“Шадар гурван цэрэг”-ээр гуравдугаар сарын үзвэр эхэллээ. Цаашид ч үзвэрүүд хөврөхөөр буй. Энэ сарын 1 буюу өнгөрөгч баасан гарагт Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн тайзнаа “Про” театрынхан улирлын нээлтийн тоглолтоо уг жүжгээр хийсэн юм.
Үзвэр заасан цагаасаа 40 гаруй минут хожимдож эхэлсэн нь хоцорсон нэгэнд боломж, цагтаа ирэгсдэд хүлээлэг байв. Зарим үзэгч нээлтийн тоглолт учраас л ингэж удлаа гэх бол, зарим нь шүүмжлэнгүй хандана. Тасалбар шалгах хэсэгт жүжгийн гол дүрүүдийн зурагтай мерч бүтээгдэхүүн борлуулж харагдлаа. Түүний хажууд “Шадар гурван цэрэг” физикл драм гэх “даруухан” хэвлэмэл хуудас өлгөсөн байх ба түүний өмнө үзэгчид зургаа авхуулах аж. Танхим цомхон суудалтай ч асар бүгчим. Жүжгийн турш тайзан дээр өрнөх эрчимт хөдөлгөөн дунд үзэгч ч, жүжигчин ч уусах нь тэр. Үзвэр дуусах үед жүжигчид танхимын өмнөө мэхийгээд хөшиг хаагдлаа. Өмнөх хэд хэдэн бүтээлийг нь үзсэн нэгний хувьд баталж хэлэхэд тус театрынхан үзэгчдэдээ нээлттэй ханддаг зарчимтай. Жүжигчид үзэгчдийн дунд холхиж, яриа өрнүүлж, зургаа даруулсаар үлдэв.
“Про” театрынхан цөөхөн бүрэлдэхүүнтэй ч сонгодог бүтээлийг хүргэхээр зорьдог хүмүүс. 10 жилийн өмнө ОХУ-ын Санкт-Петербург хотын Театр урлагийн академийг төгссөн, нэг ангийн зургаан найз хамтран өөрсдийн театраа байгуулсан нь “Про”. Жил гаруйн өмнө “Инээмтгий хүн” жүжгээр анхны шаваа тавьж, түүнээс хойш зургаа дахь бүтээлээ хүргэж буй нь энэ. Театрт харьяалагддаг 13 уран бүтээлч байх ба 12 нь жүжигчин, нэг нь нүүр хувиргагч гэнэ. Нэг уран бүтээлч жүжигчнээс гадна хэд хэдэн үүрэг давхар гүйцэтгэдэг байна. Тэд хэтийн төлөвтөө дотооддоо танигдаж, өөрийн гэсэн тогтмол хуваарьтай театр болох зорилготой бөгөөд урын сангаа бүрдүүлэхээр ажиллаж буй хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.
Харин одоо Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” зохиолын тухай, үүнийг бусад оронд хэрхэн драмын жүжигт буулгасан байдаг талаар дурдах нь зүй. Энэ нь 1844 онд цуврал хэлбэрээр хэвлэгдсэн адал явдалт, түүхэн роман ба үйл явдал нь XVII зууны үед өрнөхөөс гадна нөхөрлөл, үнэнч байдал, эр зоригийг харуулж, дүрүүдийн хооронд өрнөх зангилаа ихтэй бүтээл. Зохиолын гол дүр Д’Артаньян Парис явах замдаа хааны шадар цэргүүд болох Атос, Портос, Арамис нартай учирч, нөхөрлөнө. Тэд зүгээр ч нэг чимэг дүрүүд биш. Өөрсдийн түүхтэй, зан чанартай. Атос даруу төлөв, Арамис хүүхэмсэг, зальхай, Портос хүч чадлын илэрхийлэлт нэгэн. Дурдахгүй өнгөрч болохгүй дүр бол Миледи де Винтер. Сэтгэл татам хорон санаатан шүү дээ. Уг зохиолыг уншсан залуус түүнд дурлаагүй нь ховор л болов уу. Удаах нь Францын хаанд дайсагнагч хорон санаат их хамба. Хөдөлгөөнт эрчим дүүрэн, адал явдал, зангилаагаар баялаг тус зохиолоор чамгүй олон кино, жүжиг “амилсан”.
Тэдний энэхүү ээлжит уран бүтээлийг дүгнэж бичихдээ хамгийн их амжилт дагуулсан “Инээмтгий хүн”-тэй харьцуулах нь шударга явдал болно. Мэдээж ав адилхан байх, эсэхэд нь шалгуур тавихгүйг уншигч та гадарлах биз. Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” зохиолоос сэдэвлэн визуал драмын жүжгийг жил гаруйн өмнө хүргэх үед нь үзэх завдал гарсан юм. Өнөөгийн жүжигтэй нь харьцуулбал өнөөх л даруу төлөв маркетинг, жүжигчдийн нээлттэй хандлага хэвээрээ аж. Харин “Инээмтгий хүн” жүжигчдийн уран чадвар, хөгжмийн найруулгаараа ховслог эрчимд оруулж, нэг хэсэгтээ л гарч чадаагүй. Театраас гарамгүй, тэр чигтээ үлдчихмээр. Театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” наадамд өнгөрөгч онд шилдэг найруулагч, жүжигчин, хөгжмийн зохиолч зэрэг зургаан төрөлд ялалт байгуулж, гол номинацуудад тэргүүлсэн бүтээл. Энэ сарын 15, 16, 17-нд дахин тайзнаа тоглох тов гарсан. Харин “Шадар гурван цэрэг” яав.
“Про” театрын үндэслэгчдийн нэг, уг жүжгийн ерөнхий найруулагч О.Итгэл “Оюутан байх үеэс л энэ жүжгийг найруулах сан гэх хүсэл байсан. Энэ маань “Про” театрын тайзнаа биеллээ оллоо” гэсэн юм. Түүнтэй нэг ангид сурч явсан, “Инээмтгий хүн”-ий ерөнхий найруулагчаар ажилласан Б.Даваасүрэн нөхдөө энэ жүжгийн тулааны хэсгүүд, сэлмийн уран чадвараараа бусдыг дагуулдаг байсан, энэ жүжгийг толилуулах нь цаг хугацааны асуудал байсан тухай дурссан юм.
Юуны түрүүнд жүжигчдээс эхэлье. Де Ришилье хамбын дүрийг бүтээсэн М.Төгөлдөрөөр жүжиг эхэлнэ. Урьд нь “Инээмтгий хүн”-ий Хардквонины дүрээр тэрбээр жүжгийг эхлүүлж байлаа. Үнэн голоосоо үзэн ядмаар, гэсэн атлаа зохиолын өрнөлийн цэг. Түүний бүтээсэн дүрүүдэд нэг чанар анзаарагддаг. Тэр нь жүжигчний чадвар, “ядсан” зүйлгүй үнэн байдал. Тэр туслах, эсвэл гол дүрийн алинд нь ч бай тултал нь урлаж чадаж буй залуу уран бүтээлч. Түүнийг адгийн шаар Де Ришилье гэдэгт бараг л итгэсэн.
Эрэлхэг зоригт Д’Артаньянгүйгээр жүжгийг хэрхэн төсөөлөх билээ. Залуу жүжигчин О.Самданпүрэв хичээжээ. Хамгийн сүүлд түүнийг “Хаадын хаан” түүхэн жүжгийн Чилэгэр бөхийн дүрээс хойш тайзны бүтээлд хараагүй юм. Д’Артаньян бол Францын Гасконийн зоригтой, амбицтай, романтик баатар. Уг чанараараа зохиолын хайр татам дүр болж чадсан. Харин О.Самданпүрэв жүжгийн турш тэр л хайр татам залуу байлаа.
Шадар гурван цэрэг Атос, Портос, Арамис нар ур чадварын хувьд эн тэнцүү байв. Харин хэн бүхний сонирхлыг татсан дүр оноолт бол “GangBay” хамтлагийн дуучин С.Баянмөнх. Энэ нь түүний тайзны хоёр дахь уран бүтээл бөгөөд “Тайзны дүрд ажиллах нь киноноос илүү ур чадвар шаарддаг” гэсэн юм. Жүжигчин мэргэжилтэй ч түүнийг Атосын дүрээ чадварлаг толилуулна гэдэгт итгэлгүй байсан нь нууц биш. Харин тэр маш их хичээжээ. Тулааны хэсэг, жүжиглэлтээс өөлөх зүйл байсангүй. Дээрх хоёр уран бүтээлч дэлгэцийн уран бүтээлээр танигдсан ч театрын урлагт “хэн нэгэн” байж чадахаа харууллаа.
Мэдээж зальт үнэг Миледи де Винтер. Угдүрийгзалуу жүжигчин Б.Ариунхишиг бүтээжээ. Түүний сэлэм эзэмшсэн нь эрчүүдтэй харьцуулахад бас л үзүүштэй байв. Тэрбээр ОХУ-ын Кемерово хотын Урлагийн их сургуулийн кино драмын ангийг төгссөн. Дээр дурдсан М.Төгөлдөртэй нэг анги. Мөн л ОХУ-д төгсөгчид. Харин тэр Миледийг яг л өөрийн дураар бүтээлээ. Илүү гарсан, магад дутсан ч зүйл үгүй.
Физикл драм бол жүжгийн ихэнх үйл явдал хөдөлгөөний эрчим, үйл хөдөлгөөнд тулгуурлаж илэрхийлэгдэнэ гэсэн үг. “Шадар гурван цэрэг” шиг зохиолыг энэ төрлөөр л илэрхийлнэ. Монголын хамгийн сайн сэлмийн үзүүлбэр, тулааны хэсгийг та харах болно. Яг таг тохирсон. Тиймдээ ч жүжигчид тэр чигтээ хөнгөнөөс хөнгөн дүүлсэн. Өнөөдрийн байдлаар “Про” театрынхны, тэр дундаа ерөнхий найруулагч О.Итгэлийн хамгийн том амбиц энэ байлаа. Түүндээ ч хүрлээ.
Бэлтгэсэн Д.Хүсэл