Соёлын өвийн үндэсний төвөөс “Сэргээн засварлагдсан бүтээлүүд-2023” үзэсгэлэнг дэлгэсэн байна. Тус байгууллагынхан түүх, соёлын дурсгалт 165 бүтээлийг өнгөрсөн онд сэргээн засварлажээ. Үүнд тус төвийн 14 сэргээн засварлагч оролцсон байна. Сэргээн засварласан бүтээлүүдийн дотор уран зураг 41, баримал 32, даавуу, зөөлөн эдлэл 28, металл 17 багтсан байна. Түүнчлэн мод 16, арьс 11, танка 10, цаас долоо, чулуу гурав багтжээ. Тэдгээрээс 42 бүтээлийг нь сонгон “Сэргээн засварлагдсан бүтээлүүд-2023” үзэсгэлэнд дэлгэсэн аж. Соёлын өвийн үндэсний төвийн үзэсгэлэнгийн танхимд дурсгалуудыг дэлгэсэн агаад ажилчдадаа нээлттэй байдлаар үзүүлсэн байна. Тус төв ажилчдадаа дурсгал сэргээн засварлах талаар ойлголт өгөхийн тулд эл ажлыг зохион байгуулжээ. Сэргээн засварласан бүтээлүүдээ харьяалагдах газарт нь буюу ирүүлсэн газар луу нь буцаах аж. Нэг бүтээлийг сэргээн засварлахад жил гаруйн хугацаа зарцуулдаг. Гэмтлээс нь хамааран 2-3 жил зарцуулах тохиолдол ч бий гэнэ.
Бэлтгэсэн А.Үүл