Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” наадмын бүртгэлийг энэ сарын 26-29-нд зохион байгуулахаар болжээ. Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын дагуу уг наадмыг жил бүр зохион байгуулдаг. Энэ нь соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилготой. Үүний хүрээнд тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, жүжигчин, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, хөгжимчин, дуучин, бүжигчин зэрэг төрөл тус бүрд нэг шилдэг уран бүтээлчийг шалгаруулна. Түүнчлэн соёлын өвийн, ном, хэвлэлийн, дуу хөгжмийн, тайзны, киноны урлаг зэргээр соёлын салбар бүрийн шилдэг нэг уран бүтээлийг шалгаруулдаг уламжлалтай. Эдгээрт өрсөлдөх уран бүтээлч болон бүтээлүүдийг дээр дурдсан хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт бүртгэх юм байна.