“Орчил гэгээ хүрээлэн” холбооныхон уран бүтээлчидтэй хамтран “Бүүвэй” өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Эл өдөрлөгийн үеэр бясалгалын багш Б.Эрдэнэчимэг бүүвэй нь зөвхөн нялхсыг тайвшруулдаг аялгуу төдий бус, хүний эх хэлнээс өмнөх хүйн хэл, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах арга, өөрийгөө засаглах ухаан болохыг онцолсон юм. Тэрбээр өмнө нь “Дэлхийн бүүвэй өдөр”-тэй болох санаачилга гаргаж, энэ талаар НҮБ-д илтгэл тавьж байжээ. Мөн “Элбэрэлт эхийн таван эрдмийн судар”, “Эрдэнэт галын судар”, “Гэгээн аялгуу судар” номоо гаргасан аж. Тэдгээрийн үргэлжлэл болох “Бүүвэй судар” ном бүтээснээ өчигдөр танилцуулсан юм.
Зураач Л.Энхмөнх эх, хүүхдийн бүүвэйтэй холбоотой дүрсийг зураг болгон буулгасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ өдөрлөгийн үеэр анх удаа олны хүртээл болгов. Тэрбээр дээрх дөрвөн номыг зургаар дүрслэхдээ дотоод сэтгэлдээ төсөөлөн бодож, тус бүрийнх нь онцлог, өвөрмөц шинжийг харуулахыг зорьжээ. Түүнийг ийнхүү дүрслэн буулгахад бясалгалын багш Б.Эрдэнэчимэг бүтээл бүрээ тайлбарлан өгүүлсэн нь түлхэц болсон байна. Зураач эдгээр бүтээлээрээ цаашид бие даасан үзэсгэлэн гаргахаар төлөвлөж буйгаа дуулгасан.
Бэлтгэсэн: Б.Энхзаяа