Хот байгуулалтын тухай хуульд эрх, үүргийг нь тусган оруулсан мэргэжлийн ганц албан тушаал бол ерөнхий архитектор юм. Энэ хүмүүс хот байгуулалттай холбоотой үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, зохицуулах, мэргэжил, арга зүйгээр хангах, хяналт тавихаас эхлээд үүнтэй холбоотой бодлого, дүрэм журам, эрх зүйн актуудыг боловсруулах, хэрэгжүүлэх, эдгээрт санал оруулах онцгой эрх, үүрэг хүлээдэг. Түүнчлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангахад чиглэсэн хот байгуулалтын үндсэн баримт бичиг болох хөгжлийн, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан жил бүр газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, холбогдох шатны байгууллагад танилцуулдаг. Үндсэндээ хот суурины газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилт, инженерийн шугам сүлжээний бүх ажил энэ хүний гараар дамждаг, мэдэлд нь өрнөдөг гэж ойлгож болно.
Манай улс иргэд эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэхийн тулд дэлхий нийтийн жишгээр бүс нутаг, хот, тосгоны хэмжээнд төлөвлөлтийн баримт бичиг боловсруулж, аймаг, нийслэлийг хариуцан ажиллах ерөнхий архитекторыг Хот байгуулалтын тухай хуулийн дагуу томилсоор ирсэн. 2000 оноос хойш гэхэд Улаанбаатарт ийм томилгоог есөн удаа хийжээ. Давхардсан тоогоор зургаан хүн энэ албан тушаалд ажилласан байна. Харамсалтай нь, эдгээр мэргэжилтэн хууль, эрх зүйд тусгасан онцгой эрх, үүргийнхээ хүрээнд үр дүнтэй ажиллаж гавьсангүй, хот, сууриныг үлгэр жишээ хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж чадсангүй. Түгжрэл, бохирдолдоо живсэн, тайван алхах орон зайгүй болтлоо бетонон байгууламжид эзлэгдсэн улсынхаа нийслэлээс тэдний ажлын үр дүнг харж болно. Шуудхан хэлэхэд, өнөөгийн Улаанбаатар бол хотын үе үеийн архитекторын бүтээл, “гавьяа” юм.
Ийм албан тушаалд очсон хүмүүсийг “Ерөнхий төлөвлөгөөний манаач”, “Хотын капитан” гэх зэргээр өргөмжилдөг нь хот байгуулалтын салбарт гүйцэтгэх үүрэг, үзүүлэх нөлөөллийг нь тодотгосных. Гэвч тэд энэ их итгэл, үүрэг хариуцлагыг өндөрт өргөж чадаагүй. Харин ч үүнийгээ урвуулан ашиглаж, танил тал, хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон байж болзошгүй баримт, мэдээлэл хөвөрдөг. 2006-2010, 2012-2015, 2022 онд буюу нийт гурван удаа, найм орчим жилийн хугацаанд Улаанбаатар хотын ерөнхий архитекторын албан тушаалыг хашсан Н.Нацагдоржийн өөрийнх нь болон эхнэр, хүүхдийнх нь нэр дээр үйлдвэрлэл, үйлчилгээ, зуслангийн зориулалттай, амины орон сууц нийлсэн 11 үл хөдлөх хөрөнгө байдаг талаар нэгэн сэтгүүлч өнгөрсөн онд мэдээлж байв. Тэрбээр нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл, Д.Сумъяабазар нартай гар нийлэн ажиллаж байсан юм. Түүний хүү Н.Тэлмүүний бусадтай хамтран эзэмшдэг компани дархан цаазат Богдхан уулын Нүхтийн аманд 9983 ам метр талбай эзэмшдэг, 2022 онд тухайн газартаа 980 ам метр, 30 өрөө бүхий дөрвөн давхар, тансаг зэрэглэлийн хаус барьсан зэрэг баримтыг ч ил болгосон. Насаараа төрд ажилласан, төсвийн бусад байгууллагынхны адил дундаж цалин авдаг хүн ийм их хэмжээний хөрөнгөтэй байх, хурааж цуглуулах боломжтой юу гээд бодохоор яалт ч үгүй түүний эрхэлж байсан албан тушаал, онцгой эрх энэ бүхнийг бий болгосон байж болзошгүй гэх хардлага дагуулна. Мөн түүнийг мэргэжлийн байгууллагуудын шийдвэр, дүгнэлтийг өөрчилсөн, зориулалтын бус газарт барилга бариулсан, холбогдох хууль, журмыг зөрчин зөвшөөрөл олгосон зэрэг хууль бус олон үйлдэлд холбож, буруутгадаг юм билээ.
НИТХ-ын төлөөлөгчид ч түүнийг хотын төвд зургаагаас дээш барилга нэмж бариулахгүй байх шийдвэрийг зөрчин зөвшөөрөл олгосон, ажлаа тайлагнадаггүй зэрэг үндэслэлээр 2022 онд суудлаас нь буулгасан гэлцдэг. Хачирхалтай нь, хотын хамгийн хариуцлагатай албан тушаалд хамгийн олон жил үр дүнгүй ажилласан энэ эрхэм өдгөө Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг удирдаж байна. Улаанбаатарыг “эмхэлж” чадаагүй хүн үлгэр жишээ дагуул хот байгуулна гэдэг юу л бол.
Н.Нацагдоржийн ажлыг хүлээн авсан, өдгөө нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар ажиллаж буй Ц.Тулга ч элдвийн “хэл аманд” орооцолдсоор буй. Өнгөрсөн оны сүүлчээр АТГ-аас түүний гэрт нэгжлэг хийж, шалгаж эхэлсэн талаар мэдээлэл түгсэн. Нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж, асуудал дагуулаад буй “Авлига” хорооллын ард ч хотын ерөнхий архитектороор ажиллаж асан нэр бүхий хүмүүс байдаг гэлцдэг. Энэ мэтчилэн баримт, мэдээлэл сөхвөл, тэр бүхнийг дурдвал ерөнхий архитектороор ажиллаж байсан хүмүүстэй холбоотой ер бус “явдал” өчнөөн. Эндээс тэдэнд дүн тавьж болно. Ялангуяа энэ албан тушаалд гурвантаа томилогдсон Н.Нацагдорж, хоёр удаа сонгогдсон Э.Хүрэлбаатар нараас хариуцлага, үр дүн нэхэх эрх нийслэлчүүдэд бий. Харин цаашид яах вэ. Нөхцөл байдал дээрдэх үү, энэ хэвээр үргэлжлэх үү. Тэдний гаргасан алдааг засаж залруулах боломжтой юу. Ийнхүү асууж буй нь манай улс хот байгуулалтын ажлыг мэргэжлийн багт даалгах эрх зүйн шинэ зохицуулалт бий болгосонтой холбоотой.
Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг өмнө нь Засаг дарга нар бүрэн эрхийнхээ хүрээнд томилдог байсан. Харин Хот байгуулалтын тухай хуульд 2021 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр энэ албан тушаалтнуудыг нээлттэй сонгон шалгаруулалт болон сонсголд үндэслэн томилох нөхцөл бүрдүүлсэн юм. Тэгвэл өнгөрсөн оны сүүлчээр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторын сонгон шалгаруулалтад мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд оролцож болно” гэсэн шинэ заалт оруулжээ. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон түүний багийнхан хот төлөвлөлтийн чиглэлээр ирэх дөрвөн жилд хамтран ажиллах мэргэжлийн, шинэ багийн эрэлд гараад байна. Сонгон шалгаруулалтын зар түгээгээд сар орчим боллоо.
“Нийслэлийн ерөнхий архитектороор гадаад мэргэжилтэн ажиллуулна”, “Хот төлөвлөлтөд олон улсын баг оролцуулах нь” гэсэн албан бус мэдээ, жиг жуг энэ оны эхнээс дуулдах болсон. Ерөнхий архитектороор гадаад хүн томилохгүй ч олон улсын чадварлаг мэргэжилтнээс бүрдсэн багийг түүнтэй хамтран ажиллуулахаар зэхэж байгааг Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн хэллээ. Тэрбээр “Хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбоотой ажилд хувийн хэвшлийн байгууллага, хуулийн этгээдийг татан оролцуулдаг жишиг олон улсад түгээмэл. Бид үүний дагуу ажлаа явуулахаар хууль, эрх зүйн орчин бүрдүүлээд байна. Сонгон шалгаруулалтад дотоод, гадаадын хуулийн этгээд оролцох боломжтой. Гол нь мэргэжлийн, чадварлаг хүмүүсээр багаа бүрдүүлсэн, олон улсад, томоохон төсөл, хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай, хүний нөөцийнх нь 30-аас доошгүй хувь нь гадаад мэргэжилтэн байх гэсэн шалгуур, шаардлагыг тавьж буй. Гадаад мэргэжилтэн гэж онцгойлоод байгаа нь хөгжингүй орны жишиг, олон улсын арга туршлагыг нутагшуулахтай холбоотой. Явган хүний зам, олон нийтийн гудамж, талбайг оновчтой төлөвлөж, засаж сайжруулахаас эхлээд Улаанбаатарт хийх ажил өчнөөн. Хүнд ээлтэй орчныг бий болгохын тулд бүх зүйлийг өөрчлөх шаардлагатай. Тиймээс мэдлэг, туршлага нь олон улсын хэмжээнд үнэлэгддэг хүмүүстэй хамтарч ажиллахыг зорьж байна. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажилд ч гадаадын мэргэжилтэн, хуулийн этгээдийг оролцуулна” гэсэн юм.
Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг өмнө нь Засаг дарга нар бүрэн эрхийнхээ хүрээнд томилдог байсан. Харин Хот байгуулалтын тухай хуульд 2021 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр энэ албан тушаалтнуудыг нээлттэй сонгон шалггаруулалт болон сонсголд үндэслэн томилох нөхцөл бүрдлүүсэн юм.
Үндсэндээ ерөнхий архитекторын эрх, үүргийг гүйцэтгэх тусгай бүтцийг нийслэлийн удирдлагын дэргэд бий болгох аж. Үүнийг шалгаруулах ажлын хэсгийг хотын мээр томилж, сонгогдсонтой нь гэрээ байгуулахаар хуульчилсан. Тиймээс энэ бүтэц нийслэлийн удирдлагад шууд хамаарна. Хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг толгойлогч ерөнхий архитектор хэмээх хүн өмнө нь бүхнийг мэдэж, гардаж, шийдэж хийдэг байсан бол одооноос ондоо бүтэц, зохион байгуулалт, эрх, үүргийн хуваарилалтаар ажиллах нь.
Саяхан болсон “Улаанбаатар-бүсчилсэн хөгжил” форумын үеэр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Хотын ерөнхий архитекторын чиг үүргийг хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Цаашид мэргэжлийн багууд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний манаач болж ажиллана” хэмээн ярьсан. Хот төлөвлөлтөд мэргэжлийн, чадварлаг хүмүүсийг оролцуулж, олон улсын жишгээр ажиллахаас аргагүйг нийслэлийн удирдлагууд сая нэг хүлээн зөвшөөрч, эргэлт буцалтгүй шийдсэн бололтой. Мөн тэр хэрээр өөрчлөлт, ахиц дэвшил гарна гэсэн өөдрөг итгэл үнэмшилтэй буй нь хотын даргын хэлснээс ч, дээрх мэргэжилтний ярианаас ч илэрхий байна.
Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст дураар нь “өгч” тоглуулсан, төөрдөг байшин шиг, төлөвлөлтгүй, замбараагүй хотыг эмхэлж цэгцэлнэ гэдэг мэдээж амаргүй. Гэвч тэглээ гээд гар хумхин суух арга үгүй. Улаанбаатарын нөхцөл байдлыг одоогийнхоос дордуулахгүйн тулд, засаж залруулах боломжтой зүйлсийг цаг алдалгүй өөрчлөхийн төлөө мэргэжлийн хүмүүст ажиллах орон зай, боломжийг нь олгох хэрэгтэй. Харин тэднийг онож, зөв сонгож гаргаж ирэх нь чухал. Энэ албан тушаалыг мөнгө олох, эрх мэдэлд хүрэх боломж хэмээн харсан хүмүүс нээлттэй сонгон шалгаруулалтын сургаар баг бүрдүүлээд дээгүүр, доогуур сандран гүйлдэж буй сурагтай. Үнэндээ одоо Улаанбаатарыг мэргэжлийн бус, хариуцлагагүй, сэтгэлгүй хүмүүст даалгахад дэндүү хайран, эмзэг байна.
Бэлтгэсэн Н.Мишээл