Монгол, Япон Улсын хооронд соёлын хэлэлцээр байгуулсны 50 жилийн ойн хүрээнд, “Монгол арт” галерейн таван жилийн ойг угтан “Mongol art road” нэртэй, Фүжи уулын судалбар зургийн аялал, “Reciprocal” үзэсгэлэнг Токио хотод энэ сарын 22-ноос ирэх сарын 2-ныг хүртэл зохион байгуулахаар болжээ. Судалбар нь аливаа бүтээлийг туурвихын өмнө уран бүтээлчид юмс үзэгдэл, амьдрал, байгалийн мөн чанарыг танин мэдэх, зурах ур чадвараа сайжруулахын тулд эрэл хайгуул, судалгаа хийдгээрээ онцлогтой.
Уг аяллын зорилго нь Япон орны үзэсгэлэнт байгалийг зурах, монгол зураачдын бүтээлийг Японы ард түмэнд сурталчлан таниулах юм байна. Судалбар зургийн аялалд Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Ц.Энхжаргал болон Д.Отгонбаяр, У.Батцоож, Ц.Ариунбайгаль, Ховд аймгаас Б.Аюурзана, Говь-Алтайгаас Ц.Батдэлгэр, Өмнөговиос Б.Чулуунбаатар, Архангайгаас Н.Энхбат нар оролцохоор шалгарсан байна.
Бэлтгэсэн Б.Энхзаяа