Венецийн олон улсын дүрслэх урлагийн 60 дахь удаагийн биенналь ирэх сарын 20-нд нээлтээ хийх нь. Энэ оны арваннэгдүгээр сарын 24 хүртэл үргэлжлэх уг биенналийг “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд олон улсын 330 уран бүтээлчийг урин оролцуулж байгаа аж. Түүнчлэн 88 улс бие даасан павильоноороо дамжуулан үзэсгэлэн толилуулах юм байна. Монголын павильоны уран бүтээлчээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболд оролцохоор сонгогдсон бөгөөд тэрбээр “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвт үзэсгэлэн дэлгэх аж. Куратороор ХБНГУ дахь соёлын элч О.Оюунтуяа томилогдсон гэнэ.