1975 оны 11-р сард Польшийн нэрт дуучин Анна Герман арав гаруй дуучид хөгжимчдийн хамт Улаанбаатарт ирж тогложээ. Сэтгэл татам инээмсэглэл монголчуудад хайрлаж, зүрх уяраасан дуунуудаа харамгүй дуулсны дотор манай "ЖОНОН ХОНГОР" ч дуулагдаж. Тэр он жилүүдэд манайхны гадаадын жүжигчдэд үзүүлэх үйлчилгээ, тав тухыг нь хангаж анхаарал халамж тавих асуудал хүндхэн цаг л даа. Чех байтугай Европт алдартай Карл Дубагийн чуулгыг өөрсдийн хариуцлагагүйгээс болж автын осолд оруулан 6 хөгжимчний амь насыг нь үрсэн улс бол манайх. Гашуун үнэн. 20 км цагийн хурдтай өгсөж яваа машин жолоодлого алдаж, осол гаргана гэдэг ердөө л ямбийсан техник, яахаа мэдэхгүй жолооч хоёрын л буруу байсан юм.
Энд ирээд тавгүй зүйл нэлээд үзэж, хэцүүхэн байдалтай буцсан хүн бол дуучин Анна Герман. Түүнийг хаа байсан Мах гурилын соёлын ордонд 11 сарын хүйтэн өдөр дуулуулах бодол хэний толгойд орсон юм бол. За яахав хаана ч дуулж болно. Гэтэл хотын захын тэр Соёлын ордон боловсон нойл үгүй тул хоёр метр шахам өндөр хүүхэн бие засахаар 1960-аад оны "хийц дизайн"-тай, салхи савир сийгсэн, хаагддаггүй хаалгатай, хазайж нурахдаа тулсан, модон "ордон" руу орохоор зүтгэсэн гээд бод доо. Төсөөлөхөөс ч хэцүү санагдаж байгаа биз. Ялаа батганагүй цаг ч, ямар л олиг байх вэ. Бодохоос ч дотор харанхуйлна. Хамгийн гол нь Анна 1967 онд Италид автын осолд орж, азаар амь гарч, хамаг суурь ясаа хадуулчихсан, хөдөлгөөний хязгаарлалт ихтэй хэцүү үе нь шүү. Тоглолтын дараа асуудал босох нь тэр. Анна Герман бас нэг дуучин хүүхэн хоёул бие засъя гэж концерт хөтлөгч, үйлчлэгчээр томилогдсон жүжигчин З.Жарантавд хэлжээ.
Модон "ордон" руу хуруугаар зааж Анна "Эрхэм Жарантав минь, би тийшээ орохгүй шүү" гэх нь тэнд лав таатай байгаагүй нь ойлгомжтой. Жарантав ийш тийш гүйгээд олигтой "нууц" газар олсонгүй. Ядаж байхад тоглолт эрт дууссан тул гадаа нартай. Үзэгчид тарж хөл хөдөлгөөнтэй. Гэтэл ч дуучин хүүхнүүд хавчганаад бараг л дуу алдаж эхэлж. Дүүрсэн хэрэг гээд Жарантав хамт концерт хөтөлсөн польш эрийг дуудан хоёул хүрмээ тайлан дэлгэж бариад, буруу харж зэрэгцэж зогсоод Анна Германг соёлын ордны хашааны буланд бие засуулж орхив. Ер нь бол гаднын дуучид манай орны хуурай уур амьсгалд дасахгүй хоолойгоо чийглэх гэж байнга шингэн зүйл хэрэглэдэг нь үнэн. Тэгээд ч соёлын ордны агааржуулалт энэ тэр гэсэн ойлголт одоо ч бий билүү.
80-аад онд Валерий Леонтьев Монголд ирээд "Энэ Цирк маш халуун байна. Дуулах боломжгүй" гэж Эвлэлийн Төв хороог сандаргаж халаалтыг нь зогсоож байж дуулсан удаатай. Том дуучид, алдартай жүжигчид хаа ч явсан "засагладаг" хуультайг тэр явдал харуулсан юм. За энэ ч яах вэ. Үргэлж тохилог театрт дуулдаг Анна Герман тоглолтын хариугүй нимгэн хувцастай ирснээс Драмын театрт жиндсэн үү, эсвэл Соёлын ордны хашааны буланд салхи авсан уу, нэг шөнө халуурч хоножээ. Ханиад хүрч, хатгаа авсан байлаа. Чуулгын нөхдөө нутаг буцахад тэр 2-р эмнэлэгт уйлаад үлдэж. Амь насанд нь хүрч мэдэх асар хүнд бэртэлтэй түүнд ханиад хүрэх ч хориотой байлаа. Нөхөр нь тэр дороо Улаанбаатарт нисэж ирсэн нь ёстой жинхэнэ хайр гэхээс өөрийг хэлэх аргагүй. Тэд хөтлөлцсөөр хамтдаа буцсан гэдэг.
"Бурхны хоолойт" гэж алдаршсан алдарт Анна Герман Италийн ослоос үүдсэн ясны хүнд бэртэл нь сэдэрсний улмаас ид цэцэглэж явсан 46 насандаа 1982 оны нар тоссон 8 сарын нэгэн өдөр хорвоог орхисон юм. Одон оронч эрдэмтэн шинээр нээсэн одыг түүний нэрээр нэрлэж, хэд хэдэн хотод хөшөө дурсгал нь боссон юм. Дуустлаа хайрласан эх дэлхийдээ дуулсан дуу бүрээ үлдээгээд тэр оджээ. Бусдад үйлчилж сурна гэдэг, ялангуяа гаднын хүндтэй зочдын эрүүл мэндийн асуудлыг урьдчилан судалж, гол анхаарлаа тавьж үйлчилнэ гэдэг асар том соёл, хүн ёсны сэтгэл, өндрөөс өндөр хариуцлага гэдгийг манайхан дараа нь л ойлгосон доо, хөөрхий. ©Чингис Жагаа
Д.Жаргалсайхан "Монголын Рок нууц" товчоо номноос