Ардын зураач, шог зургийн мастер Ц.Байдыгийн бүтээлүүдийг Монголын уран зургийн галерейн байнгын үзэсгэлэнгийн танхимд дэлгэжээ. Тус галерейгаас энэ онд сэдэвчилсэн таван үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэ аж. Нийгмийн өөр тал, хүмүүсийн харилцаа, үзэл суртал, хуучин, шинийн зөрчил, шашин шүтлэг, соёлын өв, хэл яриа зэрэг олон сэдвийг харуулсан 52 шог зургийг уг үзэсгэлэнд багтаасан байна. “Инээд байгаа газар эрүүл нийгэм оршин байна гэдэг. Нийгэмд өрнөж буй олон үйл явдлаас сэдэв, санааг шуурхай олж, чухлыг нь онцолж, онож харуулдаг шог зургийн мастер Ц.Байдыгийн ертөнцөөр аялаарай” гэж дээрх галерейнхан уриалжээ.