Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдөрт зориулсан “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Тус музейнхэн дөрөв дэх удаагийн эл үзэсгэлэнгээ Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран өнөөдөр нээх гэж байна. Музейн сан хөмрөг дэх, үе үеийн уран бүтээлчдийн оюуны бүтээл, тэр дундаа бүсгүй хүний сэтгэл зүрх, дотоод ертөнцийг илэрхийлэн дүрсэлсэн бүтээлүүдийг үзэсгэлэнд дэлгэх нь. Тэдгээрийн дотор хосгүй үнэт, үнэт бүтээлүүдийг багтааснаараа онцлогтой аж. Тухайлбал, ур урлалын төгс илэрхийлэл болсон эмэгтэй дүртэй бурхад, эртний хатдаас эхлээд эгэл жирийн монгол эмэгтэйн дүр төрхийг дүрслэх урлагийн олон төрлөөр урласан 100 гаруй бүтээлийг музейн эрдэнэсийн их сангаас дэлгэн толилуулах гэнэ. Уг үзэсгэлэн энэ сарын 10 хүртэл үргэлжилнэ.