УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд улс төрийн нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар 6.4 тэрбум төгрөгөөр тогтоогоод буй. Мөн тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээ 894.7 саяас 1.5 тэрбум төгрөгийн хооронд байх юм. Төрийн аудитын байгууллагаас тогтоосон эл хязгаарт УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааж, зөвшөөрсөн сурталчилгаатай холбоотой бүх зардал багтах ёстой. Цахим орчныг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахад зарцуулах мөнгө нь зардлын дээд хэмжээний 15 хувиас хэтрэхгүй байхаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан. Өөрөөр хэлбэл, нам, эвслийн хувьд 960, тойрогт нэр дэвшигч 134.2-225 сая төгрөгийг цахим орчин ашиглан сурталчилгаа явуулахад зарцуулах боломжтой гэсэн үг.
Тухайлбал, нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн аравдугаар тойрогт 134.2 саяас хэтрэхгүй бол Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн хоёрдугаар тойрогт нэр дэвшигчийн “цахим”-д зарцуулах мөнгөний дээд хэмжээ 225 сая байх жишээтэй. Өнгөрсөн сонгуулиар МАН намын болон нэр дэвшигч тус бүрийн цахим хуудсанд 100, олон нийтийн сүлжээний цахим хуудсанд 44, бусад цахим хуудсыг сурталчилгаанд ашиглахад 327 буюу нийт 471 сая төгрөг зарцуулсныг Үндэсний аудитын газраас гаргасан тайлангаас харж болно. Энэ удаа сонгуулийн тойргийг бүсчилж, томсгосон учраас сонгогчидтой хийх нүүр тулсан уулзалтаас гадна цахим орон зайгаар дамжуулан зорилтот бүлгүүд рүү чиглэсэн кампанит ажил өрнүүлэх биз. Мөн парламентад 76 биш, 126 хүнийг сонгоно шүү дээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах үндсэн гурван хэлбэр бий. Эдгээрээс хамгийн их ашиглаж, мөнгө цацдаг нь олон нийтийн сүлжээний болон мэдээллийн цахим хуудас юм. Тухайлбал, фэйсбүүк нь сонгогчдын дунд мэдээлэл авах чухал эх сурвалж болчихсон. Манайд төдийгүй дэлхий дахинаа сонгуулийн кампанит ажлын үеэр ашиглах сурталчилгааны арга хэрэгсэлд “цахим” хэдийн хүч түрэн орж ирж, тэргүүлэх байр суурь эзэлж буй билээ. Энэ хэрээр нэр дэвшигчид айл өрхөөр нүүр тулсан ухуулга хийх нь хачин төвөгтэй, халшрам ажил болоод буй нь нууц биш. Сүүлийн үеийн сонгуулиудаас ажиглахад кампанит ажлыг эрхлэн явуулах байгууллага нь дан ганц тухайн намын удирдлага, улс төрийн хүрээнээс хальж, “штаб”-даа хэвлэл мэдээлэл, судлаач, хуульч, пиар зөвлөх гэх мэт шинэ хүмүүсийг багтаах болсон.
Хэвлэл мэдээлэл нь гэхэд л сонин, телевиз, цахим хэрэгсэл, нийгмийн сүлжээ хариуцсан баг гэх мэтээр дэд хэсгүүдэд хуваагдан, хариуцан ажиллах хүмүүсийг тохоон томилдог жишиг нэгэнт тогтчихоод байна. Өнгөрсөн сонгуулиар МАН сонгуулийн төв штабынхаа дэргэд нийгмийн сүлжээ хариуцсан баг байгуулан ажилласан. Нийгмийн сүлжээнд нөлөө бүхий, олон дагагчтай хүмүүс тус багийн бүрэлдэхүүнд багтсан бөгөөд фэйсбүүк, твиттерийн гэсэн дэд хэсгүүдэд хуваагдан ажилласан юм билээ. Интернэтэд суурилсан сувгуудаас нийгмийн сүлжээний улс төр, сонгуульд үзүүлэх нөлөө өсөж байгаа тухайд “Олон нийтийн сэтгэл хөдлөлийг улс төрийн зорилгоор ашигладаг популистуудын улс төрийн тактик улам нарийсаж, нийгмийн сүлжээ рүү нэвтэрч буй явдал юм. Популист улс төр нь нийгмийн сүлжээгээр дамжин цахим популизм болж хувирч байгаа нийтлэг дүр зураг харагдаж байгааг судлаачид тэмдэглэх болов” хэмээн “Монгол дахь ардчиллын хөгжил, бэхжилт, асуудал, сорилт” (1990-2019) бүтээлд дурдсаныг эшилье.
Улмаар сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглахтай холбоотой зохицуулалт бүхий 47 дугаар зүйлийг УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулж, 2020 оны сонгуулиас эхлэн мөрдөж байна. Үндэсний аудитын газраас гаргасан тайланд дурдсанаар УИХ-ын 2020 оны сонгуульд оролцсон нэр дэвшигчид цахим орчин ашиглахад нийтдээ 1.6 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Тус сонгуульд 606 хүн өрсөлдсөн бөгөөд энэ нь нэр дэвшигчдийн нийт зардлын 2.4 хувийг эзэлж буй хэрэг. Нам, эвслийн тухайд 171.7 сая төгрөгийг үүнд зориулан гаргажээ. Өнгөрсөн сонгуульд 14 нам, гурван эвсэл оролцсон билээ. Гэхдээ энэ нь хуульд заасны дагуу зардлын тайлангаа илгээсэн нам, эвсэл, нэр дэвшигчдийн мэдээлэлд үндэслэсэн тоо. Цаашлаад тайлангаа хэр үнэн зөв гаргасан бэ гэдэг нь туйлын эргэлзээтэй. Иймд цахим орчинд сурталчилгаа явуулсан тал нь хэнтэй, хэдэн төгрөгийн гэрээ байгуулж ажилласнаа сонгуулийн санал хураалтаас хойш 30 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх үүрэг хүлээх нь. Сонирхуулахад, УИХ-ын гишүүн, сайд С.Бямбацогт 2020 оны арваннэгдүгээр сараас хойш фэйсбүүкийн 62 удаагийн сурталчилгаанд тус бүр 100 ба түүнээс дээш ам.доллар зарцуулжээ. Мөн гишүүн, сайд Л.Энх-Амгалан 52 удаа “бүүст” хийхэд 5200 “ногоон” зарлагадсан байх аж. Энэ мэтээр манай улс төрчид нийгмийн сүлжээний сурталчилгаанд ихээхэн хөрөнгө хаяж ирсэн нь сонгуулиар бүр ч гаарах биз. Харин үүнийг 15 хувиар тогтоосон босго хязгаарлаж, хянаж чадах уу.
Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараах, улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах зөрчил сонгуулийн үеэр хамгийн их гардгийг Харилцаа холбооны зохицуулах хорооныхон хэлнэ лээ. Түүнчлэн Хэвлэлийн хүрээлэнгээс “УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр түгээсэн мэдээллийн мониторинг”-д “Сонгуулийн сурталчилгааны албан ёсны хугацаанд буюу зургаадугаар сарын 2-22-нд фэйсбүүкээр түгээсэн, сонгуультай холбоотой мэдээллийн 80 гаруй хувь нь төрөл бүрийн ил, далд ухуулга, сурталчилгаа болон өрөөсгөл, дэгсдүүлсэн, бүрэн бус, гуйвуулсан байв” хэмээн онцолжээ. Улмаар улс төрийн бодлого, амлалт болон сонгогчийн боловсролд зориулсан агуулгатайг хамгийн бага түгээснийг дурдсан байна. Ингэхдээ тэдгээрийг аль болох олон хүний анхааралд хүргэхийн тулд иргэд, сонгогчдын сэтгэл хөдлөлөөр “тоглох” гэж хэтрүүлэх, хэт ерөнхийлөн хялбаршуулах, шоолох, гоочлох, эрс тэс зүйлсийг харьцуулах, баримтыг бүдгэрүүлж дарах зэрэг техникийг хамгийн түгээмэл ашигласныг анхааруулсан байгаа юм. Ер нь нийгмийн сүлжээгээр түгээж буй өрөөсгөл, гуйвуулсан, дэгсдүүлсэн, хуурамчаар үйлдсэн мэдээллийн урсгал дэлхий дахины тулгамдсан асуудал болоод буй. Ялангуяа сонгуулийн үеэр эрс нэмэгдэж, сонгуулийн үйл явц, ардчилалд итгэх иргэдийн итгэл үнэмшилд сөргөөр нөлөөлж буйг сүүлийн жилүүдэд олон улсын судлаачид анхааруулсаар ирсэн. Гэтэл фэйсбүүкээр түгээсэн мэдээлэлд 40 хүртэлх насны хүмүүс итгэх хандлагатай байгаа нь түгээмэл ажиглагдсан байна. Дээрх мониторингод дурдсанаар тэдний 60 орчим хувь нь өөрийгөө хэвлэлд шүүмжлэлтэй хандах чадвартай хэмээн үнэлсэн ч “шүүмжлэлтэй хандах” гэдгийг “шүүмжлэх”, эсвэл нийгмийн сүлжээг бүхэлд нь үгүйсгэх хэмээн ойлгодог” гэж хариулжээ.
Фэйсбүүкийн зүгээс шинээр нээгдсэн хаягуудыг цэгцэлж, улс төрийн сурталчилгааны дээд хязгаарыг тогтоох, хувь хэрэглэгч тухайн сурталчилгааг үзэхгүй байхыг хүсвэл тусдаа тохиргоо хийх, хуурамч хаягаас удаа дараалан сэтгэгдэл бичих, пост байршуулахад тэр даруй устгах гэх мэтээр хяналтаа өргөжүүлж буй. Тус платформыг хариуцдаг “Мета” компанитай манай улс 2019 оноос хамтран ажиллаж байгаа. Манайхаас холбогдох байгууллагууд зөрчлийг шалгаад, “Мета”-д хандсан тохиолдолд тус компани өөрсдийн дотоод журам, хэм хэмжээ, цаашлаад Монголын сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн, эсэх болон шүүхийн шийдвэрт үндэслэн контент, хаягийг устгах арга хэмжээ авч ирсэн юм. Ирэх сард “Мета”-гийн төлөөлөл манай улсад ирж ажиллах гэнэ. Өнгөрсөн сонгуулиар Харилцаа холбооны зохицуулах хороонд 325 хүсэлт ирүүлснээс 284-т нь “Мета”-гаас хариу өгсөн байна. Ингэхдээ таван групп, 51 пэйжийг устгажээ.
Энэ удаа нэр дэвшигчийн болон нам, эвслийн цахим хуудас, олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хаяг, пэйжийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо бүртгэн, хяналт тавих аж. Харин мэдээллийн цахим хуудаснуудыг Харилцаа холбооны зохицуулах хороо бүртгэх юм байна. Мөн хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн контентыг сурталчилгаанд ашиглахыг хориглохгүй ч хэрхэн хийснээ таниулах тэмдэг зайлшгүй байршуулахыг шаардах аж. Цахим орчинд явуулсан сурталчилгаатай холбоотой гомдлын талаар эрх бүхий байгууллагууд албан ёсны шийдвэр гаргаж, түүнийгээ Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн тохиолдолд арга хэмжээ авах зохицуулалтыг энэ удаа ч мөрдөх гэнэ. Энэ тухайд Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын газрын дарга Т.Батболд “Манай байгууллагаас технологийн арга хэмжээг хоёр үе шаттайгаар авна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 47.7-д зааснаар нам, эвсэл, нэр дэвшигчийн болон мэдээллийн цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусталх хугацаагаар хаах, нийгмийн сүлжээний пэйж, албан ёсны хаягийг хаах, түр хязгаарлах арга хэмжээг нэн даруй авах зохицуулалттай. Ингэхдээ бид эхлээд зөрчил гаргасан цахим үйлчилгээ эрхлэгчид энэ талаар яаралтай мэдэгдэнэ. Улмаар түр хязгаарласан тохиолдолд технологийн арга хэмжээ авахгүй. Хэрэв зөрчил гаргасан цахим хуудасны хаяг олдохгүй, мэдэгдэл хүргүүлэх боломжгүй, эсвэл заасан хугацаанд зөрчлөө арилгах арга хэмжээ аваагүй бол сонгууль дуустал, эсвэл зөрчлөө арилгатал хязгаарлах арга хэмжээ авахаас аргагүй” хэмээн тайлбарласан юм. Гэхдээ өнгөрсөн өвөл zarig.mn-ийн эрхлэгч Н.Өнөрцэцэгийг баривчлах үеэр цахим хуудсыг нь ч хааж байв. Тус редакцын бэлтгэсэн зарим контент хууль зөрчсөн гэх үндэслэлийг холбогдох байгууллагаас хэлж байсан ч тэр нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь зогсоох шалтгаан биш гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссоос анхааруулж байлаа. Үүн шиг хардлага, шүүмжлэл дагуулсан “ажиллагаа”-г кампанит ажлын үеэр явуулахгүй гэх баталгаа бий юү.