” гэх эшлэл бий. Тэгвэл ухаарал сэхээрэл бол бослого болж таарах нь. Хүн оюун ухаангүй, чөлөөт сэтгэлгээгүйгээр унтах, идэх, хурьцаж л чадах сүрэг амьтад. Харин энэ эрх чөлөөгүйгээр бид бүгд сэтгэхүйн гэмт хэрэгтэн. Автобусанд толгой тоолох систем суурилуулах шийдвэр гаргаж, хувь хүний бодлыг “Худал мэдээлэл” хэмээж буй төрийн чанар танигдаж, баг тайлагдаж байгаа энэ үед “1984”-ийг үзэж, өөрсдийгөө тольдоно уу. Эл бүтээлийн уур амьсгал, үйл явдлын өрнөлүүд бидэнд нэг их хол тусахгүй байх вий.
Д.Хүслэн