2024.02.19. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен нар Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн харьяа Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахад гэнэтийн шалгалт хийв. Ингээд тухайн агуулахад хугацаа нь дууссан, өндөр үнэтэй эм хадгалж байсныг илрүүлснээ бахархалтайгаар мэдэгдлээ.
2024.02.27. Гишүүн Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн хяналтын лабораторид ажиллав. Энэ үеэрээ “Зах зээлд борлуулж буй эмүүд чанартай, эсэхийг хянаж чадахгүй байна. Эмийн чанарыг зориуд хянахгүй байх зорилго тавьсан уу” гэжээ.
2024.03.05-07. Гаалийн ерөнхий газрын харьяа, Замын-Үүд дэх Гаалийн газарт Ж.Чинбүрэн ажиллажээ. Хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирэх үед дорвитой хянаж шалгаж чадахгүй байгааг тэрбээр шүүмжлэв.
УИХ-ын Эмийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргын хувиар гишүүн Ж.Чинбүрэн сүүлийн үед ийм байдлаар гэнэт “ухаан орж”, энд тэндгүй “аялах” боллоо. Түүний эдгээр үйлдэл нь чанар, аюулгүй байдал нь алдагдаж, бүх талаар доголдчихоод буй эмийн салбарыг цэгцлэх гэснийх бус. Өвчин, зовлондоо туйлдчихаад байгаа сонгогч, ард түмэндээ хайртайгийнх нь илэрхийлэл бүр ч биш. Харин иргэдийн зовлон, бэрхшээлээр гишгүүр хийн, УИХ-д дахин суухыг санаархаж байх магадлалтай.
ХОРОО “САХИСАН” ХОЁР ЖИЛ
Манай улсад эмийн чанар, аюулгүй байдал алдагдаж, замбараагүй хэрэглээ газар авсан. Мөн үнэ нь өдрөөс өдөрт хяналтгүйгээр нэмэгдэж байна. Эдгээр асуудлыг Ж.Чинбүрэн дөрвөн жил ярив. Иргэд ч байнга шүүмжилж байгаа. Олон нийтээс ялгаатай нь дээрх асуудлуудыг цэгцлэх, шийдэх боломжит дөрвөн жилийн хугацаа, эрх мэдэл нь Ж.Чинбүрэнд байсан юм. Харамсалтай нь, тэрбээр яг иргэд шиг ярихаас хэтэрсэнгүй, сонгогчдоосоо давж хийж чадсангүй. 2020 онд УИХ-ын гишүүн болж, Төрийн ордонд өдий хүртэл суухдаа хөдлөөгүй хэрнээ бүрэн эрхийн хугацаа нь өндөрлөх үед гэнэт л “ой санамжтай болсон” мэт аяглаж буй нь энэ. Эрүүл мэндийн салбарт 27 жил ажилласан туршлагатай түүнд эмтэй холбоотой асуудлууд шинэ биш. Тийм атал хэдэн жилээр бугшсан асуудлыг сонгууль дөхөх үед л сөхөж, одоо л илрүүлсэн мэт сүржигнэж буй нь бусдад таалагдаж, дахин санал авах гэснийх байх.
Түүнчлэн Эмийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хороонд ч дээр дурдсан хүндрэлүүдийг шийдэх хоёр жил орчмын хугацаа байлаа. Энэ хороог анх 2022 оны тавдугаар сарын 19-нд УИХ-ын тогтоолоор байгуулсан юм. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу түр хороо зургаан сар ажиллах эрхтэй. Гэтэл тус хорооныхон үүргээ гүйцэтгэж, зорьсон ажлаа бүтээж чадаагүй тул бүрэн эрхийн хугацааг нь сунгасаар удахгүй хоёр жилийнхээ ойг “тэмдэглэх” гэж байна. Нэр төдий энэ хороо нь хэдэн хүнийг ажил хийсэн мэт харагдуулахаас өөр үүргийг бодит байдалд гүйцэтгэсэнгүй. Хорооны дарга солигдсоор, цаг хугацаа урссаар буй атал хариуцсан ажил нь байрнаасаа ахисангүй. Эцэстээ хийгээгүй ажлынхаа буруутныг бусдаас хайж явна. Тус хорооныхон ойрын үед их “ажил хэрэгч” болоод, энд тэнд ажиллангаа тухайн байгууллагынхнаа шүүмжлэн яриад явааг та бүхэн сонссон байх.
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ ГЭХ АНДУУРАЛ
Тус түр хороо энэ сард нээлттэй сонсгол зохион байгуулахаа мэдэгдээд буй. Сэдэв нь “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйл”. Үүний хүрээнд хяналт шалгалт явуулж, нээлттэй сонсголоор ярихаа түр хорооны дарга мэдээлжээ. Энэ бол дээрх тус хорооныхон, ялангуяа дарга Ж.Чинбүрэнд УИХ-д дахин суух замаа засах сайхан боломж. Харин сонсгол явууллаа гээд эмийн чанар сайжрахгүй, үнэ буурахгүй нь гашуун үнэн юм.
“Жигжидсүрэнгийн Чинбүрэн миний бие тангараг өргөсөн эмч хүний хувьд өнгөрсөн 30 гаруй жилд эмийн худалдаанд хувийн хэдхэн компани дангаар ноёрхсон, хянан шалгах ёстой төрийн байгууллагууд нь тэдний гар хөл, төлөөлөл, сүлжээний эд эс болсон шүү гэж шүгэл үлээж байна. Эмийн сүлжээнийхэн элдвээр саад хийж, сэм эсэргүүцэж байгаа баримт материалыг бид харж, сонсож байгаа. Төрийн ордонд эмийн хяналтын сонсголын үеэр улаан нүүрээрээ үнэний өмнө уулзъя” гэсэн сүржин мэдэгдлийг тэрбээр энэ сарын 1-нд цахим хуудсаараа дамжуулан цацаад байна.
Ер нь зөвхөн тэр ч биш, эрх мэдэлтнүүд, Засгийн газар нь хүртэл “шүгэл үлээлээ” гэж ярьж буй нь хачирхалтай. Угтаа тэдний аль нь ч шүгэл үлээгч биш. Нийтийн эрх ашгийн төлөө дуугарч, эрх баригчдын хууль бус үйлдлийг илчлэн, болохгүй, бүтэхгүй зүйлийг нь засаж залруулахын төлөө тууштай зүтгэж, үр дүнд хүргэхийг хичээдэг энгийн хүмүүс бол шүгэл үлээгчид. Харин даргын зөөлөн сэнтийд суучхаад хэн нэгнийг шүүмжилж, түүгээрээ нэр төр олохыг санаархагчид яавч шүгэл үлээгч биш гэдгийг ойлгоосой.
АМЛАСАН НЬ “АМИЛСАНГҮЙ”
Ж.Чинбүрэн бол “Би бүх Монголоо эмчилнэ” гэж уриалан, УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт Баянзүрх дүүрэгт нэр дэвшин сонгогдсон гишүүн. Түүний сонгуулийн мөрийн хөтөлбөр, уриа, иргэдийн саналыг авахын төлөөх сурталчилгаа зэрэг нь уянгын халилаар дүүрэн, хүндлэн биширмээр байв. Тухайлбал, “Өдөрт хоёр хүн аварч байхад минь 12 хүн амиа алдчихдаг. Монгол хүний хагацлын нулимсыг багасгах гэж би улс төрд орлоо. Илүү олон монгол айлыг элэг бүтэн байлгах төрийн бодлогыг барилцах гэж би төрдөө зүтгэнэ” гэсэн хоосон сурталчилгаа нь түүнийг Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн ерөнхий захирлаас УИХ-д гишүүний сэнтий рүү огцом “шилжүүлсэн” юм.
Өвчиндөө, ялангуяа хавдрын улмаас олноороо шаналсан монголчуудын эмзэг сэдэвт ийнхүү дөрөөлөн парламентад сонгогдсон тэрбээр сонгуулийн үеэр элэг шилжүүлэн суулгах хагалгаанд оролцож, “Би төрд зүтгэлээ ч долоо хоног бүр мэс засалд оролцсоор л байх болно. Миний ажил, миний амьдрал бол мэс засал. Бид төрөө цэвэрлэх болно. Монголын улс төрд эмч хүн би ариун цэврийг сахиулахын төлөө зүтгэнэ” гэх мэтээр эмчийн нэр хүнд, давуу талыг бүх талаар нь ашиглаж чадсан “поп” улс төрч. Гэсэн ч амласан шигээ бүх Монголоо эмчилж чадаагүй нь маргаангүй үнэн.
ХСҮТ-өөс “ирсэн” хүний хувьд бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаандаа бүх Монголоо эмчлэхгүй юм гэхэд ядаж л салбартаа дорвитой гэхээр ганц ажил хийж болох л байлаа. Жишээ нь, ХСҮТ ачааллаа дийлэхээ хэдийн больсон тул шинэ эмнэлэг барих талаар яриад багагүй хугацаа өнгөрсөн. 1998 оноос хойш тус төвд ажилласан, бас эмнэлгийн ачаалал, нөхцөл байдлыг сайн мэдэхийн хувьд тэрбээр шинэ барилга барих төсвийг нь шийдүүлэх чиглэлээр нөлөөллийн ажлуудыг өнгөрсөн хугацаанд зохион байгуулж чадсан бол монголчуудын дунд түгээмэл энэ өвчнийг эмчлэх нөхцөлийг сайжруулах боломжтой байв. Учир нь энэ оны улсын төсөвт хавдрын шинэ эмнэлэг барих хөрөнгийг тусгана гэж эрүүл мэндийн салбарынхан болон өвчиндөө шаналж буй иргэд маш их хүлээсэн ч бүрэн шийдүүлж чадаагүй. Өөрөө зовлон, жаргалыг нь мэддэг байгууллагынхаа ажлыг урагшлуулж чадаагүй түүнд үргэлжлүүлэн итгэл хүлээлгэж болох, эсэхийг эргэцүүлэх цаг болжээ.
ЖАГСААЛТЫН ЭХНИЙ 10-Т БАГТАХ БОЛОЛТОЙ
“53 мянган ажилтантай эрүүл мэндийн салбарын төлөөлөл УИХ-д байх эрхтэй. Хагас зуун мянган цагаан нөмрөгтний ард 3.3 сая монгол хүний амь, монгол айлын элэг бүтэн амьдрал байна. Эрүүл мэндийн салбараа хөгжүүлж, дэлхийн жишигт хүргэх, эрүүл монгол хүний төлөөх тэмцэлд үргэлжлэл бий. Илүү олон хүнийг аврахын төлөө төр улсдаа, түмэн олондоо хүчин зүтгэнэ ээ” гэж Ж.Чинбүрэн 2020 оны зургаадугаар сард амласан нь одоо түүх болжээ.
УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургаадугаар сард болно. Сонгуулиар тойргоос 78, харин намын жагсаалтаар 48 гишүүн сонгоно. Үүнтэй холбоотойгоор МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намын жагсаалтын эхний 10-т үйлдвэрчний эвлэлийн байгууллага, эмч, багш нар, нийгмийн салбарынхнаас, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг багтаана гэдгээ мэдэгдсэн юм. Энэ тохиолдолд Ж.Чинбүрэнд эмч гэдэг мэргэжил нь ихээхэн дэмжлэг үзүүлэх боломжтой. Тэгээд ч тэр үү, сүүлийн үед “Би тангараг өргөсөн эмч хүн” хэмээн өөрийгөө сурталчлах нь ихэслээ. Энэ бүхнээс түүнийг эмч гэдгээрээ түрээ барин, жагсаалтын эхний 10-т багтахыг санаархлаа хэмээн хардахад хүрч байна.
Бэлтгэсэн: М.Оч