“Трансперенси интернэшнл” байгууллагаас гаргадаг авлигын төсөөллийн индексээр тухайн улсын төр засаг авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, өөгшүүлэхгүй, шударга ёсыг тогтоосон уу, ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцож чаддаг уу, авлигын талаар мэдээлэгчдийг хамгаалж байна уу, ер нь төрийн үйл ажиллагаа нь хэр нээлттэй вэ гэдгийг хэмждэг. Мөн энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг өөр бусад эрсдэлийн үнэлгээ, цаашлаад тухайн орны бизнес, хөрөнгө оруулалтын орчныг тодорхойлох үндсэн эх сурвалж, хэмжүүр болдог.
Уржигдар зарласан “Авлигын төсөөллийн индекс 2023”-аар манай улс 180 орноос 33 оноотойгоор 121 дүгээрт эрэмбэлэгдэн, өмнөх оноос таван байр ухрав. Эл индексээр Монгол Улс өмнө нь ийм муу дүн авч байсангүй. Энэ нь юуг илэрхийлж байна вэ. Монголын үзүүлэлт сүүлийн жилүүдэд тогтмол буурч буй бөгөөд 2015 оноос хойш зургаан оноо алдсан нь өнгөрсөн 10 жилд оноо нь хамгийн их доошилсон орны нэг болоход хүргээд байна. Өөрөөр хэлбэл, 2016 оноос хойш тасралтгүй эрх барьж, найман жилийн турш “Авлигатай тэмцэнэ” гэж хамгийн их шоудаж байгаа МАН-ынхны хийсэн ажил нь яагаад үр дүнд хүрэхгүй байна вэ.
Авлигын төсөөллийн индексээр өнгөрсөн нэг жилд бид оноогоо ахиулж чадаагүй төдийгүй өмнөхөөсөө байр ухрахад “World justice project” байгууллагаас гаргадаг хуулийн засаглалын индекс болон “Varieties of democracy” байгууллагын ардчиллын олон талт байдлын үнэлгээгээр манайх 2-3 оноо буурсан нь хамгийн их нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, уг индексийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн долоон эх сурвалжид тулгуурлан гаргасны хоёрт авсан оноо нь нийт үнэлгээг хойш татсан гэсэн үг. Хуулийн засаглалын индексээр төрийн албан хаагч, тэр дундаа хуулийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх үүрэгтэй, цагдаа, цэргийнхэн албан тушаалаа хувийн ашиг сонирхолд ашигладаг, эсэх талаарх мэдээллийг иргэний, эрүүгийн, нийтийн эрх зүйн чиглэлээр ажилладаг экспертүүдээс цуглуулж үнэлдэг. Харин “Varieties of democracy” байгууллагын үнэлгээгээр зөвхөн сонгууль төдийгүй ардчиллын үндсэн зарчмуудыг гол зорилгоо болгон, түүндээ хүрч буй, эсэхийг хэмждэг. Нөгөө талаас тухайн орны хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалын хэмжээнд үүссэн авлигад үнэлгээ өгч, тэдгээрийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг тооцдог аж.
Ингэхдээ зургаан индексээр үнэлдэг бөгөөд манайх өнгөрсөн онд бүх үзүүлэлтээрээ өмнөх жилээс 3-16 байраар ухарсан юм (Үүнийг “Авлигын төсөөллийн индекс-2023”-т эх сурвалж болгон ашигласан). “Varieties of democracy” байгууллага нь тайлангаа сүүлийн долоон жилийн турш танилцуулаад байгаа бөгөөд Монгол Улсын үнэлгээ 2018 оноос буюу сүүлийн таван жил тасралтгүй уруудсан юм. Тухайлбал, сонгуулийн болон сонгуулийн бус үеийн гээд улс төрийн бүхий л үйл явц дахь иргэдийн идэвхийг онцолдог оролцооны индекс (participatory component index)-ээр манай улс 2018 онд 180 орноос 74 дүгээрт бичигдэж байсан бол өдгөө 124 дүгээр байр хүртэл доошлоод байна. “Varieties of democracy” 2024 оны тайлангаа ирэх сард танилцуулах бөгөөд иргэний нийгмийн байгууллагууд, шууд ардчиллын механизм, орон нутгийн болон дээд шатны засаг захиргааны байгууллага дахь иргэдийн оролцоо, бас төлөөллийг харгалзан үнэлдэг эл индекс ахицтай гарах нь юу л бол. Учир нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Иргэний нийгмийн байгууллагуудын дэлхийн холбоо (CIVICUS) байгууллагаас гаргадаг иргэний оролцооны байдлын индексээр манай улс 100-гаас 61 оноо авч, иргэдийнх нь оролцоо “бууралттай” орнуудын ангилалд багтаж буй. Уг нь Монгол Улс 2020 он хүртэл иргэдийн оролцоогоороо “нээлттэй” ангилалд байсан ч уруудсан байрнаасаа сүүлийн гурван жилд хөдлөөгүй, ахиагүй.
“Трансперенси интернэшнл”-ийн хувьд шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцох, хяналт тавих эрх зөрчигдсөн хэд хэдэн тохиолдол манайд давтагдсаныг зөвлөмждөө онцолсон байна. Түүнчлэн УИХ хүчин төгөлдөр хууль тогтоомжоо хэрэгжүүлэхгүй, судалгаа, мэдээлэл, олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр хууль тогтоомжийн төслийг хүлээн авч, хэлэлцсэнийг дурджээ. Ер нь олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь тусгалгүй өргөн барьсан төслийг нэрлэвэл цөөнгүй. Тухайлбал, Холбооны болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газраас 2021 онд УИХ-д өргөн барьсан ч яг ийм эсэргүүцэлтэй тулгарсан тул хэлэлцүүлэг нь гацчихаад буй. Хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэхдээ Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болгох гэж байгаа бөгөөд холбоо болон сан гэсэн байдлаар тус тусад нь зохицуулахаар тусгасан эдгээр төслийг иргэний нийгмийн байгууллагууд, тэр дундаа хүний эрх, ардчиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, төрийг хянадаг, шаарддаг хэсгийнхэн асар их эсэргүүцэж, тэднээс саналыг нь сонсоогүй, оролцоог нь хангаагүй хэмээн шүүмжилсэн юм. Мөн 2022 оны сүүлчээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ яаралтай горимоор хэлэлцэн, гурав хоногт баталж, түүгээрээ “нүүрсний хулгайч” нарыг гэсгээн цээрлүүлнэ гэж сурталчилж байв. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг зарлаж, хариуцлага тооцохыг шаардан, Төв талбайг дүүртэл жагссан иргэдэд хариу барихын тулд дээрх хуулийг баталсан хэрэг. Ялыг нь чангатгалаа гээд авлигын гэмт хэрэг буурах уу, гал унтраах байдлаар ажиллаж, жагсагчдад хариу өгөхийн тулд яаран, судалж, хэлэлцүүлэлгүй баталлаа гэх шүүмжлэлийг хуульч, судлаачид бас л хэлж байв. Түүнчлэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг дурдвал хүмүүс андахгүй болов уу. Засгийн газрыг төлөөлөн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын өргөн барьсан эл хуулийг батлахад МАН-ынхан ердөө хоёр хоног зарцуулсан юм. Өнгөрсөн оны эхээр өрнөсөн хүүхдийн мөнгө тойрсон хэл ам, “Хөгжлийн банкны” гэх хэргийн сонсгол, АН-ынхан даргаа сонгосон гээд өрнүүн үйл явдлын араар баталсан эл хуульд Ерөнхийлөгч хориг тавьж, хүчингүй болгосон нь аз гэлтэй. Төслийг нь боловсруулахдаа олон нийт, мэргэжлийн байгууллага, судлаачдын саналыг огт сонсоогүй, тусгаагүй, ямар ч судалгаа хийгээгүйг нь иргэний нийгмийнхэн хүчтэй эсэргүүцсэн юм.
Улмаар ардчиллын үндсэн зарчим болох иргэдийн мэдэх эрхийг хангах, төрийн анхан шатны мэдээлэл хангалтгүй байгааг “Трансперенси интернэшнл” онцолж, холбогдох хууль тогтоомжоо бүрэн хэрэгжүүлж, хяналт, хариуцлагыг нь тэнцвэржүүлэх шаардлагатайг зөвлөж буй. Тэр тусмаа авлигын эсрэг шүгэл үлээгч, эрэн сурвалжлагч сэтгүүлчдийг хамгаалах эрх зүйн орчныг одоо болтол бүрдүүлээгүй, хуулийг нь батлаагүйг тус тайланд “Монголын топ эрсдэл” хэмээн тодотгосон байна. Ингэхдээ шүүхээс хэрэг, маргааныг шийдвэрлэхээс өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр зорилготойгоор шүүн таслах “ажиллагаа”-г зохион байгуулж байгааг “Ардчиллын үнэт зүйлс, иргэдийн мэдэх эрхэд ноцтой халдаж, эрсдэл дагуулсаар байна” хэмээн анхааруулжээ. Үнэхээр ч Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газраас 2021 онд өргөн барьснаас хойш салхи оруулсангүй. УИХ-ын ээлжит чуулганыг эхлүүлэх, хаах бүрд эл хуулийн нэрийг дурдахаас хэтрэхгүй байсаар эрх баригчид бүрэн эрхийн хугацаагаа дуусгах нь. Мөн НҮБ-ын тусгай илтгэгч Маргарет Саттертвэйт өнгөрсөн намар манай улсад ажилласан дүгнэлтээ танилцуулахдаа “Монголд нийгмийн сүлжээ нь хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тайлбар өгөх гол суваг болсныг мэдээд ихээхэн санаа зовж байлаа” хэмээсэн юм. Үнэндээ олон улсын судлаач, шинжээч, өөр бусад тайлан, үнэлгээнээс эс хамааран иргэдийн мэдэх эрх хангагдахгүй, өдөр ирэх бүр төр, үйл ажиллагаа нь иргэддээ хаалттай, өгсөн мэдээлэл нь тархи угаасан, бодит байдлаас хэт зөрүүтэй, дэндүү гоёчилж, хэлбэрт хэт анхаарсан байдал руу шилжиж буйг бид алхам тутамдаа мэдэрч байгаа шүү дээ.