Бид зарим тохиолдолд музейг хэт уламжлалт хэв маягтай, зөвхөн танин мэдэхүйн зориулалттай үзмэр хадгалах газар гэж ойлгодог бол орчин үеийн музей цаг үе, мөч бүрд тохируулан олон төрлийн танин мэдэхүйн ач холбогдолтой шинэлэг арга хэмжээ, түр үзэсгэлэнг дэглэн гаргадаг. Үүгээр ч зогсохгзй болзоход ч мөн тохиромжтой орчин бүхий газар болон хөгжиж байна. Музей нь олон нийтийн нийгэм соёлын боловсролыг дээшлүүлдэг, соёлын өвийг хадгалан судалж, арвижуулан түгээн дэлгэрүүлдэг газар бөгөөд музейд болзсоноороо байгаль дэлхийг таньж мэдэх, хайрлан энэрэх болон байгалийн түүхийн шинжлэх ухааны ач холбогдолтой маш өргөн сэдвийн хүрээнд харилцан яриа өрнүүлэх боломжтой билээ. Иймд Байгалийн түүхийн музейд болзон олон шинэ зүйлийг танин мэдэж, гоо зүйн таашаал аван нэгэн өдрийг сонирхолтой өнгөрүүлэх боломжтой юм шүү.
Ингээд байгалийн түүхийн музейд болзох таван шалтгааныг танилцуулъя.
1. Музей нь бодож байгаагаас илүү романтик газар.
Болзооны уур амьсгалыг бүрдүүлэгч гол хүчин зүйлсийн нэг бол мэдээжийн хэрэг болзож буй газрын орчин бөгөөд музейн бүдэг гэрэлтэй, нам гүм , танхим бүрийн шилжилт нь нэг цаг үеэс нөгөө цаг үе рүү шилжиж буй мэт орчин таны болзоог яахын аргагүй тайван бөгөөд романтик уур амьсгалаар дүүргэх болно. Болзооныхоо төгсгөлд музейн 1 давхарт байрлах кофе шоп-д халуун кофе уунгаа Тусгаар тогтнолын талбайд тоглох хүүхдүүд, зөрж өнгөрөх хүмүүсийг ажиглан дулаахан яриа өрнүүлэх ч бас муугүй шүү.
2. Болзож буй хүнээ таньж мэдэхэд тохиромжтой газар.
Музей нь байгалийн түүхийн олон талын өргөн мэдээлэл олгох соёл, чөлөөт цагийн орон зай болохын хувьд яахын аргагүй болзох таатай орон зай бүрдүүлсэн газар байдаг бөгөөд болзоот бүсгүй/залуугийнхаа аль үзмэр дээр илүү тогтож байгаа зэргийг ажиглан түүний ямар сонирхолтой төдийгүй дотоод ертөнцтэй ч танилцах боломжтой юм. Аль нэг үзмэрийн өмнө зогсоод өөрийн үнэн мэдрэмжээ илэрхийлэнгээ “Энэ чамд ямар мэдрэмж төрүүлж байна вэ?” гэж асуун харилцан нэгнээ таньж мэдээрэй. Хэн мэдлээ зөвхөн эсрэг хүйстнээ гэлтгүй магадгүй өөрийнхөө анзаараа ч үгүй байсан сонирхлоо та эндээс олж мэдэх ч юм билүү.
3. Боломжийн үнээр болзох боломжтой газар.
Болзоо бүр тансаг зэрэглэлийн өндөр өртөг зарцуулсан байх албагүй бөгөөд хоёр талын сэтгэлд нийцэж байх аваас тэр нь хосуудад үнэ цэнтэй болзоо билээ. Тэгвэл та 15000 төгрөгөөр хүссэн хугацаагаараа Байгалийн түүхийн музейгээр аялах боломжтой ба хэрэв оюутан бол ердөө 3000 төгрөгөөр маш сонирхолтой болзоо зохиох боломжтой.
4. Өөрийгөө харуулан сайхан анхны сэтгэгдэл, дурсамж үлдээх боломж.
Музей танд өөрийн ухаалаг төрх , эерэг хандлага болон мэдлэгээ харуулах боломж олгох бөгөөд үүнийг та зөвөөр ашиглаж чадах аваас болзоот бүсгүй/залуудаа маш сайхан анхны сэтгэгдэл үлдээх болно. Гэхдээ битгий буруугаар ойлгоорой та музейд болзохын тулд заавал түүх, шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй байх албагүй бөгөөд зүгээр л аль нэг үзмэрийн бяцхаан хэсгийн талаар өөрийн мэддэг зүйлсээ хуваалцахад л хангалттай.
Харин ганц л зүйлийг сануулж хэлэхэд хэт их мэдэмхийрэн ярих аваас эсрэгээрээ сөрөг сэтгэгдэл төрүүлэх магадлалтай учраас хэтрүүлэх хэрэггүй шүү болзоот бүсгүй/залуудаа ч мөн өөрийгөө илэрхийлэх боломж олгоорой. Гайхалтай болзоондоо лекц унших биш харин харилцан ярианы нэг хэсэг болгон мэдлэг, мэдээллээ хуваалцаарай.
5. Гоо зүйн таашаал аван шинэ содон зүйлийн талаар мэдээлэл авч болох таатай газар.