МНН болон МҮАН нэгдэж “Үндэсний эвсэл” байгуулан ажиллаж эхэлсэн. Мөн АН, МАН-аас бусад буюу улс төрийн 35 намыг нэгдэж сонгуульд оролцохыг ИЗНН-аас уриалж буй. Одоогоор үүнийг 10 гаруй нам дэмжиж, хамтрахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлээд буй юм билээ. Тэдгээр намын удирдлага уржигдар хаалттай уулзалт хийж, яагаад ингэж олуулаа эвсэх ёстой вэ хэмээн ярилцсан нь сайн хэрэг. Цаашид бусад нь ч нэгдэж, эвсэл болон ажиллахыг яагаад дэмжиж болохгүй гэж.
Учир нь намуудын нэр хүнд манайд нэлэхүйдээ унасныг аль ч судалгааны дүнгээс харж болно. Үүнд бүгд буруутай ч өнгөрсөн хугацаанд ээлжлэн эрх барьж хөгжлийг чөдөрлөсөн, ард түмнийхээ амьдрах итгэл, хүсэл мөрөөдөл, боломжийг нь хулгайлж, баялагтай нь цөлмөсөн, өөрсдөөс нь өөр сонголтгүй мэтээр мунхруулж ирсэн АН, МАН илүү хариуцлага хүлээх ёстой. Тиймээс ч том гэгддэг хоёр нам АН, МАН-ын рейтинг илүү ихээр унаж байгаа биз. Иргэд, сонгогчид тэнэг биш шүү дээ. Ийм үед бусад нам нь нэгдэж өрсөлдөхийг дэмжвэл яасан юм бэ. Хэдийгээр “нам” гэж ярихаас ч нийтээрээ залхаж, болохгүй, бүтэхгүй бүхний эх үүсвэр тэнд үүрлэж байна гэж шүүмжилж буй ч монголчууд бид цаашид ардчиллын замаар алхах л юм бол төрийн тулгуур болсон эл бүтцийг хүссэн ч, эс хүссэн ч үгүйсгэж чадахгүй шүү дээ. Олон жилийн турш сонгогчдоос үнэмлэхүй дэмжлэг авч, илт илүүрхэж ирсэн эрх баригч, том гэгддэг намууд жижгүүддээ байр сууриа алдаж буй улс орны жишээ цөөнгүй байна. Жижиг хэмээгдэж буй намууд хамтарч ажиллавал нөхцөл байдал тэс өөр тийшээ эргэж, гуравдагч нам, сөрөг хүчний орон зайгүй болтлоо хумигдаж, вакумжсан Монголын улс төр эерэг өөрчлөлт авчирна гэж найдна.
Тэгээд ч эрх баригчид, парламентад суудалтай намууд өөрсдөдөө зориулсан сонгуулийн тогтолцоо зохиочихоод буй. Эвсэхгүй л бол ээлгүй байх өрсөлдөөн бусад намыг хүлээж байна. УИХ-д 126 гишүүн сонгохоор болсон нь намуудын хүний нөөцийг нэлээд шавхана гэсэн үг. Өнгөрсөн жил гэхэд ШИНЭН, БНН, МҮАН, Үнэн ба зөв гэсэн дөрвөн намын “Шинэ эвсэл” 76 суудлын 72-т нь нэр дэвшигчээ илгээж байв. Мөн МАХН, ИЗНН, МУНН-ын “Та, бидний эвсэл”-ээс нийт 68 хүн өрсөлдсөн байдаг. Ер нь өнгөрсөн бүх сонгуульд АН, МАН л мандатаа дүүртэл сойж ирснээс бус, бусад нь эвсэж, нэгдээд ч нэр дэвшигчийн дутагдлыг арилгаж чаддаггүй нь нууц биш. Үнэндээ намууд олдсон хүнээ нэр дэвшүүлж, зай бөглөж ирсэн гэхэд болно. Зарим намын хувьд зөвхөн дарга нь л нэр дэвшиж байсан нь ч бий. Өнгөрсөн сонгуулиар гэхэд Ард түмний нам, Эх орончдын нэгдсэн нам, Ард түмнээ хайрлая нам, Их эв намаас ердөө нэг нэг хүнийг нэр дэвшүүлж байв. Тэд бүгд намын дарга. Мөн 2012 онд холимог тогтолцоогоор буюу мажоритараар 48, пропорционалаар 28 гишүүн сонгоход Эх орончдын нэгдсэн нам тойрогт нэг ч хүн нэр дэвшүүлээгүй байх жишээтэй. Харин одоо УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, багадаа 39 хүнийг нэр дэвшүүлж байж сонгуульд өрсөлдөнө гэсэн үг.
Иймд энэ удаа хуучин хандлагаараа бүр ч хол явахгүй. Өрсөлдүүлэх хүмүүсийнх нь хувь хүний нэр хүнд хангалттай өндөр, хүлээн зөвшөөрөгдсөн, ёс зүйтэй, улиг болчхоогүй, мэргэжлийн байхыг олон нийт хүсэж буй. Энэ олон нам нэгдэж, эвссэн тохиолдолд дээрх шалгуураар шигшиж, шилсэн хүчтэй багийг сонгогчдод санал болгоход дөхөмтэй. АН, МАН-аас өрсөлдөх эрх олж авч чадахгүй, тухайн намд амь бөхтэй оршиж буй гаж “шалгуур”-т тэнцэлгүй гологдох хүмүүсийг ч эгнээндээ нэгтгэж яагаад болохгүй гэж. Улмаар ээлжлэн эрх барьж ирсэн хүчнүүдээс халгаж, залхаж, “Тэд л биш бол яах вэ” гэх уур амьсгал бүрдчихээд байгаа ийм нөхцөлд эвсэлд нэгдсэн намууд сонгуулийн кампанит ажлаа сайтар төлөвлөж, ухаалгаар удирдан, зангидсан гар шиг байж чадвал амжилттай оролцох боломж нэмэгдэнэ.
Цаашлаад сонгуулийн тогтолцоо, бас хууль гээд бүх зүйл нь жижгүүдийн эсрэг байгаа үед тэд нэгдэх нь хамгийн зөв сонголт болчхоод байгаа юм. Тухайлбал, сонгуулийн тойргийн хэмжээ газар нутгийн хувьд ч, хүн ам, сонгогчийн тухайд ч хэд дахин томорч, нүсэр болсон атал сурталчилгаа явуулах хугацаа нь хэвээрээ буй. Тойрог томрохын хэрээр нэр дэвшигч, улс төрчид нам, эвслээс тухайн аймаг, дүүргийн сонгогчдод цацах хөрөнгө өсдөгийг сүүлчийн сонгуулиудаас харж болно. Сурталчилгааны хугацаа тун давчуу болсон тул нэг нэгээрээ тал тал тийш давхиж, хүч, хөрөнгөө шавхан, тарамдуулж байснаас хамтраад АН, МАН-аас өөр сонголт бий гэдгийг харуулах нь үр дүнтэй.
Саналын хуудсаар жишээ авахад л эвссэн нь илүү эвтэйхэн харагдахаар байгаа юм. Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийг хамруулсан хоёр, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийг нэгтгэсэн тавдугаар тойрог тус бүр 10 мандаттай. Хамгийн олон хүн сонгох эдгээр тойрогт нам, эвсэл тус бүрээс 10 хүн нэр дэвшүүлэх боломжтой гэсэн үг. Өдгөө мөрдөж буй хуулийн дагуу нэр дэвшигчийн жагсаалтын эхэнд АН, МАН-ын нэр дэвшигчийг бичиж, араас нь бусад намынхныг зооно. Тийм, ийм нам гэж тус тусдаа хэд хэдэн хүний нэр бичүүлж, жирийсэн урт цуваа үүсгэснээс 35 нам нэгдсэн эвслийг төлөөлөх 10 нэр дэвшигчийг жагсаасан нь ойлгомжтой. Үнэндээ тэр олон хүнээс 10-ыг шилж, сонгох нь ямар ч сонгогчийн хувьд бэрх даалгавар бөгөөд жагсаалтын эхэнд байгааг нь дугуйлах магадлал өндөр. Үүнийг ч хууль тогтоогчид тооцож баталсан биз.
Ингээд зогсохгүй намд санал өгөх шаардлагатай. Зөвхөн хэдэн хүний нэр дугуйлчхаад гараад явчхаж болохгүй гэсэн үг. Сонгогч бид 2012 оных шиг тойрогт хуваарилсан мандатын тоогоор нэр дэвшигчдэд санал өгөхөөс гадна дэмжиж буй нам, эвслээ жагсаалтаас сонгох юм. Үндсэндээ санал өгөх зарчим нь 2012 оныхоос өөрчлөгдөөгүй ч өнгөрсөн сонгуульд 14 нам, гурван эвсэл оролцож байснаар багцаалбал шаггүй урт дараалал үүсэх нь. Нам, эвслийн тэр олон нэрэнд төөрч, будилж байхаар АН, МАН ба бусад намын эвсэл гэж хараад сонголт хийвэл төвөггүй биш гэж үү. Хамгийн гол нь ирэх сонгуулийг холимог хувилбараар явуулж, нам, эвслийн жагсаалтаар 48, тойргоос 78 гишүүнийг УИХ-д сонгоно. Жагсаалтаар сонгохтой холбоотойгоор УИХ-д суудал авах босго нь нам дангаар оролцвол санал өгсөн сонгогчдын дөрвөн хувиар тогтоогоод буй. Харин хоёр нам бүхий эвслийн тухайд тав, гурав буюу түүнээс дээш нам эвссэн бол долоо буюу түүнээс дээш хувийн санал авсан байх шаардлагатай. 35 нам нэгдэж оролцвол долоон хувийн босго давах ёстой гэсэн үг. 2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулахдаа таван хувийн босго тавьсан бөгөөд үүнийг таван нам давсан түүхтэй. Тэдгээрээс нэг нь эвсэл байсан бөгөөд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар долоон хүн УИХ-д орж ирсэн билээ. Бүхэлдээ мажоритар тогтолцоогоор явуулсан 2020 оны сонгуулийн дүнгээс харвал одоо үйлчилж буй хамгийн бага буюу дөрвөн хувийн босгыг МАН, АН хоёр л давахаар байгаа юм. Хэдийгээр өмнөх сонгуулиудаас өндөр шаардлага тавигдаж буй ч эвслийн хувьд тус тусдаа орсноос илүү санал цуглуулах боломжтой.
“Сонгуульд амжилттай оролцох, эсэх нь ямар эвсэл вэ гэдгээс ихээхэн хамаарна. Жишээ нь, тойргийн хуваарилалт зэргээс шалтгаалан АН-ынхан хэдхэд хуваагдахыг үгүйсгэхгүй. Одоо ч хуваагдчихсан л байгаа шүүдээ. МАН-ынханч тэр адил. Урьд нь сөрөг хүчнийг байхгүй болгохын тулд л эвсэл байгуулж ирсэн. Ийм зорилготой байгуулсан эвслийг одоо сонгогчид хүлээж авахгүй. Сөрөг хүчингүй бол ардчилсан тогтолцоо ажилладаггүйг өнгөрсөн найман жилд хангалттай харлаа шүүдээ. Өнгөрсөн хугацаанд АН сөрөг хүчний үүргээ биелүүлсэнгүй”.
Гэхдээ эвсэл байгуулах нь манай улс төрийн түүхэнд тийм ч шинэ үзэгдэл биш. Өнгөрсөн найман удаагийн бүх сонгуульд намууд эвсэл болон оролцож ирсэн ч тэд тэгтлээ амжилт үзүүлээгүй нь үнэн. УИХ-д суудал авчхаад салж сарнидаг таагүй өв үлдээснийг мартах аргагүй. Нэг хүний, гэр бүлийн, компанийн, ердөө л цаасан дээр нэр нь байдаг, тамгыг нь сонгуулиар л хэрэглэдэг намууд “амилж”, нэгдсэн бодлого, удирдлагагүйгээр эвслийн нэр зүүж ирснийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Манлайлагч ч үгүй, эв нэгдэл ч байхгүй эвслүүдийг өөр өөрийн, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн байгуулж байсан нь АН, МАН гэх хоёрхон хүчинтэй байх хөрс суурь болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч төрийн эрх барих дээд байгууллагад эвслийн нэрээр орж ирсэн хүмүүс нь хариуцлагагүй, хувийн эрх ашгаасаа цаадхыг харж ажиллаж чадаагүй. Энэ сонгуульд эвсэл байгуулж оролцох хүмүүст ийм алдааг давтах эрх байхгүй. Тиймээс “Сант марал” сангийн захирал, судлаач Л.Сумати энэ тухайд “Сонгуульд амжилттай оролцох, эсэх нь ямар эвсэл вэ гэдгээс ихээхэн хамаарна. Жишээ нь, тойргийн хуваарилалт зэргээс шалтгаалан АН-ынхан хэд хэд хуваагдахыг үгүйсгэхгүй. Одоо ч хуваагдчихсан л байгаа шүү дээ. МАН-ынхан ч тэр адил. Урьд нь сөрөг хүчнийг байхгүй болгохын тулд л эвсэл байгуулж ирсэн. Ийм зорилготой байгуулсан эвслийг одоо сонгогчид хүлээж авахгүй. Сөрөг хүчингүй бол ардчилсан тогтолцоо ажилладаггүйг өнгөрсөн найман жилд хангалттай харлаа шүү дээ. Өнгөрсөн хугацаанд АН сөрөг хүчний үүргээ биелүүлсэнгүй” хэмээснийг энд зориуд эшлэе.
Нөгөө талаас сонгуулийн жил хэдийн эхэлж, хуульд заасан цаг хугацааны “тоолуур” гүйж байгаа тул намууд эвсэж, нэгдэхдээ ажил хэрэгч, шуурхай бөгөөд бодитой хандах нь чухал. Эвслээ гэхэд тэд бодлого, үйл ажиллагаагаа юунд чиглүүлэхээ албан ёсоор зарлаж, мөрийн хөтөлбөр болгон хүргүүлэхээс авхуулаад амжилттай оролцохын тулд хийх шаардлагатай олон ажил бий.