“Ulaanbaatar photo week-2024” гэрэл зургийн үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Тус үзэсгэлэнг “Дэлхийд өрсөлдөх Монголын гэрэл зураг” уриатайгаар зохион байгуулж буй. Үүнд 80 уран бүтээлч 500 гаруй гэрэл зургийн бүтээлээ дэлгэжээ. Үзэсгэлэнд оролцохоор нийт 300 уран бүтээлч 3000 гаруй бүтээлээ илгээсэн бөгөөд тэдгээрээс шилдэг гэрэл зургуудыг нь шалгаруулан дэлгэснээрээ онцлогтой аж. Тодруулбал, Монгол, Япон, Израил, БНХАУ, Австрали гэсэн таван улсын гэрэл зурагчдын шилдэг бүтээлийг толилууллаа. Уран бүтээлчдийн 60-70 хувийг залуу гэрэл зурагчид эзэлж байгаа гэнэ. Үүгээрээ тэдэнд дуу хоолойгоо нийгэмд хүргэх, ахмадуудаасаа суралцах боломжийг олгосон аж.
Гэрэл зургийг байгалийн, нийгмийн асуудал хөндсөн зэрэг сэдвээр ангилж, танхимуудад хуваан байршуулжээ. Тухайлбал, “Press-36” клубийнхэн Сүхбаатар аймгийн Дарьганга, Онгон, Асгат сумын нутагт болж буй зудын нөхцөл байдлыг харуулсан гэрэл зургуудын дээжээс дэлгэсэн байв. Мөн 1990-2000-аад оны үед Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан гэрэл зурагчид тухайн үеийн нийгмийн амьдралыг баримтат гэрэл зургаар харууллаа.
Өнгөрсөн оны аравдугаар сард “Ulaan¬baatar photo week”-ийг анх удаа зохион байгуулсан. Тэгвэл энэ удаад илүү өргөн цар хүрээг хамруулж, уран сайхны талаас нь бүтээлүүдийг сэдэвчилсэн болохыг зохион байгуулагчид хэллээ. Соёлын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооныхны хамтран зохион байгуулж буй эл арга хэмжээ “Мишээл экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 24 хүртэл үргэлжилнэ.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн