Монголчууд сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, бүгд л ахмад настнаа “эрэн хайхад” хүрлээ. Цагаан сарыг угтан байгууллага бүр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх нэрээр ул боов, гарын бэлэг тараадаг уламжлалтай. Ялангуяа удахгүй болох сонгуульд нэр дэвших горилогчид эл баярыг далимдуулан өндөр настнуудыг баярлуулсан нэр зүүж, далд сурталчилгаа хийгээд ч амжлаа. Монголчуудын ахмад настнууддаа үзүүлдэг хүндэтгэл, хүндлэл, нийгмийн үйлчилгээ нь энэ мэтхэнээр л хязгаарлагдаж байгаа гэхэд буруудахгүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн сар шинийн баяр, сонгуулиар л өндөр настнуудаа санадаг, харин бусад үед нь ор тас мартаж, нийгмийн хамгийн идэвхгүй бүлэг болдог. Үүний цаана өндөр настнуудад тулгамдсан суурь асуудлууд орхигдож, анхаарлын гадна үлдсээр байна. Тэр дундаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх тэдний эрх зөрчигдсөөр буй юм.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАДАГ
“Хөдөөний хүмүүсийг навсайгаад гэж хэлж байгаа хүнийг харсан. Үйлчилгээний байгууллагууд ахмадуудыг гаднах төрхөөр нь ялгаварлан харьцаж байна. Их эмч нь хүртэл тэгж хандаж байсан” гэж Ховд аймгийн Жаргалант сумд оршин суудаг ахмад настан ярьжээ. Энэ бол Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ыхны, ахмад настны эрхийн судалгаа хийх үедээ уулзсан хүний үг. Үүнийг ганцхан хүний яриа төдийхнөөр ойлгох нь өрөөсгөл. Дээрхтэй адил бэрхшээлтэй тулгарч үзээгүй ахмад настан манайд тун цөөн.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр манай улсын хүн амын 8.6 хувийг ахмадууд эзэлж байгаа. Улсын хэмжээнд 380 000 гаруй өндөр настан оршин сууж буй аж. Тэдэнд тулгамдсан асуудлуудыг тодорхойлох зорилгоор нийслэлийн есөн дүүргийн гэр хороололд амьдарч буй 600 иргэнийг төлөөлөл болгон хамруулсан судалгааг ХЭҮК-ынхон хийжээ. Эл судалгаанд оролцогч таван ахмад тутмын нэг нь ялгаварлан гадуурхалтад өртдөг гэсэн байна. Ялангуяа олон нийтийн болон үйлчилгээний газар, дэлгүүр, банк, автобус, эмнэлгээр үйлчлүүлэхдээ ялгаварлан гадуурхалтад өртдөг гэдгээ өндөр настны төлөөлөл онцолжээ. Тэднийг зөвхөн насаар нь бус, гадаад үзэмж, амьжиргааны түвшин, хөгжлийн бэрхшээл, хүйсээр нь ч давхар ялгаварлан гадуурхдаг гэнэ. Өндөр настнуудаа тоодоггүй, хүндэтгэлгүй ханддаг, ялгаварлан гадуурхдаг тохиолдол бүх салбарт ажиглагдсан байна. Уг нь манай улс Үндсэн хуульдаа “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан. Харин эл заалт ахмад настнуудад үйлчлэхгүй байгаа нь харамсалтай.
ӨНДӨР НАСТНУУД ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХГҮЙ
Нас бол тоо гэж тодорхойлох хүн цөөнгүй байдаг. Эсрэгээрээ нас өндөр байх нь нийгмийн харилцаанаас шахагдах шалтгаан болно гэсэн ойлголт бат суусан хэсэг ч бий. Ялангуяа хөдөлмөрийн харилцаанд энэ нь илүүтэй ажиглагддаг. Жишээ нь, зарим аж ахуйн нэгж, байгууллага ажлын байр зарлахдаа насны дээд хязгаар заасан хэвээр байгаа.
Хөдөлмөрийн зах зээлд иргэдийг насаар нь ялгаварлан гадуурхсаар буйг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-наас хийсэн судалгааны үр дүн ч илтгэж байна. 55-59 насныхан хөдөлмөрийн зах зээлд ялгаварлан гадуурхагдах тохиолдол хамгийн их байдгийг тус яамныхны судалгаагаар тогтоосон гэнэ. Мөн зөвхөн ахмад настай гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлж, тэтгэвэрт гаргахыг урьтал болгодог, өндөр настнуудыг асрамж, халамж хүсэгчид мэт хандах тохиолдол гарсаар буйг дээрх судалгааны тайланд дурджээ.
Түүнчлэн Ахмадын холбооныхны хийсэн судалгаагаар ч ахмадууд өндөр настай гэдэг шалтгаанаар ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгааг тодорхойлсон гэнэ. Тухайлбал, тэтгэвэрт гарсан хүмүүсийн 67.5 хувь буюу 180 000 гаруй нь ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байдаг аж. Гэтэл тэднээс дөнгөж таван хувь буюу 9000 гаруй нь л тогтмол хөдөлмөр эрхэлж байгааг дээрх холбооныхон илрүүлжээ. Гол шалтгаан нь өнөөх л нас буюу ахмад хүн ажил хийх чадвар сул гэсэн хэвшмэл ойлголтоосоо салж чадаагүй байдгаас улбаатай гэнэ.
“ХОРИОТОЙ” ХУУЛИУД
Хүн бүр адил эрхтэй бөгөөд энэхүү тэгш боломж нас ахих тусам хязгаарлагдах ёсгүйг манай улс хууль, эрх зүйн орчиндоо хангалттай тусгажээ. Гэвч бодит байдалд ахмадууд нийгмээс тусгаарлагдах, тэгш эрхээ алдах, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд өртөх тохиолдол гарсаар байгааг өмнө дурдсан жишээнүүд нотлох биз ээ. Үндсэн хуулиас гадна Эрүүгийн, Зөрчлийн, Ахмад настны, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Жендерийн эрх тэгш байдлыг хангах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн, Гамшгаас хамгаалах, Нийгмийн халамжийн, Хөдөлмөрийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжоор ахмад настныг ялгаварлан гадуурхах, дарамт хүчирхийллээс хамгаалахад чиглэсэн зохицуулалтуудыг тусгасан байдаг аж. Жишээ нь, ахмад настныг нийгмийн идэвхтэй гишүүн байлгах, эрүүл мэндийн үйлчилгээг нь сайжруулах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл насжилтыг дээдлэх, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэх зэргийг дээрх хууль тогтоомжуудад дурдсан гэнэ.
Тэр дундаа Ахмад настны тухай хуульд өндөр настнуудын хөдөлмөрлөх, эрүүл мэндийн үйлчилгээ авах, хүчирхийллээс ангид байх зэрэг бүх эрхийг нь хамгаалах чиглэлээр маш тодорхой заалтуудыг тусгажээ. Жишээ нь, тус хуулийн 6.10-т “Гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч нь ахмад настныг нийгмээс тусгаарлах, ялгаварлан гадуурхах, нийгмийн харилцаанд оролцоход нь саад учруулах, хязгаарлах, түүнийг хөгжих, асран сувилах үйлчилгээнд хамруулахаас зайлсхийхийг хориглоно” хэмээн заасан байна. Гэтэл гэр бүлийнхэн нь ч тэднийг ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх тохиолдол гарсаар байгааг ХЭҮК-ынхон тогтоосон аж.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИД
“Биеийн гэхээсээ илүү үл хайхрах хүчирхийлэл маш их байдаг. Жишээлбэл, нэг эмээ “Эмнэлэгт байна, миний нуруу хугарчихлаа” гээд хүүхэд рүүгээ ярихад “Тэгээд би яах юм, завгүй байна” гэж хариу хэлж байсан. Гэр хороололд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй нэг хөгшин тэтгэврээ авах гэж хоёр буудлын цаана байдаг банк руу өдөржин явдаг тохиолдлыг мэднэ” гэж ХЭҮК-ын судалгаанд оролцсон, Геронтологийн үндэсний төвийн эмч яриандаа дурджээ. ХЭҮК-ын судалгаанд оролцсон ахмадууд ч ийм маягаар үл хайхрах хүчирхийлэлд хамгийн их өртдөг гэсэн байна. Тухайлбал, халамж анхаарал тавихгүй, асрахгүй, тусламж, дэмжлэг үзүүлэхээс татгалзах, хүсэж, сонирхдог зүйлийг нь хязгаарлах, үг хэлээр доромжлох, хашхичиж загнах зэрэг нь хамгийн их тохиолддог гэжээ.
Цаашлаад өндөр настай иргэд хүчирхийлэлд өртөх тохиолдол улам нэмэгдсээр байгааг ХЭҮК-ынхон онцолсон байна. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон ахмад настны тоо 2021 онд 632 байснаа дараа жил нь 968 болж, 34.8 хувиар нэмэгджээ. Дээрх судалгаа нь зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас төрийн болон төрийн бус байгууллагад хандсан хүний тоо аж. Үүний цаана ямар нэгэн байгууллагад хандаагүй, хаана хандахаа мэдэхгүй хэдэн ахмад бий нь тодорхойгүй бөгөөд энэ чиглэлээр манайд судалгаа хийж байгаагүй гэнэ.
Өмнө дурдсан бэрхшээлүүдийг цаашид яаж шийдэх вэ, ямар гарц, гаргалгаа байна вэ гэсэн асуулт бидний өмнө тулгарна. Тэгвэл энэ талаар ХЭҮК-ын хувьд “Насаар ялгаварлан гадуурхалтын эсрэг оновчтой бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй. Тэр дундаа ахмадын талаарх нийгмийн сөрөг хандлагыг өөрчлөх, энэ чиглэлээр ухуулан таниулах болон сурталчлах ажлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулах боломжтой. Ахмадын болон хүүхэд, залуучуудын байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай” гэсэн зөвлөмж гаргасан байна. Түүнчлэн ахмадууд нийгмийн олон сөрөг “дайралт”-уудтай тулгардаг учраас тэдний сэтгэл зүйн асуудалд анхаарах шаардлагатайг олон улсад хэдийн хүлээн зөвшөөрөх болсон. Тиймээс энэ чиглэлээр мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулж, ахмадууддаа анхаарах шаардлага зүй ёсоор тулгарч эхэлснийг холбогдох байгууллагынхан, эрх бүхий хүмүүс нь ойлгоосой.
Бэлтгэсэн М.Оч