32 улсад хэрэгжүүлэх “Click the star” төсөлд оролцогчдын бүртгэл эхэллээ. Уг төслөөр дэлхийн 32 улсаас дуулах, бүжиглэх авьяастай, 13-18 насны охидын хамтлаг бүрдүүлэх аж. Үүгээрээ улс орон бүрд “Bling оne” нэртэй, долоон гишүүнтэй 32 хамтлаг байгуулах юм байна. Одоогоор Перу улсаас охидын хамтлагт оролцох шилдгүүдийг шалгаруулжээ. Ингээд төсөл хэрэгжүүлэх хоёр дахь улсаар Монголыг нэрлэж, бэлтгэл ажлыг хангасан гэнэ. Сонгон шалгаруулалт нь гурван үе шаттай. Эхний шатны шалгаруулалтыг онлайнаар явуулах бөгөөд оролцогчдын дуулах, бүжиглэх ур чадварыг харуулсан богино бичлэгийг мэргэжлийн шүүгчид хянаад, 100-г нь сонгоно. Үүнээс нэг хоногийн хаалттай сонгон шалгаруулалтаар хагас финалд 30-ийг нь сонгох юм. Тэднээс 10-ыг нь шалгаруулан, БНСУ-д ирэх зургаадугаар сард айдолын бэлтгэлд явуулсны дараа гурван оролцогчийг хасаж, хамтлаг бүрдүүлэх аж.
Ерөнхий зохион байгуулагчаар БНСУ-ын “World k-pop center”, нийслэлийн Соёл урлагийн газар ажиллаж байна. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү төслөөр дамжуулан Монгол Улсаа дэлхийд сурталчлах зорилготойгоо онцлов. “Вling one” хамтлагууд төсөл хэрэгжүүлж буй 32 оронд аялан тоглох юм байна. Хамтлагийн гишүүнээр шалгарсан охидод “World к-pop center”-ийн мэргэжлийн цогц сургалтад гурван сар суралцах, Сөүл хотоор аялах, “K-pop click” платформоор дамжуулан хөгжмийн нэвтрүүлэг, реалити шоунд оролцох боломж нээгдэх нь. Мөн хамтлагийн бүх зардлыг “World к-pop center” хариуцах аж.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн