Улс төрийн голлох хоёр намын хувьд тойрогт болон жагсаалтаар нэр дэвшүүлэх хүмүүсээ хэлэлцэж, үндсэн “хар зураг” нь гарчхаад буй гэхэд болно. Харин гуравдагч хүчний ихэнх намын хувьд яриа хэлэлцээ үргэлжилж байгаа. Тэд эхний ээлжид аль намтай эвсэх, нэгдэхээ шийдэх учиртай. Энэ удаа сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүн сонгоно. Үүнээс бүсчилсэн, том тойргоос сонгох 78 төлөөллийг онцлон авч үзье. 3-4 аймгаас бүрдэх бүсчилсэн тойргийг сурталчилгааны 18 хоногт тойрч, мөрийн хөтөлбөр, бодлого, үзэл бодлоо таниулах амаргүй, бараг боломжгүй. Тиймээс хэдийн танигдсан улс төрчдөд илүү боломж олдоно гэдгийг судлаачид хэлж байна. Боловсон хүчний нөөц харьцангуй сайн МАН, АН-ын хувьд ч Сонгуулийн тухай өөрчилж баталсан хуульдаа “баригдан” зарим тойрогт олны танил “дүр”-ийг сойх болно. Ийм эрэлд намууд том, жижиггүй гараад байна. Сонгогчдын саналыг татахуйц олны танилуудыг сойж, парламент дахь суудлаа нэмэх нь л тэдний хувьд чухал учраас тэр. Уг нь мэргэжлийн парламент бүрдүүлэхэд л тэд анхаарах учиртай баймаар.
СОНГОГДСОН ОЛНЫ ТАНИЛУУДЫН АЖИЛ-ТОВЧЛУУР ДАРАХ
Нийтэд танигдсан жүжигчин, дуучин, бөх, сэтгүүлч эрхмүүд энэ удаагийн сонгуульд илүү олноор нэрээ дэвшүүлэх биз ээ. Сонгуулийн тухай хуулийн нөхцөл байдал нь ч үүнийг “шаардаж” буй юм. Эдгээр эрхмээс цөөнгүй нь сонгогдоно. Гэвч тэд парламентын гишүүн болоод юу хийдэг вэ. Амьдралд хэрэгтэй, асуудал шийдсэн хууль санаачлан батлуулж, түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө тууштай зүтгэдэг үү. Өмнөх найман удаагийн сонгуулиар ч намууд олны танил хүмүүсийг нэр дэвшүүлж, улмаар парламентад сонгосон туршлага бидэнд бий.
Бөхчүүд. Б.Бат-Эрдэнэ гишүүн ард түмэндээ хайрлагдсан аваргын хувиар улс төрд “босоо” яваа. Хэнтийчүүд хайртай бөхөө таван сонгууль дараалан сонгоод байна. Зургаа дахь удаагаа сонгохыг ч үгүйсгэхгүй. Хотын захирагчийн суудлаасаа “ногоон автобусны хэрэг”-ээр ёс зүйн хариуцлага хүлээн огцорсон Д.Сумъяабазар уг жагсаалтыг удаална. Тэрбээр 2013, 2016, 2020 онд гурвантаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон туршлагатай. Сүүлийн удаа сонгогдсоныхоо дараахан хотын захирагч хийхийн тулд УИХ-ын гишүүний албан тушаалаасаа татгалзсан юм. Парламентад бөхчүүдийг төлөөлсөн удаах хүн нь А.Сүхбат. Тэрбээр 2016-2020 оны УИХ-ын гишүүн байв. Эдүгээ “босоо” бөхөөс гадна улсын гарьд цолтойгоор зодог тайлсан Ц.Цэрэнпунцаг хэмээх гишүүн манай парламентад ажиллаж буй. Хүндлэгдсэн бөхчүүд гэдгээс нь гадна Б.Бат-Эрдэнэ гишүүн Цэргийн дээд сургуулийг эрх зүйч, Ц.Цэрэнпунцаг гишүүн ШУТИС-ийг автомашин ашиглалтын инженер мэргэжлээр дүүргэснийг уншигч та мэдэх үү. Харин Д.Сумъяабазар ШУТИС-ийн Компьютер, техникийн менежментийн сургуулийг төгссөн юм билээ. Үндэсний бөхөөс гадна сүмогийн ертөнцөд эх орныхоо нэрийг гаргаж, танигдсан Д.Батбаяр нэрэндээ албан ёсоор Кёкүшюзан цолоо нэмж бичүүлэн ялгарснаар 2008 онд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин сонгогдсон түүх бий.
Нэг парламентад л ажилласан А.Сүхбат, Д.Батбаяр, Ц.Цэрэнпунцаг нар “суралцсаар” бүрэн эрхээ дуусгасан болов уу. Учраа бүрэн олсон гэдэгт нь ч эргэлзэж байна. Харин 3-5 удаа сонгогдсон учраас Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар хүссэн, хүсээгүй мэргэшиж буй биз. Хууль хэрхэн боловсруулдаг, ямар шат дамжлагаар яаж хэлэлцэж баталдгийг гурваас дээш сонгогдсон гишүүн мэдэхгүй бол алдас болно. Гэвч тэд онцлох хуулийн автор болсонгүй. Б.Бат-Эрдэнэ гишүүн Ёс зүйн дэд хороо болон Хууль зүй, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга хийж л үзэх шив.
Сэтгүүлчид. Үзэг нэгт ах, эгч нар маань хэзээнээсээ хууль тогтоогчдын бүрэлдэхүүнд багтаж, түрүүчээсээ Төрийн тэргүүн ч хийж явсан. Гэвч Ц.Элбэгдорж гуайгаас өөрөөр сэтгүүлчдийн нэрийг улс төрд тахалсан хүн олон биш байна. Мөн “25 дугаар суваг” телевизийн захирал, сэтгүүлч З.Алтай 2008 онд бие даан өрсөлдөөд сонгогдсон. Гэвч намгүй ганц гишүүний үүрэг тэнд байхгүйг ухамсарлаад дууссан юм даг. 2012 онд МҮАН, МАХН-ын “Шударга ёс” эвслээс сэтгүүлч Г.Уянга мөн сонгогдон ажилласан. Жагсаал цуглаан хийж, эрх баригчдын буруу булхайг шүүмжилж явсан цогтой сэтгүүлчийг парламентын гишүүн болоод энэ эрчээрээ үзүүлээд өгөх болов уу гэсэн ч тийм байгаагүй. Гэхдээ өнөөдрийн зарим сэтгүүлч гишүүний хажууд үзэл бодлоо хурцхан илэрхийлчихдэг байсныг нь үгүйсгэхгүй. Тэгвэл одоогийн парламентад сэтгүүлч мэргэжилтэй, мөн манай салбарын гэж болохоор хэд хэдэн гишүүн бий. Юуны өмнө ТВ5 телевизийн захирал асан, сэтгүүлч Д.Сарангэрэл 2012 оноос хойш гурвантаа парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрбээр дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Эрүүл мэндийн сайдаар ажилласан, гэвч хангалттай үнэлгээ авч чадаагүй юм. Мөн сэтгүүлч М.Оюунчимэг хоёронтоо сонгогдоод байна. Буруу, зөрүү хэлсэн үгээрээ л олны ярианы сэдэв болдгоос өөрөөр улс төрчийн хувьд ахисан зүйл түүнд үгүй гэхэд буруудахгүй. Жагсаалтыг зохиолч, сэтгүүлч Г.Мөнхцэцэг, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгчийн дүрээр танигдсан П.Анужин, “Ийгл” телевизийн хөтлөгч байсан Б.Жаргалмаа нар үргэлжлүүлнэ. Гэвч эдгээр бүсгүйчүүд “хэлгүй” гишүүний тоог нэмээд л сууж байна.
Дуучид. Урлагийн салбараас улс төрд тийм ч олон хүн сонгогдоогүй байж мэднэ. Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай 1992 оны парламентад Өвөрхангай аймгаас сонгогдсон түүх бий. Гэвч тэрбээр улс төрд идээшээгүй гэдэг. Төрийн ордны нэгдүгээр давхарт байрлах өрөөндөө төгөлдөр хуураа авчруулчхаад, боломж л олдвол хөгжим эгшиглүүлж суудаг байсныг нь тухайн үеийн улс төрчид, парламентын сэтгүүлчид дурсдаг. Улс төр бол урлагаас огт өөр ертөнц. Тиймээс тэрбээр 1993 онд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс татгалзсан байдаг. Үүний дараах олны танил урлагийн хүн бол Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан. Тэрбээр 2016 онд Баянзүрх дүүрэгт бие даан өрсөлдөөд УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. 2009 оноос л улс төрд хүч үзэж, сонгуульд нэрээ дэвшүүлж эхэлснийхээ үр дүнг үзсэн болохоор замын голоос буцсангүй, бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан. Бас манай сэтгүүлч бүсгүйчүүдийг бодвол аливаа асуудлаар байр сууриа илэрхийлж, амьд байгаагаа мэдэгддэг гишүүн байлаа. Төрийн ордон дахь өрөөндөө тэрбээр өлсгөлөн зарласан ч бие даагч ганц гишүүний үг элс рүү ус цацах мэт л үнэгүй өнгөрсөн юм даг. Мань эр гандан буурахгүй, удахгүй болох сонгуульд дахин хүч үзэх сурагтай байна лээ. Гэвч ямар нэг нам, эвсэлд харьяалагдаггүй л бол үр дүн гардаггүйг эрхбиш ойлгосон биз ээ.
Тухайн тухайн салбартаа амжилт гаргаж, олон нийтэд танигдсан, хүндлэгдсэн эрхмүүдийн олонх нь улс төрд орохоороо “хэлгүй” мэт болж, намынхаа даалгавраар ирц бүрдүүлж, товчлуур дарах үүрэг гүйцэтгэдэг нь нууц биш. Олон удаа сонгогдсон байлаа гээд чадварлаг улс төрч болж, цойлсон хүн бараг гарсангүй. Тэгэхээр тэд намдаа суудал авч өгөх, дараа нь товчлуур дарах л үүрэг гүйцэтгэдэг болж таарч байна.
МЭРГЭЖЛИЙН ХҮН ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ
Улс төрч гэдэг мэргэжил байхгүй. Гэвч сонгогчид шударга, мэргэжлийн, ёс зүйтэй улс төрчдөөр парламент бүрдээсэй гэж хүсдэгийг судалгаанууд харуулдаг. Тэгсэн атлаа сонголт хийхдээ хайртай бөх, олны танил сэтгүүлч, дуучин, жүжигчнээ сонгоод байдаг зөрчилтэй. Тэгвэл мэргэжлийн улс төрч гэдэгт яг хэнийг, ямар туршлага, мэдлэг, мэргэжилтэй хүнийг ойлгох вэ гэсэн асуулт гарна. Үндсэн хуульдаа бид 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай хэн ч сонгогдох эрхээ эдлэх боломжтой хэмээн тунхагласан. Тэгэхээр мэргэжил үл харгалзан хэн ч сонгуульд нэрээ дэвшүүлж болно. Гэхдээ парламент бол тайз, эсвэл дэлгэц биш, тэнд хууль тогтоож, бодлого боловсруулдаг. Тиймээс тодорхой шалгуур хангасан хүмүүсийг улс төрийн намууд нэр дэвшүүлж, сонгогчид ч үүнд тэнцсэнийг нь сонгодог болох цаг ирсэн. Тэгэхээр ямар шаардлага хангах вэ.
Юуны өмнө ёс зүйн шалгуур тавих нь зөв. Аливаа хууль бус явдал, гэмт хэрэгт нэр холбогдоогүй байх учиртай юм. Мөн бие засаад гэрээ зассан байх шалгуур бий. Манай парламентын гишүүд эр, эмгүй уг шалгуурт их бүдэрдэг. Гэр бүлээс гадуур харилцаа үүсгэх, хэн нэгний сайн ах, эгч болдог нь илчлэгдэхээс эхлээд ёс зүйн шүүлтүүрээр оруулбал тэнцэх хүн цөөрнө. Биеэ засахыг хувь хүний төлөвшлөөс гадна боловсрол, мэдлэг эзэмших, төрийн ажлын болон тухайн салбарынхаа зовлон, жаргалыг туулж, туршлагажихтай холбож болно. Биеэ засаад гэрээ зассан бол сая төрөө засах үйлсэд хувь нэмрээ оруулах тухай боддог болмоор байна.
Уг нь сум, дүүргийн ИТХ-д сонгогдон ажиллахаас улс төрчийн карьер эхэлдэг бичигдээгүй дүрэм бий. Аливаа шийдвэрийг хэрхэн гаргадаг арга барил, дүрэм журамд тэнд суралцдаг юм. Дараа нь аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын ажлыг хийж, хэсэг бүлэг хүний ахуй амьдралыг шийдэхүйц оновчтой, зөв шийдвэр гаргахад суралцана. Үүний дараа улсын хууль тогтоох байгууллага-парламентад гайгүй сайн төлөвшсөн, туршлагажсан хууль тогтоогч болж бэлтгэгдэн ирэх учиртай. Яг ийм шалгуураар явдаг, явж буй хүмүүс мэдээж бий. Дээр дурдсан бөх гишүүдээс Д.Сумъяабазар энэ шатыг дутуу хагас боловч дамжсан байдаг. Тэрбээр эхлээд нийслэлийн ИТХ-д дөрвөн жил төлөөлөгчөөр ажилласны дараа УИХ-ын гишүүн болсон юм. Харин сэтгүүлч, урлагийнханд ийм дүрэм үйлчилж байсангүй. Мөн дээр дурдсанчлан олны танил дүр төрх, эсвэл улс төрч аав, ээж, ах, эгчийнхээ нэр нүүрээр шууд “дээрээс” орж ирдэг нь олон. Улс төрийн намын дарга нар нэг суудал илүү авъя гэсэн жижиг эрх ашгаас улс орныхыг илүүд үзэж, нэр дэвшүүлэхдээ дээрх шалгууруудыг харгалзах учиртай юм. Мэргэжлийн, төлөвшсөн, ёс зүйтэй улс төрчид олноор сонгогдож байж нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдэж чадна.
Манай парламентад хуульч, эдийн засагч мэргэжилтэй хүмүүсийг түлхүү сонгодог. Тухайлбал, 1992-2020 оны парламентад хуульч, эдийн засагчид хамгийн багадаа 28.8, ихдээ 50 хувийг эзэлж байжээ. БНХАУ зэрэг орны парламент, төрийн өндөр удирдах албан тушаалд инженер мэргэжилтэй, чадварлаг боловсон хүчнүүдээ түлхүү сонгож, томилдог. Инженерийн сэтгэлгээ, чадвараар улс орны хөгжлийг илүү даацтай, тулхтай бодож боловсруулдаг, түүнийгээ хэрэгжүүлдэг ч гэдэг. Тэгвэл инженер гишүүдийн эзлэх хувь 2000-2012 онд 30 хувь давж өссөн ч 2020 оны сонгуулиар 15 болж буурсан байх юм. Мөн багш нарыг ч иргэд нэлээд сонгодог. Олонд танигдсан хүмүүс учраас парламент дахь сэтгүүлч, зохиолчид илүү нүдэнд тусдаг хэдий ч тэд 6-7 хувиас илүүг эзэлж байгаагүй аж. Хэдийгээр эзэмшсэн мэргэжил чухал ч үүнийг шууд гол шалгуур болгон авч үзэх нь бас өрөөсгөл юм. Ялангуяа манай улсад их, дээд сургуулийн дипломыг олон аргаар авч болдог. Инженер, хуульч мэргэжлийн дипломтой ч ажлын бодит туршлага, чадваргүй түшээ хэд бийг санах хэрэгтэй. Тиймээс зөвхөн шат шатны ИТХ-аар дамжих биш, тухайн салбартаа доод шатнаас эхлэн ажиллаж, асуудал, бэрхшээлийг нь даван туулсан, “чанагдаж” төлөвшсөн эрхмүүдийг л намууд нэр дэвшүүлж, иргэд сонгодог байх сан. Парламент бол улс төрч бэлтгэдэг дамжаа, сургалтын газар биш. Гэтэл “ногооноороо” орж ирээд дөрвөн жилийн турш суралцсаар дуусдаг жишиг хавтгайраад байна. Тэдэнд хууль боловсруулж, батлах, оновчтой бодлого гаргаж, сонгосон төлөөллийнхөө эрх ашгийн төлөө ажиллах сэтгэл, ухамсар суулгахад татвар төлөгчдийн мөнгө, цагийг зарцуулах ёсгүй юм.